x

Ардчилал-Адгийн муу Монголд ахдана

МАН,  МАХН-ын нийлбэр (МАН+МАХН=?!) бүрхэг ч бас л ялав. МАН-ын үнэмлэхүй гурван ялалт бахтай ч хэт тасархай амжилт-сонгогчдын хоцрогдол буюу яг л соц. сонгууль гэж гутрах тал бий. Бидний сэтгэхүй либериаль ардчилсан үзлийг хэрэглэж сурах өдий юм байлгүй. Бараг бүх сонгогч МАН руу ханарлаа. Адгийн муу Монголд ардчилал ахдалгүй яахав гэж тавлан жуумалзах улс ч бий дээ. 80 гарсан миний хувьд эцсийн сонгууль тул МАН-д захих үгээ хэлээд амаръя:

Юун түрүү МАХН нэрээ орхиж МАН-ын нэрийг авснаа бод. Хувьсгалт намын ленинист онолоо Ардын намын чиг баримжаагаар эргэлт буцалтгүй сольвол эх орончдын минь байгуулсан намын нэрийг өвлөх эрх нээгдэх учиртай. Бодоо Данзан нарын үзэл баримталлыг сорчлон хөгжүүлэх ёстой. ХХ зуунд туулсан эмгэнэлт зам мөрөө болъщевик орос нүдээр бус эх оронч монгол нүдээр харахыг хичээ. Ардын намыг үүсгэсэн хамаг удирдагчдыг улаан Орос толгой дараалан цаазлахад шадарлан далдганаж явсан МАХН коммунист онолоо ХХI зуунд сүйрэхэд, түүхэнд мартагдсан МАН-ын нэрийг ашиглав гэх хар төрүүлэхгүйн тулд социал демократ үзлээ ил тод баримтал гэж оюунлаг масс шаардах нь зайлшгүй. 

Ардын намыг үүсгэсэн бүх жолоодогчийг хөнөөгөөд хүсэл зорилгыг гуйвуулж мушигсан галзуу улаан Хувьсгалч нам бол Ардын намын залгамж халаа-үргэлжлэл бус харин эрлэг нь. МАН өөрийгөө хөнөөсөн алуурчнаа миний үргэлжлэл гэж шүтэх тэнэглэл. Тэгээд ч МАН, МАХН хоёрын үзэл баримтлал тэс ондоо. Нэг нь Улаантныг дагаж, коммунизм байгуулахаар хүчирхийлэл-хядлага хуйлруулж, монголчуудын амьдралыг орвонгоор нь хөмөрч туйлсан бол, нөгөө нь чөлөөт арилжаа бүхий дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр замнахыг зорьсон. Үзэл санаа үйл явдлыг чинь гүтгэж мушигсан тэс өөр санаатай дайсандаа, амиа зольж цусаа урсгасан нэрээ өвлүүлэх шиг гутамшиг ертөнцөд байхгүй. Харин үзэл санааг чинь үргэлжлүүлэн хөгжүүлье гэсэн залгамжлагч гарч ирвэл дуртай яа зөвшөөрөх нь зүй. Ардын намын анхны хэдийн мөрөөдөл мушгагдан бүдгэрснийг далимдуулж, эрхэмсэг тэднийг минь бүр коммунист болгуузай. Тэд коммунист ерөөс байгаагүй. Ар Монголыг улаан Орос тусгаар тогтнол олгох нэрээр Манж Чингээс булаасныг монголчууд түм бумаа хядуулсан ч хожил гэж залбирдаг.

“Хувьсгалт” гэсэн нэрээ хэрэггүй гээд хаясан атлаа хувьсгалын үйлдсэн бүх нүглийг өмөөрч толгойдоо арандаг хураах, шинэчлэлд чинь саад болно. Цуст мөрөө зөвтгөх байсан бол юунд “хувьсгалт” алдраасаа татгалзсан юм бэ гэнэ. Эдүгээ коммунизмыг фашизмтай ижилсүүлэх болсныг анзаар. Үйлдсэн нүглээ зөвтгөөд байвал залуу үеээ үргээнэ. Юуны төлөө “хувьсгалт” гэсэн тодотголоо хаясан билээ, юуны төлөө коммунист үзлээ орхиж буй билээ, орчин үеийн ардчилсан сэтгэхүйд яв цав нийцэж, нийгэмд таалагдах шинэ үзэл баримталлаа ягштал баримталбал олон нийт МАН-ыг толгой дээрээ зална. Ардчиллыг дэмжигч өндөр боловсрол хүмүүжилтэй иргэдийн урмыг АН хугалснаар МАН+МАХН-д том өгөөш үмхүүлэв. Хахуузай. Хуулиа мөрддөггүй, хариуцлага хүлээдэггүй, авилга, хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн нийгмээс ХХI зууныхан залхаад шударга ухаалаг Төрөөр жолоодуулахыг хүсэж буй нь МАН коммунизмээс алсрах алтан боломж. МАХН-д уруу татагдаж, Ерөнхийлөгчийн засаглал руу гулсахгүй бол.

