x

Спортыг улс төрөөс салгах хэрэгтэй болжээ

Өнөөдөр Монголын нийгэмд боксчин залуугийн зодуулсан бичлэг шуугиан тарьж байна.

Энэ зодоон дээр амтай болгон дуугарч, хоёр тал болоод үзэж тарж байна аа. Өнөө ковид, нас баралт, эдийн засгийн уналт, түгжрэл энэ тэр бол бүр цаашаа.

Хамгийн эмзэг, хамгийн их олны анхаарлыг татсан хэрэг боксчдын зодоон болж хувирлаа. Энэ юунаас эхтэй вэ гэж бодож үзсэн хүн байна уу.

Энэ бол спортын холбоодыг улстөрчид, сайд дарга нарт удирдуулсны гор нь гарч байгаа хэрэг юм. Мөр мөрөөрөө явах ёстой спорт, улс төр хоёр манайд хүзүү сээрээрээ холилдоод удаж байна. Спортын холбоодыг чиглэл чиглэлийнх нь төрийн бус байгууллага удирдаад явах ёстой байтал манай улстөрчид холилдож, өмчилж шахуу авч давхиж байдгийн гор өнөөдрийн зодооноор гарч байгаа юм.

Манайхан хувь хүнээс шалтгаалж байдаг багийн бус спортыг төрөөс хэт өөгшүүлж тойглож байдаг. Жамаараа яваа улсад бол спорт спортоороо, төр нь өөрийнхөө ажлыг хийгээд явдаг. Ингэж л тогтсон, тэгж л ажилладаг. Манайхан энэ жаягийг дагах ёстой.

Гэтэл шүдгүй нохой булуу хураана гэгмээр өөрийнхөө салбарын ажлыг дийлэхгүй байгаа сайдууд спортын нэг холбоог даагаад авчихдаг. Ерөнхийлөгч энэ тэр гээд сэтрийг нь зүүчихээд даналзаад явна. Үр дүн нь өнөөдрийн зодоон тойрсон дуулиан шуугиан юм.

Ер нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг багийн бус спортууд тухайн тамирчиндаа хүмүүжлийн асар их доголдол авчирдаг. Тэдний үзүүлсэн амжилт, алдар гавьяа нь зөвхөн хувь өөрт нь ирдэг. Тэр их ачаалал, нэр нөлөө, мөнгө төгрөгний ая данг нэг хүн дааж явна гэдэг боломжгүй. Хүссэн хүсээгүй "би баатар" болж, ард түмэн, төр засаг өөрт нь өртэй юм шиг санагдаж эхэлнэ.

Тэгээд УИХ-ын гишүүн, бүр болилоо гэхэд овоо том даргын албан тушаалд сууж аваад сэтгэл нь тайвширдаг бололтой юм билээ. Ийм жишээ захаас аваад элбэг.

Олимпын аварга жүдочийг магнай дээрээ залсны үр дүн юугаар төгсөв. Монголын Олимпын хорооны ерөнхийлөгч болж өргөмжлөгдсөн тэрбээр найзыгаа алчих шахам зодож, өөрөө шоронгийн хаалга татах дээрээ тулаад сууж байна. Араас нь одоо бас нэг тахин шүтэгдсэн олимпын аварга боксчны нэр яригдаад эхэллээ.

Энэ мэт өөрийгөө эзэн, хаан заан мэт дөвийлгөж боддог тамирчин маш олон. Ил л гардаггүй болохоос биш залуу тамирчдаа зодох, дээрэлхэх нь юу ч биш гэж ярьдаг.

Шигшээ багт үзүүлсэн амжилтаараа биш, эрх ашгийн нэгдэл, танил талаараа ордог гээд яриад байвал жирийн бус зүйл их. Нэг зүйл нэмэхэд, амжилт гаргасан тамирчинд төрөөс сард олон сая төгрөгийн цалин олгодог болсноос хойш тамирчид эрсдэлтэй зүйл хийхээ больсон гэдэг. Үүнийг ялчихвал cap бүр их мөнгө авна гэж бодохоос хөдлөхөөс ч эмээдэг. Юун эрсдэлтэй мэх, олон хувилбар угсруулан хийх, өнөө мөнгө бодогдож зогссоор байгаад ялагддаг болсон гэж спорт сонирхогчид ярих болсон. Энэ бол багийн бус спортын тухайд юм. Нэг хүний спортын нийгэмд үзүүлэх нөлөө ч бага.

