x

Дипломатын томилгоо чавхдастай адил

Ахмад дипломатч Д.Ёндон гуай (манай ахмадууд “Ёндон сайд” хэмээн авгайлдаг) 2016 онд “Үнэн учрыг өчих дэвтэр” хэмээх номоо туурвижээ. Хожим нь хэвлэхдээ “Үнэн учрыг өгүүлбээс” хэмээн зөөлрүүлж гарчиглажээ. 

Манай улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүх, гадаад бодлогын гал тогооны нарийн ширийн (зарим нь нууц) олон асуудлыг нэг дор цэгцтэй оруулсан эл ном нүдний гэм болоод эрэл сурал ихтэй байгаа. Этгээд гарчгаа тэр номоос тайлсан хэсгийг би дор сийрүүлнэ. Юун чавхдас, ямар учраас чавхдас хэмээн гайхацгаах биз. Сенсаац хөөцөлдөж этгээд гарчиг авсан бус Дипломат албаны томилгоо гэдэг бол хэн хүний санаснаар хийдэг бүтдэг, ар өврийн хаалганы ажил үйлс биш, хөгжмийн чавхдас утас шиг нарийн ширийн, эмзэг (алдаж болохгүй гэдэг утгаар), бас чанга хатуу, тасрашгүй байх учиртай гэсэн санаагаа би буулгаж байгаа царай нь энэ.

Энэ тухай бичнэ үү хэмээн ГХЯ-нд алба хашдаг шавь нар маань хүссэн, хэлсэн, зовинолоо ярьсан, бас гадуур дотуур хэл ам их таталж буй, саваагүй нөхөд Дипломат албаны томилгоо гэхтэй зэрэг тэсэн ядан хүлээдэг, мөлждөг, сенсаацалдаг, УИХ-ын өмнөх ба одоогийн гишүүдээс Дипломат алба руу үр хүүхдээ, ах дүүсээ, бүр болохгүй бол жолооч нараа байнга шахдаг болсон, шахсаар ч байгаа, тэд хилийн чанадад томилогдон ажилладаг, мэдлэг мэргэжил нь хүрэхгүй ч улс төрч ах, аав, ээждээ найдаад хүрлийгээд хэнэг ч үгүй сууж байдаг, алдааны ихэнхийг тэд гаргадаг гээд элдэв яриа хөөрөө тасрахгүй. 

Дипломат алба ба дипломатч гэдгийг манайхан дэндүү хялбараар бодож төсөөлдөг болчихжээ. Гадаад хэлний дөртэй бол хэн ч хийчихдэг хөнгөн ажил юм шигээр боддог. ГХЯ, Дипломат алба гэхлээр ёслол протокол, виз паспортын үйлчилгээнээс цааш байхгүй мэтээр үздэг, ер нь л хөнгөн хялбар, тансаг жаргалын ажил гэх шахуу.

Эсвэл нуль арын хаалга учраас тэдэн дунд арын хаалга хэрэглээд орчиход татаж унах олон хань нөхөртэй гэдэг ч юм уу, ер нь амьдрал ахуйгаа өөт татах, мөнгөтэй болох, эсвэл сонгуульд явсны төлөөсний шан гэж хардаг бололтой. Явж явж маш хатуу чанга шалгуураар давж орох ёстой, чухам л орсон хүн нь чавхдас утас шиг чангалагддаг учиртай энэ албанд жинхэнэ мэргэжлийн дипломатч нь (олон улсын харилцаа, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй, тэр чиглэлийн их сургуулийг төгсгөсөн) цөөнхи болох тийшээ хандсан нь үндэсний томхон эмгэнэл бус уу?

Ийм эмгэнэлд хүргэчихгүйн тулд түүхэн туршлага сургамжаас суралцууштай. Тэр утгаар Ёндон сайдын номоос эшлэх гэж байна. Уг номын “Хуучлах хуудас” бүлгийн эхэнд “Сайд нарын томилолт” гэх дэд гарчиг буй. Түүнээс шууд эшлээд (одоо цагт үгүйлэгдээд байгааг нь тодруулав!) багахан тайлбар дагалдуулъя.

