x

Залуус аа! Сонгуульдаа оролц, Энхбатыг дэмж!

“Сайн цаг удаан тогтвол хүний муу тодорч, муу цаг удаан тогтвол хүний сайн тодордог” гэж япончууд ярьдаг. Нээрээ ч надад шинэ үеийн залуус муу цагийн үхэшрэлийг зөнгөөрөө мэдэрч, жигшиж, сөрөн түрэх байгалийн үзэгдэл шиг харагддаг юм...

Тийм ээ, миний үеийнхэн “ухаан орж ялаа алж” чаддаг болсон цагаас эхлээд өдийг хүртлэх энэ 30-aaд жил даанч ороо бусгаа, худал хуурмаг нь ихэдсэн гундуухан жилүүд байлаа.

Анх намайг сургуулийн босго давахтай зэрэгцээд л хонхны дуу, өлсгөлөн, ажил хаялт гэх мэт учир битүүлэг үгс сонсогддог байсан сан. Түүнээс хойших бага насны минь ой тойнд үлдсэн дурсамж гэвэл цирк, парк, бамбарууш кафе, картны бараа, талхны очер, шагийн архи, ягаан цэнхэр тасалбар, шатдаг Өнөрөө, Ромбо гариг, траншейны хүүхдүүд, гахай, ганзага, халтар царайт, өвгөнтийн хөндий, Зоригийн хэрэг (ядахад гэрийн ойролцоо болсон хэрэг) гэхчлэн хөвөрдөг юм. Социалист лагерын бурангуй моод болсон байр довны атмануудад бариулж, шоглуулж, гөөхийнийхөө мөнгийг булаалгасан сүүлчийн хүн нь би байх. Тэгээд та нарын үе ирсэн.

Та нарын үе, дэлхийн технологийн дэвшлийн хаялга Монголд нэвтрэхтэй зэрэгцэж эхэлсэн. Хүн бүр гар утас барьж, хаа сайгүй интернет байх нь мэдээжийн болсон тэр цагтай давхцан та нар ухаан орсон байх. Тиймдээ ч утас, интернетэд уягдан зүүгдэж, тэндээ хүмүүжиж хүн болцгоосон биз. Гэхдээ та нар азтай. Бараг тэгснийхээ ачаар өмнөх үеийнхнээсээ бага нөлөө авч, харьцангуй цэвэр, шулуун шударга, боловсон бас тууштай болон төлөвшжээ. Та нарыг өмнөх үеийн өөрсдийгөө ч таниагүй оркууд хүмүүжүүлээгүй. Та нарыг дэлхий хүмүүжүүлсэн. Америкт амьдарч буй чиний үеийн залуусаас дотор хүнээрээ чи юугаараа ч ялгарахгүй. Чи тэдэнтэй адил ёс зүйтэй, соёлтой, үнэт зүйлтэй, бас чадвартай.

Хар даа та нар, яаж очерлож байгаагаа!. Миний болоод надаас дээш үеийнхэн ингэж очерлох соёл байтугай энийг очер гэж хэлээд ч ойлгохгүй шүү. Хуучин цагийн үхэшрэлийг ямар ч дохио сануулгагүй зүгээр л тасар татан халж хаях хүч инерги та нарт бүрдсэн байна.

Даанч та нар дэндүү бие даасан, дэндүү тоомжиргүй. Дөнгөж л эхнээсээ 30 жаахан шүргэж яваа. Улс төр мэт нь Марс гаригаас ч хол яриа. Тиймдээ ч бохир улс төрчдийн хуйвалдааны тактик дотор та нарт оноосон дүр гэж байхгүй. Тэд та наргүйгээр асуудлыг шийдэж байна. Та нарыг огт байдаггүй юм шиг авирлаж байна. Тэгсэн хэрнээ та нарын ирээдүйг шийдэж байна. Бөөн бөөн өр та нарт тохоож орхиод өөрсдийн ганц насны ханашгүй хүслээ дарж ядан таамшаалж байна. Сүүлдээ бүр давраад дарангуйлал тогтоохоор зэхэж байна.

Тиймээс та нар сэр. Эрт гэлгүй анзаар. Энхбат гуайг дэмж.

Улс төр тоодоггүй царайлдаг ч ТОМё БОДё нь өмнөх сонгуулиар цагаан хуудас уншуулж, энэ удаад Энхбат гуайг дэмжиж гэхчлэн үргэлж өөрийнхөөрөө ажиглаж явдаг ухаантай. Тиймээс энэ удаад залуус та нарт ч бас уриалъя гэж бодлоо.

Энхбат гуайг танихгүй гэж үү? Зүгээр ээ, тэр нь ч дээр. Танигдсан улс төрчид ихэнх нь ашиглалтын хугацаа нь дуусаад одоо тийрэн болох шатандаа яваа. Тиймээс тэд л биш бол гэдэг логик тийм ч утгагүй биш юм. Хөнгөхөн танилцуулъя гэвэл Энхбат гуай ямар ч байсан улиг болсон улс төрчдөөс арай өөр хүн, өөр салхи, өөр аура. Магадгүй жаахан номын хүн. Аргагүй жаахан онолч хүн. Шүүмжлээд хэлбэл цагаан гартай, цэмцгэр, тэгээд бас зориггүй ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л бусдыгаа бодвол хамаагүй цагаан мөртэй, хийсэн юм, байгуулсан гавьяатай, худал хэлж хулгай хийж орон шоронгоор зүглээгүй, удам судартай, ёс зүйтэй, гэм хоргүй, нүүр бардам хүн.

