x

Жоомоо алах гээд гэрээ шатаалаа гэл үү?

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн залуус Сүхийн талбай дээр гурав, дөрөв хоног жагсаал суулт хийж, монголчууд харин ч нэг “ардчилсан орон” гэдгээ хавьд байгаагүйгээр дэлхийд харуулав даа. Хэдийгээр эхлэл нь жаахан тааруухан байсан ч

2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлаас хойш чих нь буучихаад  байсан манай залуус өөрсдөө санаачлагаараа нэгдэж нийлсэн, боссон жагссан анхны тохиолдол болсон гэдгээрээ “түүхэн ач холбогдолтой” зүйл болсон. Түүний дараа хэн яасан ийсэн гэдэг бол жич асуудал.

Энэ жагсаалын гол шаардлага нь үнийн өсөлт буюу инфяцийг бууруулах, хил гаалиа нээх, монголчуудын амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх асуудал байсан. Ерөнхий сайд тэдний шаардлагын хариуг бүрэн өгөөгүй буюу жагсаалын үр дүн хараахан гараагүй л байна. Гэвч түүнийг бодож бясалгаж байх хойгуур манай улс төрчид, МАН-ын зарим нөхөд Ерөнхий сайдынхаа өмнөөс бодлогыг нь бодох гэж үзсэн бололтой юм. Ингээд ”УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай уулзсанаас болж Хятад улс хилээ хааж, хил хааснаас болж бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт бий болжээ. Одоо УИХ-ын даргыг огцруулчих юм бол Хятад хилээ нээгээд амьдрал сайжирна” гэж төлөгдсөн юм байна. Энэ яриаг нийгмийн сүлжээгээр явуулж эхэлсэн нь жагсаалын төгсгөлтэй яг сайхан давхацдаг юм. Нар, сар хиртэхээр нохойгоо зодож гаслуулдагтай л төстэй “эм дом” юм биз дээ.

Ер нь бол УИХ-ын дарга оны өмнө Энэтхэг улсад айлчсан нь үнэн. Айлчлалын үйл явц болоод үр дүнгийн талаарх албан ёсны бүх мэдээллийг манай хэвлэлүүд мэдээлсэн. Үүн дотор УИХ-ын дарга Далай ламд бараалхсан тухай нэг ч үг, үсэг байгаагүй.

Тэгэхээр нэгдүгээрт, УИХ-ын дарга далай ламд мөргөсөн гэдэг нь баталгаатай бус. Нэг үгээр батлах боломжгүй зүйл. Боломжтой байсан бол аль хэдийн нийгмийн сүлжээгээр гараад ирчихсэн байгаа л даа, өнгөрсөн дөрвөн сарын дотор.

Хоёрдугаарт, гай болж бараалхсан, мөргөсөн байлаа ч тэр нь УИХ-ын даргын хувьд бус, жирийн сүсэгтний хувиар очсон байж бас болно. Яагаад гэвэл Далай лам бол Монгол, Хятадын харилцааны бас нэг эмзэг цэг учраас. Тийм учраас албан ёсны мэдээлэлд дурьдагдаагүй буюу протоколд бичигдээгүй байж болно. Харин үүнийг Монгол нь ч, Хятад нь ч хорих болон хянах боломжгүй. Ямар Монгол Улсын нэг иргэн Далай ламд мөргөсний тоогоор манайх руу нот бичээд байлтай биш.

Тийм болохоор Далай ламд мөргөснөөс болж Хятад хилээ хаасан гэдэг нь “Навчис уйдсан учраас намар болсон” гэдэгтэй төстэй, утга уянгын шинжтэй үзэл шиг байгаа юм. Яах вэ, сүүлд гарсан Хөгжлийн банкны дуулианаас хойш, эсвэл түүгээр шалтаглаж МАН дотор ямар нэг хөдөлгөөн эхэлсэн гэдгийн л нэг дохио. Энэ нам дотор АН-аас дутахгүй хуваагдал явагдаж байгаа тухай улстөрийн хүрээнд яриад эхэлчихсэн. УИХ-ын даргын суудал ч бас түүнд нь өртөж байгаа юм шиг байна. Зарим нэг залгамжлагчийн нэр хүртэл сонсогдож л байна лээ. Угаасаа МАН-ынхан гэлтгүй манайхан бүгдээрээ сандал, ширээ болгоныг албан тушаал, эрх мэдэл гэж андуурдаг гэмтэй. Бүр хэзээнээсээ...

Уг нь бол УИХ-ын дарга гэдэг хүн УИХ-ын гишүүдийн дарга биш юмаа, зүгээр хуралдаан зохион байгуулдаг зарц шахуу юм байгаан гэж бараг хорин жил ярилаа, даанч нэмэргүй.

Тэгээд ч УИХ-ын даргын энэ албыг баргийн хүн бараад байдаггүй. Парламентад ихээ удаан суусан, хууль тогтоох үйл ажиллагаанд олон жил нухлагдсан, хамгийн гол нь туршлагатай, тулхтай нэг хүн байр ёстой ёо доо. Тэр талаас нь харвал Г.Занданшатартай өрсөлдөх хэмжээний улстөрч энэ парламент дотор лав байхгүй. Өөрөө л "гайгүй" харагддаг болохоос биш УИХ-ын хамгийн "хуучин" буюу ахмад гишүүдийн нэг. 2004 оноос хойш болсон таван удаагийн сонгуулийн дөрөвт нь ялалт байгуулж, УИХ-д суусан. Хүнс хөдөө аж ахуйн сайд, Гадаад хэргийн сайд, ЗГХЭГ-ын дарга гээд хийгээгүй ажил байхгүй. Нэг ёсондоо шунал гүйцнэ гэж байдаг бол гүйцсэн байх ёстой хүн.

Ер нь ажаад байхад МАН-ын залуучууд үзэл санаа, ёс суртахуун энэ тэр ярихаасаа илүү шунал, хүслээрээ ижилссэн, эрэмбэлэгдсэн юм шиг харагддаг. Тэдний дэргэд Г.Занданшатар нь арай өөр өө, зүгээр. Баахан баян айлын өв залгамжлагч нарын дунд ганцаараа нэг тийм номындуу, цагаан гартай нөхөр яваад байхаар барчихмаар ч юм шиг харагддаг уу, хэн мэдлээ.  

Нэг зүйлийг сануулахад, УИХ-ын даргыг огцруулахад хуулийн тов тодорхой үндэслэл, шалгуур хэрэгтэй.  

“1. УИХ-ын дарга нас барсан, 

2. Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, 

3. Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, 

4. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээж авсан,

5. Гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан” ийм таван тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэх хуультай.

Харин Г.Занданшатарын хувьд огцруулах болон чөлөөлөх шалгуурын алийг нь ч хангаагүй байгаа, одоохондоо. Хэрвээ магадгүй Цэц рүү Аюурсайхан ч юм уу, аль нэг гишүүн гомдол шидээд, эсвэл шидүүлээд, түүнийг нь Цэц хүлээж аваад дүгнэлт гаргаад, УИХ түүнийг нь дэмжээд кноподчихвол болох байх л даа. Хэрэв тэгвэл ч МАН дотор жинхнээсээ "дахин хуваарилалт" явагдаж таарна. Даанч тэр нь маньд ямар ашигтайв? Жоомоо алах гээд гэрээ шатаалаа... ч билүү, нэг үг бас бий.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 21 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 30 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 30 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 31 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 32 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 33 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 34 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 35 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 0 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 2 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 2 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 3 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 7 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 19 цаг 59 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 3 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 4 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 6 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 7 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top