Сайд Д.Ёндон бичжээ:–Төрийн гадаад харилцааны олон чиглэл, янз бүрийн өнгө агуулга бүхий хэрэг явдлыг эрхлэх нь нэн төвөгтэй чимхлүүр ажил билээ. Өнгөрсөн үед улс орны амьдралын асуудлыг гардан шийдвэрлэж байсан цорын ганц улс төрийн нам–МАХН-аас аливаа томилсон ажилтнаа хариуцсан ажил дээр нь дадлагажуулан бататгах, боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах чиг шугам баримталж тэдний үр өгөөж, хариуцлагыг дээшлүүлэх талаар хатуу шаардлага тавьдаг учир нэгэнт томилогдсон гадаад харилцааны сайд нухацтай ажиллахаас өөр аргагүй байв. Нөгөө талаар сайдын зэрэг зиндааны албан тушаалтныг халж өөрчлөх нь сэтгэлийн үзүүрээр шийдчих хялбархан асуудал байгаагүй юм. Сайд нарыг халж солих нь өвчин эмгэгээр нас барахаас бусад тохиолдолд нэлээд хэл яриатай, зарим тохиолдолд далдын түлхээс буюу эсэргүүцэлтэй холбоотой, түүгээр ч барахгүй хөндлөнгийн улс гүрэн хүртэл байр сууриа битүү хэлбэрээр илэрхийлж нөлөөлөх гэж оролдох явдал ажиглагдаж байв. Энэ бол тэр цагийн онцлог байжээ гэжээ.

Миний тайлбар:–Тухайн цагийн хатуу шалгуур гэдгийг энд өгүүлжээ. Дурын хүн хийдэггүй, тэгж ч болдоггүй, нэгэнт томилогдвол чөмгөө дундартал зүтгэнэ гэх бичигдээгүй хууль үйлчилж, бүр гадаад гүрний (СССР) байнгын анхаарлын төвд байжээ.

Сайд Д.Ёндон бичжээ:–1990 оноос хойш гадаад харилцааны сайд нарын өөрчлөгдөж солигдох нь маш хялбар, албан тушаалдаа тогтож ажиллах хугацаа нь улам бүр богино болсоор байгаа мэт санагдана. Тэдний зарим нь хэдхэн сар ажиллах буюу голдуу ганц хоёр жил ажилласан нэр хүлээх, халагдаж солигдоод хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй алга болох зэрэг нь жирийн үзэгдэл болжээ. Тийм хүмүүсийн үлдээх мөр, үнэлэгдэх хувь хандив, хадгалагдах дүр төрх нь ямар байх нь хэлэлтгүй тодорхой буюу. Энэ бол шинэ цагийн онцлог бололтой.

Миний тайлбар:–Түүхнээ Гадаад хэргийн сайдыг Ерөнхий сайдад, эсвэл Ерөнхий сайдын орлогчид хавсаргаж ажиллуулсан, маршал Чойбалсан 2 удаа нийт 11 жил, М.Дүгэрсүрэн 2 удаа 17 жил ажилласан, Улс төрийн Товчооны орлогч гишүүн нь ГЯЯ-ыг толгойлж байсан (С.Аварзэд) нь нэгийг хэлэх мэт.

Орчин цаг руу хандуулж Сайд Д.Ёндон шүүмжилжээ:–Гадаад харилцааны сайдын албан тушаалыг төрийн өндөрлөг өөд ахих шат болгон дөрөөлөх нь бий. Тэр шатаар сайн улс төрч, сайн дипломатч дээшилж байгаа бол хэлэх үг алга. Төрийн алба хаших хатуу дэг, нарийн уламжлал тогтсон оронд бол ирээдүйд жишээ нь Засгийн газрын тэргүүнээр томилох хүнээ худалдаа-үйлдвэр, сангийн болон гадаад харилцааны сайдын албан тушаалд заавал томилж тогтвортой ажиллуулан зохих мэдлэг, туршлагатай болгон бэлтгэдэг юм билээ. Энэ бол аливаа хүн өндөр албан тушаалд зөвхөн томилогдсоноор ухаан нэмэхгүй, өмнө нь томилсон албан тушаалд идэвхтэй, нухацтай ажиллаж байж туршлага суухаас гадна улс орны хэмжээгээр сэтгэх чадвартай, голлох салбарын мэдлэгтэй болно гэдгийг нотолж байгаа хэрэг. Манайд албан тушаалд томилогдсоныхоо маргааш гэнэт оюун ухаан төгөлдөр болсон мэт сэтгэж аашилдаг хүн цөөнгүй тохиолдоно. Тийм хүмүүс ажилтан, мэргэжилтэн нартайгаа зөвлөлдөж бодол санаагаа хуваалцах, тэдний санал онолыг анхаарч сонсох, ажил хэрэгч оновчтой хэсгийг нь хүлээн авахын оронд өөрсдөө бүхнийг мэдэгч болон мэдэмхийрч голдуу тулгах, тушаахын “сэлэм далайн” зүтгэдгийг хэн эс андах вэ.

