x

Хорин жил балайрцгаалаа, одоо амьдралаа бодоцгооё?!

ХОРИН ЖИЛ БАЛАЙРЦГААЛАА, ОДОО АМЬДАРЛАА БОДОЦГООЁ!?

Ерөнхийлөгч Хүүкийн санаачлагаар Монголын төр ба мөн Монголын хувийн хэвшлийнхний хамтарсан уулзалт боллоо. Ерэн оноос өмнө Монголд ямар “хувийн хэвшил” гэж Монгол байсан биш, тэгэхээр сүүлийн 30 жилийн хугацаанд энэ хоёр субъектийн анхны нүүр тулсан уулзалт! 1992 онд батласан Үндсэн хуулиар бүхий л өмчийн хэлбэрийг, түүний дотор төрийнхийг оролцуулаад бүгд тэгш эрхтэй гэж заралсан боловч хувийн хэвшлийн аль томорсон нь төрийн дайсанд тооцогдсоор өдий хүрлээ. Энэ талаас нь үзвэл Хүүкийн санаачлага, түүнийг тойрсон энэ цагийн төр төлөөлөгчдийн уулзалт нэн шинэ Монголын түүхэнд том дэвшлийн эхлэл болж магадгүй нигуртай.

Уулзалтын албан нэр нь “төр нь хувийн хэвшлээ сонсох” гэсэн хаягтай. Үнэндээ ч уулзалт албан нэрэндээ тохирсон хандлагатай байсан шүү. Өнөө цагийн ээлжит “төр” тэнд уригдаж очсон хувийн хэвшлийхнийг загнасангүй, ялласангүй, ална хядна булаана дээрэмдэнэ гэж заналхийлсэнгүй, хохиор нь дуудсангүй. Үүнд зориг орсон хувийн хэвшлийнхэн төрдөө гомдлоо илэрхийлцгээв. Дараа нь “сэхээтний төөрөгдөл”-тэй адил хуурч яриулж байгаад хар дэвтэрт тэмдэглэчихгүй л бол “төр” тун даруухнаар тэднийг тэвчээртэй сонслоо. Үүнийг мэднэ биз дээ, 1958 онд Хятадад Мао дарга “Цэцэг болгон дэлгэрэг” уриагаар хүмүүсийг гомдлоо чөлөөтэй хэл гэж хуурч яриулчихаад дараа нь гэнэнчүүдийг бүртгэж аваад цусыг нь хольсон. Үүнийг дуурайж Монголд нам төрөөс сэхээтнүүд санал бодлоо чөлөөтэй хэл гэж уриалж баахан яриулчихаад дараа нь мөн тэмдэглэж аваад хөөрхийсийг “сэхээтний төөрөгдөл” гэж яллаж гарсан.

Хуралд (уулзалт?, сонсгол?) хоёр талаас хөндсөн гол сэдэв:

-Цөөн монголчууд нам болж сөргөөцөлдөх, намынхаа дотор бүлэг, фракц болон хуваагдах, мэргэжлийн салбар яамд амбиц гарган хүнд сурталдах, нутаг усны угшил харгалзан давуу тал олж талцах зэрэг нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болсоор ирсэн, 

-Төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтнууд нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэлд тулгуурлаж богино хугацааны нэр төр, пиар хөөцөлдсөн шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ ойр ойрхон өөрчлөх гэх мэтээр ажлаа явуулах, 

-Ихэнх тохиолдолд нийгмийн сүлжээг цөөн тооны иргэд удирдаж иргэдийн санал бодолд нөлөөлөх, өөрийн үзэл бодлоо иргэдийн үзэл бодол мэтээр ойлгуулах үзэгдэл түгээмэл учир үүнээс болж буруу шийдэл гаргах 

Хувийн хэвшлийнхэн ч ийм сэдэв их хөндлөө, төр ч үүнийг зөвшөөрч толгой дохицгоов.

