x

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарсан нь

Үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй байх нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал

Нобелийн Энх тайвны шагналыг Филиппин болон Оросын сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд оруулсан хувь нэмрээрээ саяхан хүртэв.

Нобелийн хороо Ресса Мария, Дмитрий Муратов нарыг "ардчилал, хэвлэлийн эрх чөлөө улам бүр таагүй нөхцөл байдалтай тулгарч буй энэ цаг үед энэхүү эрхийн төлөө тэмцдэг бүх сэтгүүлчдийн төлөөлөл" хэмээн онцолсон байна. Ардчилсан засаглалтай эсэхээс үл хамааран аливаа улс оронд нүүрлэж буй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох гамшиг аюул, цар тахлын нөхцөл байдалд иргэний үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө хамгийн их хумигддаг аж. Иймдээ ч анх удаагаа сэтгүүлчдэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэхүү шагналыг олгосон аж.

Зөрчлийн хуулиар мянга мянгаар нь иргэдийг торгож шийдвэрлэсэн нь

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлөөр олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн хэмээн үзэж 2020 онд 1,480 хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулсан байна. Иргэнийг 500,000, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох зохицуулалттай юм. Төр иргэдээ торгосноор Зөрчлийн тухай хуулийн ганцхан зохицуулалтаар хамгийн багадаа 740 сая төгрөгийн ашиг олсон байна.

Энэхүү 1,480 тохиолдлын 190 нь л Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Үүний нэгээхэн жишээ нь, Энхсаран сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа хулганаар дамжин тусгаарлах байранд халдвар тархаж буй асуудлаар хувийн цахим хаягтаа мэдээлэл оруулсан иргэн Д.Мөнхбат юм. Түүнийг торгож шийтгэхээ урьтал болгосноос бус алдаа нь зохион байгуулалтын хариуцлагагүй байдлаас болсон гэж хэн ч үзээгүй юм. Тайлбарлавал, Д.Мөнхбатын оруулсан мэдээлэл нь 2020.11.10-ны өдөр олон нийтэд хүрсэн бөгөөд Монгол Улс дотооддоо халдвар тархаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2021.11.11-ний өдрийн Засгийн газрын 178 дугаар тогтоолоор шилжсэн. Иргэн анхааруулсан боловч төрөөс асуудалд хайнга хандсаны нэгээхэн жишээ энэ билээ. Төрийн оролцоотой эмгэнэлт жүжиг энэ хүрээд дуусахгүй ээ. Бадарчин явсан газарт балагтай хэмээдгийн адил үлгэр цааш үргэлжилнэ.

Учир нь, Цар тахлын хуулиараа “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл мэндээ хамгаалах арга замын талаар үнэн зөв, бодит мэдээллээр иргэдийг тогтмол, шуурхай, хүртээмжтэй хангах” үүргийг Засгийн газар хүлээсэн. Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, бүрэн, хоёрдмол утгагүйгээр мэдээллийг цаг тухайд нь өгч чадаагүйн улмаас эрдэнэт хүний амь 22-ын товчоон дээр эрсэдсэн гашуун тохиолдол бий.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны арванхоёрдугаар сард явуулсан 300 сэтгүүлчийг хамруулсан судалгаагаар хөл хорионоос шалтгаалж мэдээлэл олж авах, зөрүүтэй мэдээллийг нягтлахад хүндрэлтэй байсан гэж судалгаанд оролцогчдын 50% үзжээ. Иргэдийн мэдэх эрхийг хангах төрийн үйл ажиллагаа дан ганц 11:00 цагийн мэдээ биш юм. Үнэндээ 11:00 цагийн мэдээг үздэг гэж судалгаанд хамрагдсан 1,740 хүний 44% нь л хариулсан байна лээ. Түүнчлэн дээрх зохицуулалтад буй “олон нийтийг төөрөгдүүлэх”, “илт худал” гэх шалгуурыг хэрхэн хэрэглэх нэгдсэн ойлголт, эрх зүйн зохицуулалт үгүй тул түүнийг албан тушаалтнууд өөрийн дураар, харилцан адилгүй хэрэглэх, улмаар хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нухчин дарах үр дагаварт хүргэсээр байна.

