x

Э.Бат-Үүлгүй Монголын улс төр: Сонгинохайрханы сонгуульд зориулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл Сонгинохайрханы нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшжээ. Энэ далимд сүүлийн хоёр удаагийн сонгуульд тус тусдаа (нэг нь нэр дэвшигчээ гаргаж, нөгөө нь татаж унагаж) орсон АН-ын хоёр бүлэг анх удаагаа нэг завин дээр суув. Ардчиллын баатрыг нөхөн сонгуульд намынхаа өмнөөс нэр дэвшүүлэхийн тулд аль аль нь чармайсан хэрэг биз. Хоёр удаагийн сонгуулийн ялагдал хэн хэнд нь сургамж болсон ч байх.

Э.Бат-Үүл хэлэхдээ “Би зөвхөн нэг тойргийн ялалт, УИХ-ын нэг мандатын төлөө өрсөлдөж байгаа юм биш ээ. Цадигаа алдсан нэг намын дарангуйллыг сөрж, ардчиллыг сэргээн тогтоох, АН нэгдэж нягтрахын төлөө өрсөлдөж байгаа юм аа” гэсэн. Давчуухан зайд хэтэрхий том зорилго тавьсанд нь талархнам. Яг одоо АН-д УИХ-ын нэг мандат дээр эрх баригчидтай зодолдох биш, талыг нэг тарж бутарсан намаа, ерэн оны хувьсгалаар үрийг нь тарьсан үзэл санаа, үнэт зүйлсээ эргүүлэн цуглуулах цаг нь болсон. Үүнд нь Э.Бат-Үүл хэрэгтэй байв.  

Э.Бат-Үүл шиг капиталтай, үзэл санааны иртэй улстөрч айлын хаалга шөргөөгөөд атга гурил, үмх махаар хүн хулхидаад сонгуульд орно гэж байхгүй. Нэгдүгээрт өөрөө чадахгүй. Э.Бат-Үүлийн хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь хүн, түүний нэр төр. Либерал үзэл санаатай хүн бүхэн хүн, түүний нэр төр, оршихуйг хамгийн дээр тавьдаг. Автобусны буудал дээр тамхи ширхэглээд сууж байгаа эр ч бай, азын тэнгэрт ивээгдэж алдрын оргилд хүрсэн ч бай ялгаагүй, хүн байхынхаа хувьд өөрөө өөртөө үнэ цэнэтэй. Түүнийг нь дорд үзэж, доош хийх эрх хэн гуайд ч байдаггүй. Үүнийг мэддэг учраас Э.Бат-Үүл тав, гурван төгрөгөөр санал худалдаж авна гэж байхгүй. Тэгж чадахгүй.

Хоёрдугаарт тэгэх шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл тийм хүмүүс энэ парламентаар дүүрэн байна. Сүүлийн хоёр удаагийн сонгуулийг харахад хэн их мөнгөтэй, хэн их тараасан нь УИХ-ын гишүүн болж байгаа. Тараасныгаа хэд нугалаад буцаагаад авдаг ч юм байна. Тойрогтоо таван тэрбумыг тавиулбал талыг нь сонгогдсон гишүүн нь халаасалдаг. Тэр нь багадаад төрийн нэртэй, төсвөөс зузаатгадаг сангуудыг бүгдийг нь хоосолсон. Өмнөх УИХ-ын 76 гишүүний 44 нь ЖДҮХС-гаас мөнгө хуссан гээд бод доо. ЖДҮ эрхлэгчдэд 10, 20 саяын зээл олдохгүй байхад УИХ-ын 44 гишүүн 75 тэрбум төгрөгийг зүгээр л хуваагаад авчихсан. Тэднээс нэг нь ч шоронд ороогүй. Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг болсон. Одоо чононуудын үүр илүү том, илүү өлзийтэй болж байгаа. Харин Э.Бат-Үүл тэднээс өөр.

АТГ-аас саяхан нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ /хөрөнгө орлогын мэдүүлэг/-ыг олон нийтийн сүлжээнд тавьжээ. Тэнд нэр дэвшигч Э.Бат-Үүл “хувьдаа орон сууцгүй” гэж мэдүүлсэн нь олон хүнийг цочоосон байна. “Энэ олон жил идэж уучихаад хувьдаа ганц орон сууцгүй байна гэж юу байсан юм, хэн итгэх юм” гэж нулимсан, тургисан хүн цөөнгүй.