Энхбат гуай гараад юу чадах юм бэ? Юу өөрчлөгдөх юм бэ? гэж хэн нэг нь хажуунаас шургавал бүү тоо. Надад бол харин ч бараг элдэв юм хийдэггүй хүн гарсандаа ч өлзийтэй санагдана. Сүүлийн үеийн дарга нарын юм хийнэ гэсэн мэдэгдэл болгоноос сэрдхийдэг болсныг ч хэлэх үү. Сав л хийвэл их наяд, их наядаар нь ярина. Угтаа бол та нараас л хумсалж буй мөнгө л дөө. Тэгээд ч Энхбат гуай гарвал харин ч олон юм өөрчлөгдөхийн цондон. Бохир улс төрийн бугларсан батга хагарах ч юм билүү. Эрүүл жаахан хэсэг нь зориг орох ч юм билүү. Ядаж л ганц удаа тэд сандралд орно, өөрсдийгөө цэгнэнэ. Нэг далайлтаар бүх асуудлыг шийдэх гэж яарах хэрэггүй. Эхний нэг алхамаа л баттай тавих нь чухал.

Энхбат гуай чинь гарах юмуу гэж эргэлзэх хэрэггүй. Гол нь та нар байдаг гэдгээ мэдүүлэх нь чухал шүү дээ. Сайн цагийн харангыг дэлдэж, лантуун жингээр дохио өгвөл ганц өдрөөр ч болов цаг наашилж, шинэ үеийнхний ачаа зүдгүүр сөөм ч болов нимгэрнэ.

Эцэст нь яагаад заавал Энхбат гуай юм, гэж үү? Яг үнэндээ асуудал Энхбат гуайдаа ч биш юм. Жинхэнэ асуудал нь улс төр арай дэндүү заваан болоод байна. Арай дэндүү олон түмнээс хөндийрөөд байна. Улс орон арай л цөөн хүний тоглоом болоод байна. Бид арай дэндүү муухайгаар доромжлуулаад байна. Миний бас надаас дээш үеийнхэн тэгэх тусам нь дээшээгээ долоож ой гутаахыг яана. Харин та нарт яг одоо сонгуулийн завшаанаар, бүрэн эрхийнхээ дагуу тэдэнд хандаж “Битгий давар” гэж чангахан сануулах боломж байна.

Би та нараас айдаг. 1 биш удаа хаясан тамхины ишээ түү гэж загнуулж байснаа санаж байна.

Би та нарыг хүндэлдэг. Дуулсан, мэдсэн, сонирхсон бүхнээ хамгийн түрүүнд та нартай хуваалцахыг зорьдог.

Би та нарт итгэдэг. Та нарын цаг ирэхэд өнөөдрийн энэ бараан үе хөөрхийлөлтэй марзан түүх болон дурсагдах биз.

Харин одоо би та нартаа хандаж байна. Өөрийнхөө ч төлөө, та нарын ч төлөө гэсэн итгэлээр үзэл бодлоо хуваалцаж байна.

Сайн цаг удаан тогтвол хүний муу тодорч, муу цаг удаан тогтвол хүний сайн тодорно. Тийнхүү хүний нийгэм өгсөх уруудахыг ээлжилдэг биз ээ…

Харин та нарын үе сайн цагийн үүрээр өдлөж, үдэд нь жаргах болтугай.

ТОМё БОДё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • batuaj (192.82.74.244)
    Сайн уу. Энхбатад амжилт Харин гишүүнээс буцдаг шиг буцахгүй шүү Ер нь туйлбартай байна Монгол аль болохоор бие дааж явах, хөгжих Монгол ядуу, гуйлга гуйх орон гэсэн сэтгэлгээг орхих. . . Цахим яам байгуулахыг зогсоох Ер нь цахим бол хүн бүр л чадах ажил. Төр хийх ажлаа цахимдаа л хэлнэ. Улс бол өөрөө өөрийгөө идэж байгааг зогсоох. ер нь яам хэт нүсэрдэж байна. Сайд гэнэ, сайд бүр хэвлэлийн төлөөлөгчтэй. Сайд чинь өөрөө ярьж чадна бизээ? Ярьж чаддаг хүн үг хэлэх төлөөлөгч хэрэггүй. Монгол ярьдагаас хийдэг хэрэгтэй. За уучлаарай. Эх орноо бодохоор тан руу л байх. Та чадалтай... итгэнэ. Ажил санаснаар болохгүй байна. Тэр үед л ухаан заана шүү. Энэ гарчиг болоо. Цагаан сонгууль гэснээс хамаагүй дээр. Харин цагаан сонгууль хэмээгч урвагч. Та чбас сайнорохыг залуууст хэлээрэй.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 18 цаг 37 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 18 цаг 41 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top