Ерэн оноос өмнө идэж ууж өмсөж зүүдгийнхээ 70 гаруй хувийг хойд хөршөөсөө зээлж хэрэглэдэг байсан ч тэжээгч “нас барсан” учир давснаас өөр юмгүй болсон. Ерэн оноос 2004 он хүртэл хандивлагчид, япончууд, ОУВС, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк бидний хэрэгцээний 40 гаруй хувийг ханган нийлүүлж шинэ тэжээгч болсон. 2004 он хүртэл бид харьцангуй даруу байсан. Харин үүнээс хойш уул уурхайн салбарын тэсрэлтийн хүчээр өөрсдийгөө өөрснөө тэжээж хүчирдэг болсон төдийгүй үндэсний баялаг богино хугацаанд 10 дахин өссөн. Ингээд л бид улс орноороо балайрч эхэлсэндээ. Эхлээд намууд, дараа нь намын мэдлийн төр, төрийн байгууллагууд, үргэлжлээд тодорхой бус бие даасан бүлэглэлүүд балайрч улмаар энэ ньэнгийн иргэдэд халдварласан юм.

Уулзалтад оролцогчдийн ихэнх нь энэхүү 20 жилийн балайрлын бурууг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл рүү хандуулж байна. Гэвч энэ бол нүдэнд ил харагдах төдий мөсөн уулын орой л юм. Үнэндээ твитэр гэхэд Монголд 500 мянга орчим бүртгэгдсэн эзэнтэй гэх боловч 80 хувь нь давхардсан ба хуурамч хаяг, оройлж бичдэг нь 200 орчим жинхэнэ нэр хаягтай хүмүүс л бий. Бусад нь тороол. Нүүр номын хаяг бараг хүн амын тоогоо давж буй боловч өч төчнөөн мянгад хуваагддах болохоор тус болгоноор нь салгаж авч үзвэл “хүч нөлөө” их байх бололцоогүй. Голдуу залуучууд оролцдог инстаграмм, тик ток тэр насныхны үзэл сонирхолыг илэрхийлдэг харилцааны хэрэгслэл учир улс төрөөс нэлээд ангид. Царцаа устгаж тариа будаагаа хамгаалах хөдөлгөөн нам төрөөс зарлангуут дэвхэрдэг болгоныг түүний дотор туулайг юу ч үгүй хядлаа гэдэг шиг зөвхөн хэвлэл мэдээллээс болоод Монгол улс хөгжихгүй байна хэмээн тэдэнд дайн зарлан, халдан цэвэрлэж болохгүй. Хэвлэл мэдээллийн чөлөөт эрх чөлөө бол манай нийгмийн өнөөгийн тогтолцооны амин сүнсний нэг. Хөгжил дэвшлийг хойш чангааж улс орныг элийрүүлж буй хүчин зүйлийн углуурга өөр юманд буй, хэвлэл мэдээлэл бол тэдний ашиглаж буй маш олон үйлдлийн зөвхөн нэгээхэн хэсэг юм.

Улсын нэгдсэн төсвийн задаргаагаар үзэхээр халамжид өгөх мөнгө төгрөг нь хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөнөөс даваад байгаад тороолууд л дангаар буруутай гэж үү? Ойрхи судалгаагаар 18-34 насны залуусын тэн хагас нь хөдөлмөр үл эрхлэн паразит маягаар амьдарч байна гэх, гэтэл 200 мянга орчим ажлын сул мест хүн олдохгүй эзэнгүй байна. Фэйсбүкийн буруу юу?Төрийн хууль цааз, дүрэм журам нийтэд үйлчлэхгүй тохиолдол нэн элбэг мөртөө үйчлэх болохоороо тодорхой хүн, байгууллага, компани руу онилон рэкэтлэх, тонон дээрэмдэх, хүнд суртал гаргах, далимдуулах, гэмт хэргээс чөлөөлөх, авилга авах зэргээр сүрдүүлэх хэрэгслэл болгон хууль журмыг хилсдүүлэхэд ашигладаг багаж хэрэгслэл болсон ба үүнийг төрийн төлөөлөгч байтугай гэмт хэрэгтнүүд, хулгай дээрмийн бүлэглэлүүд ил цагаан ашиглах болсонд хэн, юу буруутай вэ? 

