x

Малын гоц халдварт өвчнөө хэзээ мэдээлэх вэ, Мал аж ахуйн сайд аа?

Есдүгээр сарын 1-нд ХХАААҮЯ-наас Ховд аймагт мал нядлах, мах боловсруулах загвар үйлдвэр буюу үйлдвэр технологийн парк байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулснаа зарлажээ. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлжүүлэхэд стратегийн ач холбогдолтой гэж үзсэн загвар үйлдвэрийг байгуулах ТЭЗҮ, судалгааг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран боловсруулсан байна. “Ховд аймгийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг байгуулснаар байнгын 2271, түр 1100 ажлын байр шинээр бий болж, экспортоос жилд дунджаар 132 сая долларын орлого олох, ДНБ-ийг 636,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой хэмээн танилцуулжээ. Оршил бол гоё байлаа.

Гэвч мал, мах бэлтгэхийн тулд мал эрүүл байх ёстой гэдэг номер нэг шаардлага, жилийн жилд, намрын намарт яригддаг сэдэв. Харамсалтай салбарын яамны зүгээс энэ тухай ор сох мартсан бололтой. Ялангуяа малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд мал, махны экспортод шууд хориг тавигддаг. Хамгийн багадаа 3-5 жил мал, мах экспортлох эрхээ хасуулдаг. Энэ утгаараа малын гоц халдварт өвчин гарах нь хүн, малын эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт ч хорлол сүйтгэлтэй зүйл.

Манай улс 1989 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын /ДМАЭМБ/ гишүүн орноор элсэж, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. ДМАЭМБ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран олон улсад мал амьтны халдварт өвчнийг хянах, мал эрүүлжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулан гишүүн орнуудтай хамтарч ажилладаг.

Энэ байгууллагад нэгдсэн гишүүн орнууд “Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн код”-ын дагуу харилцан хэлэлцээр хийж, тэгш эрхтэйгээр мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Мөн бусад гишүүн орны мал эмнэлгийн байгууллагуудтай шууд харилцаж, худалдаанд тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагаа тохиролцдог.

Товчоор хэлбэл, олон улсын худалдаанд хорио цээр тавигддаг өвчнүүдээр "эрүүл" гэсэн статусыг тус байгууллагаас авсан тохиолдолд Монгол Улс дэлхийн зах зээлд мал, мах, түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалах боломжтой гэсэн үг. Тиймээс манай улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхий малын эмч буюу Мал Эмнэлгийн Ерөнхий газрын дарга нь ДМАЭМБ-д 24 цагийн   дотор мэдээлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээсээ манай улс, Засгийн газар, харьяа агентлагийн дарга нь татгалзаад удаж байна.

Тодруулбал, олон нийтийн сүлжээнд байршуулсан Мал эмнэлгийн газрын пэйж хуудсанд 10 аймаг, 33 сумыг хамарсан малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тухай мэдээлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоогийн байдлаар 341 малчин өрхийн нийт 19779 толгой мал гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн гэсэн байна. Өвчний тархалтыг зогсоохоор төв, орон нутгийн төрийн захиргаа, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоож, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан  гэсэн боловч энэ тухай тус байгууллагын албан ёсны сайт болон ХХААХҮЯ-ны мэдээлэлд нэг ч үг, үсэг тавигдсангүй.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ өвчин дөнгөж сая гарсан ч юм биш, өнгөрсөн зургадугаар сард Ховд аймгийн Булган суманд эхэлж гарсан гэвэл халдвар тархаад даруй гурван сарын нүүр үзээд байна. Хуулиараа бол хоёр болон түүнээс дээш аймагт хүн, малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж, УОК-оос хорио цээрийн дэглэм тогтоох ёстой. Мөн хамгийн түрүүнд хил залгаа хөрш орнууд болон ДМАЭМБ-д 24 цагийн дотор мэдээлэх үүрэгтэй. Гэтэл аль алийг нь хийлгүй бүтэн гурван сар нуун дарагдуулсан нь манай Засгийн газрын санаатай үйлдэл байхаас гарцаагүй.