Улаан хувьсгалаар үйлдсэн цуст түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ эгүрт орхиод МАН-ыг үндэслэгчдийн коммунист бус эх оронч ардын үзлийг цаашид баяжуулах зам чинь ямар ч саадгүй нээлттэй цэлийж байна. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь бурхад байгаагүй ч коммунист онолд дургүйн улмаас болъщевик нарт буудуулсан эмгэнэл-МАН-ыг коммунист биш гэдгийг нотлох намын чинь “нэрийн хуудас” болох ёстой. Энэ “нэрийн хуудас” та нарыг коммунист-хэлмэгдүүлэгч хочноос чинь салгана. Дээдлэн хүндэлдэг Д.Сүхбаатар чинь Ху. намын аллага нугалаанд оролцоогүй. Хувьсгалт намын хүн биш байсан. Д.Сүх бол Ардын намыг үндэслэгч залуу. МАН-ын хорлогдсон жанжин. Тэдний нэрийг бариад МАН-ынхан ардчиллын төлөө нэрэлхэлгүй зүтгэ. Коммунист гэж хажиглавал болъщевикуудад буудуулсан Бодоо Данзан Шагдаржав Догсом Гэндэн Амар нарынхаа өмнөөс няцаа. Тэд коммунист байгаагүй. Данслаагүйтэйгээ 100 мянган гэмгүй иргэнээ Ардын намыг үндэслэгчид хүйс тэмтрээгүй. Анхны долоо тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхийнхээ төлөө амиа зольсон баатрууд. 

Ийм элитүүд байсаар атал гадаадаас суут багш эрэлтгүй. “Болъщевик” буюу “олонх”-ын толгойлогч Ленин, “меньшевик” буюу “цөөнх” болсон журмын нөхдөө хядсан этгээд. МАН-ын гишүүд юун түрүү Ленинээс холд. ХХ зууны Монголын түүх, эх орончдын намтрыг жинхэнэ үнэнээр нь тодруулж түгээх ёстой улс төрийн гол хүч бол МАН. Хувьсгалт намын түүх Ардын намын түүх биш учраас гишүүд-та нарын түүх бас биш. Та нар ч коммунист биш. Коммунист Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг барьж мөргөдөг чинь МАН-ыг үүсгэгч долоогийн үзэлд харш. Нийгэмчилгээг чинь Солийн Данзан лав зөвшөөрөхгүй. 

МАН, МАХН-ын нийлбэр урвалд гүйцэд орж хариу нь хараахан гараагүй байна. МАН-ын шинэ замаар сажлах уу, МАХН-ын хуучин замаар буцах уу гэдгээ шийдэхийн тулд урвалаа идэвхжүүл. Та нар нэг зүгт чиглэж чадсан цагт хөгжлийн хурд аяндаа нэмэгдэнэ. Эрэлхэг эх орончдын минь үүсгэсэн МАН мандахад Монголдоо хайртай иргэн бүр уухайлан дэмжих нь гарцаагүй. МАН-ын өнөөгийн гишүүд бол коммунистууд биш. Тэр тусмаа МАН-д өдгөө элсэж буй хөвгүүд охид-коммунистууд огт биш ардчилсан-социал демократууд. Хувьсгалт яргалал, айл өрхийн сүргийг дээрэмдэж, нийгмийн өмч болгоход одоогийн МАН-ын гишүүд төрөөгүй байсан цаг. Тиймээс тэд буруугүй. МАХН-ын үйлдсэн цуст геноцитоос одоогийн МАН-ын гишүүд зай барихгүй бол бузартана шүү.

АН-ын маанийг Алтанхуяг уншив. АН дотоод хямралдаа ялзарч хазайсаар сонгуулийн дараа нурах есөн шид нь бүрджээ. “Би намын дарга болно” гэж Н.Алтанхуягийг туйлахад нөхөд нь дотроо дургүй ч түүнийг гомдоож төвдөлгүй зөвшөөрсөн түүх бий. Тэр бээр АН-ын дарга, Сангийн, Тэргүүн дэд, бүр Ерөнхий сайдын сэнтий өөд улайран довтолж, хүсэл шуналаа хангаж явсан улстөрч. Түүнд бусдаас тасархай чадвар, үлгэрлэх шударга зан байдаг бол бас яая гэхэв. Тулга тойрсон муу залиа сийлэх мохоо ухаан нь мулгуутахдаа-утгагүй тэнэгээр инээдэг бөгөөд хуурамч чанар нь хүчтэй үелзвэл нүүрний нь хувиралт жолоодлогоо алддаг. Хуруугаа дэс дараалан нэг нэгээр нь дарж байж мохоо ухаан нь өөрийнхөө ярьж буйг эмхлэхчээ аядна. “Хонгил” хичээлээ бага ангийн заах аргаар самбарт зурж тайлбарлана. Аминдаа ард олондоо номчирхож буй нь тэр. Өөрт төрөөгүй зөөлөн сэтгэл албадан дуудаж, нүдэндээ гэнэт нулимс хуруулснаа гялс хувирч хонзогносон харцаар цоргино. Царай нь янз янзаар улалзаж, бодлогогүй хэлсэн үгээ буруудвал яаж ч бухахдаа сийхгүй.