Харин багийн спортын тухайд арай өөр зүйл яригддаг. Яагаад спортод ингэж их ач холбогдол өгөөд, төр хүртэл оролцоод байдаг нь саяхны юм биш л дээ.

Социализмын үед спортоор дамжуулан улсынхаа нэрийг тив дэлхийд гаргах нь туйлын зөв боломж байв. Интернэт, сүлжээ, харилцаа холбооны хөгжил таг харанхуй байсан тэр үед спортоор дамжуулж улсынхаа нэрийг гаргахгүй бол жижигхэн улсыг хэнбугай ч мэддэггүй байсан үе. Тэр үеэс хойш орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, дэлхий хавтгай болчихсон.

Нэг товч дараад Монголын тухай бүхий л мэдээллийг авчих болсон энэ цагт уул уурхай, аялал жуулчлал зэрэг эдийн засагтаа нэмэр болохуйц салбартаа ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт татах ажил хийх нь хамгийн оновчтой хувилбар юм. Нэг хүний спортыг тахин шүтдэг цаг хэдийнэ өнгөрсөн.

Манай поп коммунистууд л энэ үзэл, арга барилаас салахгүй зуураад байгаа болохоос дэлхийн чиг хандлага өөр өөрийнхөө зам мөрөөр хөгжиж явна.

Нийгмийг шуугиулаад байгаа өнөөдрийн үйл явдал боксчдын зодоон юм шиг харагдавч жинхэнэдээ бол улстөрчдийн хэрүүл, бие биенээ чадах гэсэн явуулга үргэлжилж байна.

Боксын холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн. Түүнд дургүй хэсэг бүлэг хүмүүс энэ зодооныг дэвэргэн, "Ард түмэн хүүгээ өмөөрнө" гээд хүч оруулан чангалж байна.

Мэдээж, сайдыг өмөөрөгсөд нөгөө талд нь цовхчиж байгаа. Учир мэдэхгүй нэгэнд нэг зодооны тухай, хөөрхий муу хүүг ухаан баларттал нь нүдэж байгаа зэвүүцэм үйл явдлын эргэн тойронд хэрүүл өрнөж байгаа санагдана.

Үнэндээ үүнтэй зэрэгцээд улс төрийн өрсөлдөөн, бие биенээ намнах ажиллагаа л ингэж өндөр аваад байгаа билээ. "Түмний нэг" хэмээх Монголын уран сайхны кинонд морины дуудлага худалдааны хэсэг байдаг даа. Эхнэртээ морь авах гэсэн хоёр эр үнийг нь бие биеэсээ өрсөн өсгөөд байдаг. Түүнийг харсан нэгэн "Ямар ид шидтэй морь болохоороо ингэж үнэд хүрдэг байна аа" хэмээн гайхшрахад хажуугийн өвгөн "Мориндоо ч биш байх аа, хүүхээ" гэж учрыг нь тайлдаг.

Түүн шиг энэ их дуулиан бол яг зодоондоо ч биш юм аа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эхлүүлсэн найр ийм зодооноор төгсөхөөр ингэж шуугилгүй яах вэ, зүйн хэрэг.

Энгийн нэг төрийн бус байгууллагын удирдлагууд зодолдсон бол хэн ч тоохгүй, сонирхох ч үгүй. Шүүх цагдаагаараа асуудлаа шийдээд л болоо. Цаашид дарга нар далчиганаж спортын холбоодын ерөнхийлөгч энэ тэр гэсэн сэтэр зүүдгээ болих хэрэгтэй. Спорт спортоороо, улс төр нь өөрийнхөө зам мөрөөр явахгүй бол ийм хэрүүл зодоон үргэлжилсээр байх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 2 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 9 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 18 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 42 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 15 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 14 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 37 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 43 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 39 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 49 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 50 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 51 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 52 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 53 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top