Худал мэдээлэл тараасныхаа төлөө 2 иргэн 53 хоног цагдан хоригдов

2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар “Гүтгэх”, “Доромжлох” гэсэн уламжлалт гэмт хэргийг хассанаараа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чөлөөг дэмжин хамгаалахад ахиц гарсан. Гэвч УИХ-аас баталсан 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Худал мэдээлэл тараахыг шинээр гэмт хэрэгт тооцох болов. Энэхүү гэмт хэрэгт хорих ялын шийтгэл байхгүй. Гэсэн хэдий ч Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах явцдаа 2 иргэнийг 53 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон нийт хугацааг торгох ялын дүнгээс хасаж, 505,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тохиолдол гарчээ.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020 онд 251, 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар 119 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 25 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Дунджаар 7 орчим хувь нь шүүхээр хянан хэлэлцэгдээд байгаа юм. Оногдуулсан шүүхийн шийдвэрээс онцолбол “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ, та нар орж гарахад мөнгө хийх зүгээр үү?” хэмээн аймгийн зарын группт оруулсан асуултад нь холбогдуулан төрийн албан хаагчдын ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж 550,000 төгрөгөөр торгосон. Иргэний нэр төр байхаас хэсэг бүлэг “иргэд”-ийн нийтлэг нэр төр үгүй гэдгийг шүүгчид нь ч ойлгосонгүй.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд гомдогчид ихэнхдээ төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байдаг байна. Аа харин, өртөгчдийн хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь илүүтэй хамаатай. Дэлгэрүүлбэл, 1999-2020 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараахтай холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1077 иргэний болон эрүүгийн хэрэг байгаагаас 43.7% сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох хэрэг байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэлбэр тайван, жагсаал хийх юм

Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт баталгаажсан хүний үндсэн эрх, эрх чөлөө юм.

ЦЕГ-ын мэдээлж буйгаар 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 237 жагсаал, цуглаан болсон тухай мэдээлсэн. Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг”-ийн хуульчдын багийн хийсэн дүгнэлтээр 51 тохиолдлыг нь зөрчлөөр бүртгэсэн. Ингэхдээ, хүч хэрэглэх, албадан саатуулах, хуульд заасан хугацаанд тарахыг нь сануулаагүйгээс гадна торгож шийтгэжээ. Цар тахлын үе дэх жагсаал, цуглаан бүр өөрийн гэсэн онцлог дүр төрхтэй зохион байгуулагдсан. Энэхүү эрхийг хязгаарлаж буй гол үндэслэл нь 1994 оны Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болоод байна. Үүнээс илүүтэйгээр хууль сахиулагч байгууллагын үзэмж, засаг даргын зөвшөөрлийн тогтолцоо шүдний өвчин болжээ. Үндсэндээ иргэд жагсаал, цуглаан хийх эрхгүй, харин эрх мэдэлтнүүд болдог тогтолцоо оршиж байна.

Төгсгөлийн оронд

Үнэн гэдэг ойлголт цаг, үеэ дагаж өөрчлөгдөж ирсэн. Өнөөдрийн үнэн гэж үзэж буй бүхэн маргааш өөрчлөгдөж болно. Ийм байхад худалтай хуулийн хүрээнд тэмцэж чадах уу?

-Эрүүгийн хуульд шинээр зохицуулсан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад хязгаарлалт болсон бөгөөд үндсэндээ нухчин дарсан хэмээн харж болохоор байна.

Цаашид энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд байх шаардлагатай бол гутаах зорилго агуулсан эсэхийг хянан үзэх ёстой юм. Эрх бүхий албан тушаалтнууд нь өөрийн субъектив байдлаар бус хууль хэрэглээний нэгдмэл ойлголт, нэр томьёоны зөрүүгүй байдал нэн чухал байна. Түүнчлэн цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг дордуулж, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлсэн иргэдээ мянга мянгаар нь торгож буй байдлыг хамгийн түрүүнд халах хэрэгтэй юм.

Цар тахлын нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул нийтийн албан тушаалтнууд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахыг урьтал болгох бус, зөрчихөөс урьдчилан сэргийлэх байдлаар анхаарах шаардлагатай байна.

Хуульч Б.Пүрэвсүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 34 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 40 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 35 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 44 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 44 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 45 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 47 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 48 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 49 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 14 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 16 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 16 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 17 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 21 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 13 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top