Монголын авилга, хулгай, дээрмийн бүлгүүд зохион байгуулалттай хүчин болж өсөж томорсоор хууль хүчний байгууллагуудын албан тушаалтнуудтай сүлбэлдэн, биенээ ялаар барьцаалан тэнцвэр бий болгосон. Нийгмийг бүхэлд нь ялзруулан оршиж буй эдгээр гэмт бүлгүүдийн хамгаалах хэрэгсэл нь аяндаа Монголын төр өөрөө болж хувирлаа. Японы эдийн засагчийн тооцоолсноор сүүлийн 10 жил дахь Монголын экспортын алдагдсан бололцоо 20 тэрбум доллар аж. Энэ бол Монгол төрийн хуульчлан гаргасан шийдвэрийн үр дүн!

Сүүлийн гучин жилд ердөө гурван Засгийн газар л нийгэм улс төр эдийн засгийн шинэ нөхцөлд тохируулсан үндсэн реформ хийж чадсан. Бусад бүх Засгийн газруудын хийснээсээ нураасан нь давамгайлсаар ирлээ. Засаг солигдох бүрдээ урьдахаа үгүйсгэн нурааж дахиад л бүх хэргийг 1921 оноос эхлүүлсээр ирсэн. Ийм л учраас Бямбасүрэнгийн Засгаас хувийн хэвшил буй болгосон нийгэмийн цоо шинэ тогтолцоо, Энхсайханы Засгийн газрын хувьчлал, эдийн засгийн цоо шинэ тогтолцоо, Баярын Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг нутагшуулсан алхам эцэст нь нийтийн зүхлийн бай болж хувирав. Тус болгондоо тун ч богино хугацаагаар тогтож байсан эдгээр гурван Засгийн газрын хийж амжуулсан тогтолцооны буянаар Монгол улс дэлхийн нэн ядуу орноос дундач үзүүлэлттэй орны хэмжээнд хүрсэн төдийгүй өнөөдөр ч хэчнээн хямрал туулаад туулаад, хийснээ нураагаад нураагаад яваа ч, өмнөө 100 оронтой ч гэлдэрч буй ч хөгжил дэвшил амьжиргааны төвшнөөр ардаа 100 орон жагсаан дэнжигнэсээр явна.

Ерөнхийлөгч Хүүкийн санаачилж цуглуулсан хувийн хэвшлийнхэн ба засгийн газрынхны биенээ сонсох уулзалт ихэд горьдлого төрүүллээ. Мэддэг юм шиг, чаддаг юм шиг дөнгөж гарч ирүүтээ улс орноо одоохон диваажинд хүргэнэ гэж цагаан хөөс цахруулж, олдслн жаахныгаа тариалангийн талбайд үр цацаж байгаа юм шиг савируулж байсан өмнөх олон засгийг бодвол хамтарч ажиллахын уриалж буй энэ засаг найдлага төрүүлж (бас л худлаа нааж хулхин дээр сарнай ургуулж байгаа биш бол шүү дээ) байна. Ерөнхий сайд урьдах засгуудыг төлөөлж Монгол төрийн өмнөх балайрлуудынхаа төлөө уучлал гуйж буй нь “Бид энэ замаар явахгүй гэж нялх хүү Улъянов тангаргалав” гэдэг шиг. (Гэхдээ Ленин тэр замаар яваагүй нь үнэн боловч Орос орныг цусанд нь үйчихсэн юм шүү) Шинэ засаг маань биднийг тийм өөр зам руу чирэхгүй биз гэж найдаж байна. Ийм “өөр” зам ч үнэхээр байдаг, бид тэр рүү урьд нь хэд хэдэн удаа орохтой шахсан шүү.

Бид биенээ дагаж хуйлран нийтээрээ хорин жил балайрцгаалаа, одоо цөмөөрөө амьдралаа бодоцгооё, тэгэх үү?!

2021.9.14

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.05.06) 31 мин Говь-Алтай аймагт согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа 31 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 32 мин УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 33 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 33 мин Тавдугаар сарын 6-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ 35 мин Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 14 цаг 46 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 49 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 14 цаг 50 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 14 цаг 51 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 14 цаг 51 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 14 цаг 52 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 14 цаг 53 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 16 цаг 56 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 16 цаг 58 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 59 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 16 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 17 цаг 1 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 17 цаг 38 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 17 цаг 38 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top