Миний тайлбар:–Манай өнөө цагийн улс төрчдийн сонгодог дүр зураг. Тэнэг хүн гэж харагдчихгүйн тулд бусдын үг санал сонсохоо больдог, уулзахаа ч больдог, дандаа өөрөөсөө дор доогуур нөхдөөр хүрээлүүлдэг, амны нь салиа арилаагүй банди охидыг дарга болгочихдог, нөгөөдүүл нь гадаад партнерууддаа гологддог. Цаадуул нь тоож ярьдаггүй. Эсвэл арын хаалганы, мафийн гишүүн мэтээр цэрвэдэг явдал нэг бус удаа тохиож байв. Ялсан намын түгээмэл зовлон шүү дээ.

Элчин сайд М.Дүгэрсүрэнг ГЯЯ-ны сайдаар томилох ба эргүүлж огцруулах асуудлыгД.Ёндон сайд маш тодорхой бичихдээ:– М.Дүгэрсүрэн нь 1982 он хүртэл Элчин сайд, НҮБ, түүний Женев дэх салбарын дэргэдэх Байнгын төлөөлөгч, ГЯЯ-ны орлогч, жинхэнэ сайдаар олон жил ажилласнаас гадна 1962 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 20 удаа оролцохдоо монголын төлөөлөгчдийг 10 удаа тэргүүлсэн, туршлагатай, олон улсын харилцааны мэдлэг сайнтай, өөртөө болон өрөөл бусдад хатуу шаардлага тавьж ажилладаг мэргэжлийн дипломатч байв. Тэрбээр тушаал зиндаа нэгтэй нөхдийн дотроос сайд шиг сайд байсан юм. Түүнийг яхир хатуу зантай гэх бөгөөд удирдах дээд дарга нарт ая тал засах гэдэггүй, ажил төрөл, зарчмын асуудлаар хэлэх гэснээ шулуухан хэлдэг нэгэн байв.

Миний тайлбар:–ГХЯ ба Дипломат албаны ахмад алдартнуудын тухай хөрөг нийтлэл-ном хэд хэдийг бичихдээ М.Дүгэрсүрэн сайдын тухай мэдээлэл чамгүй цуглуулсан. Бас 1993-1996 онд МУИС-ийн ОУХДС-д нэг тэнхимд хамтран ажиллахдаа муугүй таньдаг мэддэг болсных Д.Ёндон гуайн хэлсэнтэй санал нэг байна. Үнэхээр нягт чамбай, хийгүй, чанга, төвч, чухам л Гадаад хэргийн сайд гэж ийм хүн байх ёстой доо гэмээр нэгэн байдаг байж билээ. 

ГХЯ-ыг төр-засгаас хэр анхаарч, хянаж шалгаж, нягталж, чухам л “бөөрийг гаргаж” байсныг Ёндон сайд баримтаар хүүрнэжээ. Намын Төв Хорооны хамаарал бүхий хамгийн чухал гурван хэлтэс хамтарсан шалгалт явуулж байжээ. Үнэхээр ч Гадаад хэргийн сайдаар тасралтгүй 12 жил ажиллачихсан, бас өөрөө өргөдлөө хэд хэд дээш нь мэдүүлчихсэн Дүгэрсүрэнг өөрчлөхийн тулд ямар нэгэн далим гаргах ёстой ёо доо. 

Тэр тухай:–1988 оны гуравдугаар сарын эхээр МАХН-ын Төв Хорооны боловсон хүчний, намын байгууллагын, гадаад харилцааны гурван хэлтэс хамтран ГЯЯ-нд шалгалт хийж нийт 124 хүнтэй нэгбүрчлэн уулзаж тус яамны ажил байдал, яамны удирдлагын арга барилын тухай ярилцжээ. Сүүлийн үед ГЯЯ-ны ажлын эрч далайц суларч тодорхой ахиц гарахгүй болсон гэх буюу удирдлагын зүгээс ажилтан нарын идэвх санаачилгыг боогдуулж бүгдийг зангидан захирах захиргаадлын арга барил газар авсан гэх мэтээр яригдах болсонтой холбогдуулан ялангуяа залуу ажилтан нар санал бодлоо нэлээд тодорхой ярьсан байжээ. Тэр үеэс эхлэн Дүгэрсүрэн сайдыг халж өөрчлөх тухай асуудал дахин идэвхтэй хөндөгдөх болжээ гэжээ.

Миний тайлбар:–Өнөөгийн ГХЯ-нд иймэрхүү шалгалт оруулахыг хүсэгчид тус яамны дотор үлэмж байхын хэрээр бас нийгэмд ч бугшиж байгааг тэмдэглэх нь зөв байх. ГХЯ руу дурын монгол хүн чичлэн дайрдаг болжээ. Тэр нь ч цаанаа хэд хэдэн учир шалтгаантай. Ямар?