Миний мэдэхийн Э.Бат-Үүл 2000 онд тухайн үеийн МАХН-ын захиалгаар С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд хоригдоод суллагдахдаа Их дэлгүүрийн урд талын хоёр өрөө байранд гэртээ харьж байсан. Намынх нь нөхөд гэрт нь цуглаж, сэтгүүлч нарт яриа хөөрөө ч өгсөн. УИХ-д анх удаа сонгогдож, АН-д гишүүнээр элссээд байсан Л.Гүндалай тэднийд очсоныхоо маргааш нь “Э.Бат-Үүл чинь гуйлгачин юм байна лээ” гэж ярьсан нь тэр үеийн шар хэвлэлд гарч, цаадах нь их л гомдсон тухай яриа ч бий. Түүнээс хойш ч тэндээ л амьдарч байгаа. Хотын дарга байхдаа ч тэндээс ажилдаа явдаг, явган алхчихдаг байсныг хавийнхан мэднэ. Өөрөө ч хэвлэлд нэг удаа ярьсан байдаг юм. “Би чинь хадмындаа тусдаа гарсан хүн” гэж. Бодвол байр нь эхнэр, хүүхдийнх нь нэр дээр байдаг биз.

Гэвч Э.Бат-Үүлд түүнээс илүү үнэ цэнэтэй зүйл бий. Тэр бол үзэл санаа. Үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил гэдэг улстөрч хүнийг амьд байлгадаг цорын ганц зүйл. Э.Бат-Үүлээс арав, хорин жилийн дараа улс төрд орсон 70-аад оныхон аль хэдийн арчигдчихаад байхад Э.Бат-Үүл яагаад “рингэн дээрээ” үлдсэн шалтгаан нь үзэл санаа. Ардчилалд хайртай учраас, хамгаалдаг учраас, эрх чөлөө /freedom/ гэдэг үгийн үнэ цэнийг, “хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг монгол хүний яс, цусанд шингэсэн үзэл улс үндэстний ч, иргэн хүний ч хувьд ямар үнэтэйг мэддэг учраас Э.Бат-үүл “моод”-ноос гардаггүй. Залуу нь ч, хөгшин нь ч түүнийг сонссдог, үзэл санааг нь хуваалцдаг.

Зохиолч, нийтлэлч Ц.Доржготов ахын хэлсэн нэг үг, “МАН-аас угшилтай төрийн гурван өндөрлөг, 62-ын бүлгийн өөдөөс цагаан толгойтой ганц баавайн хуцах чимээг анирдаж суувал ардчилалтай улсад амьдарч буй санагдахсан” хэмээн санааширсан нь энэ удаагийн нөхөн сонгуулийн утга учрыг тов тодорхой хэлчихсэн шиг.

Сонгинохайрхан дүүргийн сонгогчид УИХ-д гурван мандаттай. 2020 онд Ням-Очирын Учрал, Пүрэв-Очирын Анужин, Долгорсүрэнгийн Сумъяабазар гурвыг багаар нь сонгоод явуулсан ч Д.Сумъяабазар нь УИХ-ын гишүүний суудлыг сул орхиод, хотын дарга болоод бууж одсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүртэл “Нам санал болговол хотын дарга болохоос татгалзахгүй” хэмээн сүүлээ шарваж үзсэнийг бодоход хотын даргын суудал зарим хүмүүсийн нүдэнд “ажил, хариуцлага” гэхээсээ “мөнгө, эрх мэдэл” болж харагддаг бололтой. Тиймдээ ч Э.Бат-Үүлээс хойш гурван ч дарга солигдоход нэг нь ч Э.Бат-Үүл шиг эзний сэтгэлээр ажиллаагүй. Хот эргээд "хоноцын" гарт орсны нэг гэрч нь хотын төв талбай дахь урсдаггүй усан оргилуур. Хэн нь хэзээ нураагаад буурин дээр нь барилга барихыг хэн мэдлээ.

Өнөөдөр УИХ-ын 76 суудлын 62-ыг нь МАН эзэлж байна. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд гурван “өндрөө” оролцуулаад МАН 63-уулаа. Яг үнэндээ ийм олонхи дотор суугаа цөөнхийн 12 хүнийг “сөрөг хүчин шиг хүчтэй байсангүй” гэж ташуурдах нь нэг талаас хэтийдсэн зүйл. Нэг чих нь сонсохгүй байсан ч нөгөө нь сонсдог байж сөрөг хүчин ч гэсэн сөрөг хүчин шиг байна биз дээ. Алгыг ч гэсэн хавсарч байж чимээ гардаг шиг.