Үүнээс илүү ноцтой бас нэг зүйл нь манай улсад малын шинэ төрлийн гоц халдварт өвчин бүртгэгдсэнийг салбарын яам, мэргэжлийн байгууллага ор тас нууцалж байна. Үхрийн товруут өвчин гэж нэрлэгддэг энэ өвчин Дорнод аймгийн 10 гаруй сумдад тархаад байгаа юм байна. Халдвар авсан малын 10 хувь нь үхэж байгаа гэнэ. Албан ёсны, мэргэжлийн байгууллагууд нь мэдээлэхгүй байгаа учраас өвчин хэзээ, ямар замаар халдвар гарсан, хэр олон мал, амьтанд халдварласан нь тодорхойгүй. ХХААХҮЯ болон МЭЕГ бас л амаа тас жимийгээд сууж байгаа.

Одоогийн байдлаар  Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Хэрлэн, Булган, Баянтүмэн, Баяндун, Сэргэлэн гэх 10 гаруй суманд үхрийн товруут өвчин бүртгэгдэж, Хэнтий аймгийн зарим сумд руу ороод байгаа аж. Манай улсад өмнө гарч байгаагүй шинэ төрлийн өвчин учраас хамгаалах вакцин хийгдээгүй, одоо хийе гэсэн ч вакцин нь орж ирээгүй. Тиймээс сумдын мал эмнэлгийн тасгийн эмч, ажилтнууд л сандран гүйлдэж, тэр, энэ суманд халдвар гарлаа шүү, хамгаалаарай, сэргийлээрээй гэж бие биедээ дамжуулаад сууж байна.

Үхрийн товруут өвчин гарсан тухай мэдээлэл энэ сарын 2-нд анх олон нийтийн сүлжээнд тавигдсанаас хойш Баян-Овоо, Цагаан овоо, Хөлөнбуйр сумын мал эмнэлгийн тасгууд олон нийтийн сүлжээг ашиглан мэдээлэл дамжуулж, сэрэмжлүүлэг түгээжээ. Харин энэ асуудлаар хамгийн эхний мэдээллийг авч, арга хэмжээ авах, олон улсын байгууллагад мэдээлэх үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий малын эмч Б.Ганзориг гуай нүдэн балай чихэн дүлий суух.

Уг нь өөрөө малын эмч мэргэжилтэй, өмнө энэ байгуулагад ажиллаж байгаад дэвшсэн хүн учраас ийм зэргийн ажлыг бусдаар заалгах хэмжээний хүн биш. Харамсалтай нь, бас л ажил, асуудалд мэргэжлийн гэхээсээ дарга, даамлуудынхаа үзэмжээр ханддаг нэгэн бололтой. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын шахаасаар томилогдсон, 10 жилийн нэг ангийн хүүхэд гэж сонсогддог авч эрхбиш "номыг нь үзээд ногоотой шөлийг нь уусан" учраас ажил, албандаа арай өөр сэтгэлээр хандах болов уу гэтэл үгүй бололтой. Эсвэл Мал аж ахуйн сайд З.Мэндсайхан /ХХААХҮЯ/ өөрөө Мал эмнэлгийн даргадаа "мэдээлж болохгүй" гэдэг үүрэг, чиглэл өгсөн байх. Үгүй бол энэ хоёр хүний өгсөн мэдээллийг Засгийн газар, Ерөнхий сайд нь нуун дарагдуулсан гэсэн үг.