  • Монголын нийгэм бухимдалтай байна. Ядуурал, ажилгүйдэл, цөхрөл их байна. Ядуу цөхөрсөн хүмүүс ядуугийн зовлондоо буруутан хайгаад Гадаад яамыг тодруулчихсан, тэр нь атаархал мөчөөрхөл дагуулчихсан. Иймээс атаархаж үхэхийн даваан дээр Гадаад яамны гэсэн болгоныг үзэн ядаж хараан зүхэж хорслоо тайлдаг.

  • Хилийн чанадад хар ба бор тамхины наймаанд ДТГ-ууд үлэмж нэрвэгдсэн. Тээгч зөөгчид нь дипломатын элдэв томилгоотнууд. Тиймээс дипломатчдыг хавтгайд нь хар ба амны тамхины наймаачид хэмээн ялладаг, дэвэргэдэг.

  • ГХЯ ба Дипломат албанд арын хаалганы шахаа хэтэрсэн. УИХ-ын гишүүн байгсад ба одоо гишүүн байгаа нөхдийн үр хүүхэд, ах дүү амраг садан, адаглаад л жолооч нь хүртэл ямар нэг шалгуургүйгээр орчихсон тул хэл амны бай болжээ. Тэдний дотор сайн сайхан, зөв шударга хүн олон байгаа нь мэдээж боловч төр-засгаас хатуу шаардлага тавьж эргэж шалгаж нягтлах, мэргэжлийн шалгалт авах шаардлагатай.

  • Тэрний хүү, тэрний охин, тэрний дүү, тэрний жолооч гээд бүх нэрсийг ГХЯ-ны ТЗУГ нийтэд ил болгож тавихгүй бол хэл амнаас хэзээ ч салахгүй нь байна. 

  • Ер нь Дипломат албанд бүхэлд нь ямар нэгэн цэвэрлэгээ хийх цаг үе нь тулчихсан байна. Мэргэжил мэдлэгээр нь, гэмт хэрэгт оролцож байсан ба оролцох магадлалтайгаар нь, ааш араншин, овилго, өлөв доловчин чанараар нь сайтар нягтлан шигших шаардлагатай. Хулгай хийхээр (мөнгөний төлөө) очиж байгаа хүнийг шууд таньдаг мэргэн арга чаргыг олж нэвтрүүлсүгэй.

  • Гадаадад томилон явуулахдаа онцгой шалгуур тавимаар байна. Хэний ямар хүнийг хэн дээрээс шахаж тулгаад байгааг Сайдын Зөвлөлөөрөө нээлттэй хэлэлцэж яагаад болохгүй гэж? Ямар зорилгоор Дипломат албыг сонгож байгаа цаад зорилго шалтгааныг нь тодруулдаг ямар нэгэн механизмтай болъё. Мөнгө олох гэж байна уу, үр хүүхдээ гадаадад сургах гэж байна уу, намдаа гавьяа байгуулчихаад гавьяагаа эдлэх гэж байна уу, биеэ эмнүүлэх гэж байна уу, өөр юу ч байдаг юм, бүгдийг тодруулъя. 

Миний дээр бичсэнд дутуу хүцүү юм бишгүй үлдэж байгаа, тэр мэдээж. Манай гурван үеийн дипломатчид үргэлжүүлэн өчсүгэй, бичсүгэй!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 2 мин Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ 13 мин Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 55 мин МАН-ын анхан шатны үүрүүдэд төв талбайд сөрөг жагсаал зохион байгуулах даалгавар өгчээ 1 цаг 51 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 3 цаг 2 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 4 цаг 8 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 4 цаг 8 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 4 цаг 9 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 10 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 4 цаг 11 мин Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 4 цаг 12 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 4 цаг 16 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 4 цаг 18 мин Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ 4 цаг 20 мин Монгол, Туркийн гамшгаас хамгаалах хамтын ажиллагаа өргөжинө 4 цаг 21 мин Сэлэнгэ аймагт “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээн амжилттай боллоо 4 цаг 22 мин “Номын баяр-2025” нээлтээ хийж, шилдгүүдээ тодрууллаа 4 цаг 26 мин “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” энэ сарын 19-21-нд болно 4 цаг 27 мин Монголын байт харваачид БНСУ-ыг зорилоо 4 цаг 28 мин "Орчлон" хорооллын зүүн талд явган хүний шинэ зам ашиглалтад орлоо 4 цаг 29 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Нара уулын ямаа МАН-ын анхан шатны үүрүүдэд төв талбайд сөрөг жагсаал зохион... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү...
Top