МАН олонхи болсон сүүлийн таван жилд Сүхбаатарын талбайд хоёрхон том жагсаал, цуглаан болсон. Эхний удаад МАН МАН-ынхаа эсрэг, дараа нь АН АН-ынхаа эсрэг жагссан. Иргэний эрх, эрх чөлөөний төлөө энэ намууд жагсахаа больсон. Эрх мэдэл, сандал ширээ, тамга тэмдэгний төлөө жагсдаг, өөр хоорондоо зодолддог болсон. Иргэд нь хэрвээ жагсвал хөөдөг туудаг, баривчилдаг хорьдог цагдаатай болсон. ”Ажлаа хиймээр, амьдралаа залгуулмаар байна” гэсэн таван залуу талбай дээр очоод тавхан минут зогссон чинь “Ковидын журам зөрчсөн” гээд 15-30 хоногийн баривчилгаа. Монгол Улс ийм ардчилалтай, ийм хуультай байсан уу?

Тийм учраас парламентад Э.Бат-Үүл шиг улстөрч хэрэгтэй. АН-д, АН-ын бүлэгт хэрэгтэй. Саарал ордны гаднаас ч, дотроос ч үгээ хэлж чаддаг, цууриатуулж чаддаг улстөрч, ардчилагч хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ улс орон улам бүр унтаа болж байна. Уймраа болсон байна. Иргэн хүн үгээ хэлье гэсэн ч зориг нь мохсон, урам нь хугарсан байна. Тэдний талд үг хэлдэг, хэлсэндээ байж чаддаг улстөрч хэрэгтэй байна, Сонгинохайрханчууд аа!  

Үзэл санаа, үнэт зүйлгүй үхмэл улстөрчид, кнопны  хүүхэлдэйнүүд парламентаар дүүрэн бий. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ юу хэлнэ, тэрийг нь тоть шиг давтаад, тойргийн мөнгөөр амаа үдүүлчихээд “570”-ын суудалд холбилзож яваа “цүнх баригч” нар, эцэг эхийнхээ хөрөнгөөр намд элсэж, УИХ-д сонгогдсон баян өв залгамжлагчид, хунтайж, гүнж нар ордноор дүүрэн хөлхөж байна. Тэд олдсон уу, гэхээс өлдөөгүй. Харин одоо гурван өндрийн өөдөөс олигтойхон “Хуц!” гээд хэлчихдэг аавын хүү, эрийн хугархай энэ парламентад хэрэгтэй, их хурлын гишүүдэд түшигтэй байна. Тэр нь одоо нэр дэвшиж байгаа хэд дотроо буурал Бат-Үүл.

МАХН, МАН хоёр энэ хүнийг С.Зоригийн хэргээр хорин жил нүдсэн. Өөрийнх нь хэлснээр "шаасан". Хотын дарга болсноос нь хойш үр хүүхдээр нь "зодсон". Сүүлийн таван жил шүүхгүй шүүлээ. Мохоож чадсангүй... 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батүүл (66.181.160.118)
    Энэ хулгайчаар яадаг юм
    2021 оны 09 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
С.Ган-Очир: Алтны нийлүүлэлт найман тонн байгаа ч оны эцэс гэхэд 20 тонн хүрнэ 2 цаг 12 мин Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарласан багш нарын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 49 мин Хиймэл оюун ухаан зохиосон анхны Франц жүжиг Версалийн ордонд нээлтээ хийнэ 2 цаг 55 мин Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий сугалааны тохирол гарлаа 2 цаг 58 мин Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиулжээ 3 цаг 3 мин Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн гэрээ байгуулав 3 цаг 4 мин Нийслэлд авто замын шинэчлэлийн ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цаг 8 мин Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүртгүүлээрэй 3 цаг 10 мин Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль хүртлээ 3 цаг 11 мин Хог хаягдлын менежментийн асуудлаар Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 3 цаг 13 мин Гашуунсухайт-Ганцмод боомттой холбогдох гэрээг ил болголоо 4 цаг 59 мин Цусны донорын хуулийн төсөлд цусны чанар, донорын урамшууллын асуудлыг тусгах санал гаргав 5 цаг 36 мин Визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдол илэрч байгааг сэрэмжлүүлж байна 5 цаг 38 мин Монголын гэрэл зургийн албаны 90 жилийн ой тохиож байна 5 цаг 40 мин Нийслэлийн 170 мянган өрх хагас коксжуулсан түлш хэрэглэнэ 5 цаг 43 мин Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна 6 цаг 47 мин Нийслэлээс “Оюутны менторшип” хөтөлбөр зарлаж, 100 оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ 6 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 7 цаг 6 мин АНУ-д робот ашигладаг компаниудад татвар ногдуулах саналыг хэлэлцэж байна 7 цаг 12 мин Засгийн газар эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг эрэмбэлж, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 34 мин
iИх уншсан
Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлд... О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал Солийн Данзан (2) Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсви... Монголын цахим боломж Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Хагас коксон шахмал түлш баталгаажиж, гэрчилгээтэй боллоо Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 95... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх...
Top