Ямартай ч улс орон даяар аюулын харанга дэлдэж, УОК-ийг түргэн авахуулах ёстой малын гоц халдварт өвчин зэрэг зэрэг гарчихаад байхад мэргэжлийн байгууллага, харьяа яам агентлаг, төв Засгийн газар нь эс мэдээч болон хэлээ залгиж суугаа нь аль хэдийн тарчихаад байгаа халдварт өвчнөөс ч илүү хорлол, сүйтгэл болж байна. Ядаж л олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цаг хугацаанд нь мэдээлээгүйнхээ төлөө Засгийн газар ямар нэг байдлаар хариуцлага хүлээж таарна. Тэр нь худалдааны хориг байх уу, түүнээс давсан хариуцлага ирэх болов уу.

Аль хэдийн олон нийтийн сүлжээнд тавигдаж, орон нутагт үймээн шуугиан болж байгаа өвчний тархалтыг олон улсаас нууцалж болно гэж итгэж суугаа манай төрийнхөн алгаараа нүдээ таглачихаад нуугдчихлаа гэж итгэдэг учир мэдэхгүй хүүхдээс ялгаагүй. Яаж толгойд нь ордог байна аа?!

Үхрийн арьс товруутах өвчин гэдэг нь арьсан дээр гүвдрүү, зангилаа үүсэх, халуурах шинжээр илэрдэг вирусын гаралтай халдварт өвчин юм. Шавьж идэвхитэй үед буюу дулааны улиралд мал ихээр өвчилдөг. Өвчлөл бүртгэгдсэн орны мал малын гаралтай бүтээгдэхүүнд экспортын хориг тавигддаг тул эдийн засгийн асар их сүйтгэлтэй. Хүнд халдварладаггүй.

Шинж тэмдэг: 1-5 см диаметртэй товруу, гүвдрүү үүсч өндөр халуурна. Товруу хэсэг хугацааны дараа алга болох боловч өвчилсөн хэсэгт гүн шарх үлдээдэг, өвчилсөн үхэр тэжээлдээ дургүй болж, гэдсээ татан сүү нь татардаг. Суга, цавины булчирхай томорно. Хээл хаяна. Нүд, амьсгалын зам болон хоол боловсруулах эрхтэний салст бүрхүүл үрэвсэнэ. Зарим үхэрт шинж тэмдэг илрэхгүй боловч халдварыг тараах эрсдэлтэй.

Ихэвчлэн шавьж, хачигт хазуулах үед, эсвэл өөр газар нутгаас халдвартай үхэр оруулж ирснээр халдвар тархдаг. Мөн халдвартай малтай нэг худгаас услах үед, ердийн болон зохиомол хээлтүүлгийн үед халдварлана.

Урьдчилан сэргийлэх: Эрүүл малыг вакцинжуулах, сүрэг сэлбэх үхрийг баталгаатай газраас худалдан авах, худалдан авснаас хойш хамгийн багадаа 28 хоног тусгаарлаж, хорио цээрийн хязгаарлалт тогтоох, гадна шимэгчдээс хамгаалах эмчилгээнд тогтмол хамруулах, тогтоол ус, өтгө бууц гэх мэт шавьж ихээр цугладаг газраас хол байлгах, сэжигтэй зүйл илэрвэл харьяа сүм, дүүргийн мал эмнэлгийн газарт мэдээлэх.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tee (192.82.69.84)
    Olon turliin ovchin garch bnaa
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас явуулна гэв үү? 2 цаг 21 мин “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна 3 цаг 21 мин Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна 3 цаг 27 мин Гамшгийн бэлэн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 3 цаг 38 мин "Урт цагаан" цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоолын ажил 95 хувьтай байна 3 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 3 цаг 51 мин АТГ-т шалгагдаж буй "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч 16 ААН-ид газар олгожээ 4 цаг 11 мин Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 4 цаг 47 мин Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ 4 цаг 58 мин Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 5 цаг 40 мин МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ 6 цаг 36 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 7 цаг 47 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 8 цаг 53 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 8 цаг 53 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 8 цаг 54 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 55 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 8 цаг 57 мин Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав 8 цаг 58 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 9 цаг 1 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 9 цаг 3 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай...
Top