Энэ бүх жүжиглэлийн цаана эрх мэдлийн төлөө дайтах хорсол буцалдаг. Дэндүү ичгүүргүй нь-увс чанар биз. Тэр бээр өөрийгөө зөндөөн юм хийсэн гэх боловч АТГ-т түүний олон хавтас хэрэг цугларсан. Байцаалт өгөхөөр дуудагдах бүрдээ тэр АТГ-ын үүдэнд телевизээр мэдэгдэл хийдэг. Хэлдэг өчиг нь “Шударга болохоор авилгачид намайг Ерөнхийлөгч болчих вий гэж айгаад гүжирдэж байна” гэдэг. Телевизийн дэлгэцээр нийтийг уяруулахаар-гүтгэгдсэн хөөрхий нэгэн болж өрөвдөм царайлна. Хавтас хэргүүд нь устсан уу яасан. Юутай ч тэр огцорч-хамтрагч нь, хүргэн нь түүний өмнөөс ял эдлэх шиг болсон.

Сая Ерөнхийлөгч болно гэж увайгүй зуршлаараа нэр нүүргүй тэмүүлэв. Харин түүнийг хаясан намынх нь гишүүд зөвшөөрөөгүй. Сонгуулийн хороог хуулиа зөрчөөд өөрийгөө бүртэг гэж сүрдүүлээд бүтэхгүй болохоор нь өлсгөлөн зарлаж, хэдэн өдөр гадаа муухай царайлж хэвтээд ч тусыг эс олов. “Дарга болно гэвэл болдог” увс мөчлөг өнгөрчээ. Мөн дарга болох хүсэл нь нурсан элит Г.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар намаа хаяна гэж мэдэгдсэнд мэл гайхав. Намын даргын сэнтий ганц. Эрх мэдэлд шунагч АН-аар дүүрэн. Эндээс л АН-ын хагарал үүсдэг. Дон шүгэлсэн хүслээ Алтанхуяг мэт нь хумихгүй бол АН-д юун ялалт, ирээдүй ч алга. Хорхой нь язганасан олон бөгсний бохир тэмцэлд АН бузартав. АН-ынхан багаар тоглох чадварыг Монголын сагсчин залуусаас сураасай.

С.Эрдэнэ ялагдах хор төгс найрсан. Хорыг хэн хэн найруулсныг бичилтгүй. Ноёлох оргилоос нисэж буй Х.Баттулга буух суудлаа засахаар алсаас далдуур залуурдаж, галын шугамд Алтанхуягийн алтан нутаг-халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал-О.Цогтгэрэл, Баянхонгорын бидон Гамбаа, ХХААЯ-наас Х.Баттулгын хормойд зүүгдсэн Туваан, Батсуурь Ганибал зэрэг торгуулийн сумангийнхан сохор ноход шиг уралцаж ад болов. Эрх мэдэлд шунагчид салан тусгаарлаагүй бол сонгуульд С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд арай олон санал авах байлаа. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэний авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжвэл намтайгаа хамт нурна гэж мэд.

Хамгийн харамсалтай нь АН сэхэмгүй доройтжээ. Үзэл баримтлалынхаа үнэт зүйлсээ дээдэлж, намаа авч үлдэх санаатай-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг М.Тулгат, Б.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь нарт горьдох л үлдлээ. Ардчиллыг хөгжүүлэх туршилга суусан гол лидерүүд хоригдож буй. Гэвч ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрэн байгаа. Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр дийлбэл АН увс компаний өмч болно. АН доторх хонзогногч хэдэн муу хүний увайгүй башир арганд гишүүд дэмжигч олноор хууртсаны горыг С.Эрдэнэ үүрэв. 1990 онд нүүдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа асаасан зулаа бөхөөхгүй юмсан.

Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болохгүй бол гишүүн байж тэвчдэггүй нөхдөөсөө салж, боловсролтой залуусаар бүтцээ сэлбэж, намаа нягт нэгтгээд, улсаа хөгжүүлэх лидерүүд АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжихэд бэлэн залуус гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах хуучинсаг гишүүн АН-д харш. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Эцэст нь хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөе. Намайг энэ үүдээр харж яваарай.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 2 цаг 31 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 2 цаг 53 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 3 цаг 15 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 3 цаг 41 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 4 цаг 11 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 4 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 5 цаг 6 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цаг 32 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 10 цаг 37 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 12 цаг 11 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 12 цаг 36 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 12 цаг 54 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 13 цаг 11 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 13 цаг 30 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top