x

Хүргэн хүү

Карантийлагдаж суугаад санаандгүй Хүргэн хүү-г ахиад үзчихлээ. Тэгээд уран бүтээлийн хувьд ёстой сайн кино юм гэж бодоод, бодсоноо бичмээр санагдав кк. Кино шүүмж биш шүү, үзэгчийн сэтгэгдэл төдий л.

Киног 1970 онд бүтээжээ. Зохиолч С.Удвал. Кино зохиол болгосон нь Д.Дожоодорж. Найруулагч Д.Жигжид. Кинонд лав зургаан зун, таван өвөл гарч байна. 

Үзэл суртал

Кинонд хорвоогийн муу бүхнийг авч төрсөн сөрөг дүр гэж байхгүй. Социалист талаас нь харсан ч бүгдээрээ “засарч” нэгдэлд ордог кк. Одоогийн өнцгөөс харсан ч Дамчаа гуай буюу Хайдав бол зүгээр баян айлын сагасан л хүү. Нутгийн сайхан бүсгүйг эхнэрээ болгох гэж санасан, өөрийнхөөрөө амьдрах гэж яваа байдаг л нэг залуу. Жамц бол хөдөлмөрөөр ухаан хоёроороо сайхан амьдарч яваа эр. Эхнэр нь заримдаа жаахан ухвар мөчид, хахир зантай. Яг манай ээж харагдаад байдаг юм ккк. Байгаа юмандаа харамдуу, айл гэрээ өнгөтэй өөдтэй байлгачий гэсэн жирийн л нэг монгол авгай лд. 

Тэгж яривал “манай Дэмбэрэл” өөрөө учиргүй хэд хувирна. Айлын адуучин байснаа хүргэн нь болонгуутаа тэр олон малыг “өөрөө зохиосон” хүн шиг л болчихдог. Нэг голд хамт өссөн нутгийн залуусаа зодно. Юм юм л болдогсон. Сүүлд нь супер нэгдэлчин болоод дуусна.

Зохиолч нарын зүгээс үйл явдал, үзэл санааг ч гэсэн тэгтлээ хоёр туйлаар хуваасан зүйл үгүй. Худгийн зодоон дээр Жамц баяны хэлдэг “албаны амины мал ямар ялгаа байхав, аль нь ч гэсэн улсын көрөнгө” гэдэг үгээр хувийнхныг тэгтлээ чичлээгүйг, мөн нэгдэлд орлоо гээд зангаа хувиргаж байгаа улсуудаар зохиолч тэр талыг учиргүй алтаар будах гээгүйг харуулдаг.

Дүрүүдийн харилцаа

Жамц баян бол ухаан гүйлгүү, цөлх, сүрхий эр. Цаг үеэ ганган мэдэрнэ. Яг хэрэгтэй цагт нь хэрэгтэй үйлдлээ хийдэг. Охинд нь санаархах сагсуу Хайдавыг, “дотуур тамиртай, хожихгүй байж наймаа хийнэ!” гэх зэргээр шүүмжлэхийн дотор “Миний үгэнд орохгүй, охиныг нь сараар хаяж найр наадам эргүүлнэ” гэсэн нь гол цохилт юм. Аж ахуйч хүн хүргэнд тал өгөхдөө ч “хүний нөөц”-өө боддог байх нь. Гэхдээ энэ нь хэтрээд Дэмбэрэлийнхээ санаанд “юм хийчихдэг”. Эхнэр Аюуш нь ам нийлцэн, “Гаднаа ганц нохой ч гүй” ч гэж байх шиг. Энэ эмэгтэйчүүд ер нь л алив юмны давсыг чангаруулнуу гэхээс сулруулахгүй улс ккк.

Мөнөөх цуутай “юм үзээгүйм болохооор Дэмбэрэл их л баярлаж байна лээ” гэдэг үг ч бас учиртай. Хот ороод хүргэндээ авч өгсөн “өнгө нь зүгээр ч, чулуу нь муу” гансны соруул дээр охин нь “олигтойхон юм авчихгүй дээ!” гэж үг хаяхад Жамц баян, “ус үзээгүй байж гутал тайлах гэгчээр яагаа, яагаачгүй байж яаж болохов дээ охин минь” гэдэг. Хүүхэд шуухад ч гараагүй, ёстой л яагаа ч билээ гэж байтал Дэмбэрэл охиноос нь салаад алга болдог. Жамц бол амьдралын хар ухаантай, алсын хараатай монгол өвгөцүүлийн сонгодог дүр юм.

Улаан Цамбын хүү Хайдав эцгийн хөрөнгөн дээр холбирсон ч гэсэн юмны учир ойлгодог, намдуу зөөлөн эр байдаг. Харин Дэмбэрэл хажууд нь сагсуу ойворгон, ул суурьгүй, хүний өөрийн өмчийн мэдрэмжгүй нэгэн. Нэгдлээс бултуулаад нэр дээр нь болгоцон малыг гараа ардаа үүрэн ханхалзаж байснаа хүнд өгч барина. Гү эзэнтэй нь яридаг байгаа даа ядаж. Должинтой гэрлэсэн учраа улаан цагаан, “Сайхан хүүхэнтэй сууя, сайн морь уная, өнгөтэй өөдтэй явья л гэсэн юм” гэж авна хаха. Хувь хүний үүрэг хариуцлагын тухай ойлголт нэлээн нимгэн дэг ээ. Гэхдээ ажилсаг, архи дарс уудаггүй чухал сайн талтай. 

Энэ мэт хүний дотор гадна олон янз төрхийг зохиолчид тун ч ганган гаргажээ. Яг л Тунгалаг Тамир дээр бидний шагшин яриад байдаг, тухайн нийгмээ уран аргаар чихмэж чадсан гэсэн үг. 

Харилцан яриа

Монголын уран сайхны кинонуудын хамгийн шилдэг харилцан яриатайн тоонд Хүргэн хүү лавтай орно. Согтуу Хайдаваас зугтаасан Должиншөнө Санжидын гэрийн хаалгыг огло татан ороход Санжид “хэн бэ?!” гэж уулга алдана. Монголчууд тэгдэг л шүү. Салаад явсан Дэмбэрэлийг дагаж нэгдлийн төвийн шороон дээр ирсэн Санжид гуай Лхам эмчийг орж ирэхэд нь үгээ хэлнэ:

“-Өөрт заяагаагүй ч гэсэн, буянтны буянаар болоод л явсан. Халуун зун хар цай ууж гол харлаж үхэх нь. Гэцүү байнаа Лхам минь. Би яаж энэний гарын аяыг даахав дээ. Ямар сайндаа л ингэж арьс элдэж суухав. Энэ нэгдлийн хаяа бараадсан биш амаараа шороо үнкэх нь. Манай энэ нэг хүүхэд гэж толгой нь эргэсэн амьтан. Одоо ажил төрөл ч үгүй, мөнгө төгрөг ч байхгүй хэцүүдлээ. Яаж амь зуух гэж байгаа хүүхдэв”. Энийг яг ингээд текстээр бичихэд эг маг харагдах ч яриулахаар яг л амьдрал хүүрнэж байна. Кино оролддог манайхан анзаарахад гэмгүй санагдана.

"Гэрийн гадаа суугаа Дэмбэрэлийн ээж  шиг" гэсэн хэлц ч бий дээ. Миний ч хамгийн дуртай, цохилттой кадр. Сүү цагаанаас холтгоод нэгдлийн төвийн шороон дээр "хаягдсан" хөөрхий эх ёстой л зовж сууна. Энэ үеийн кинонуудын амжилтын бас нэгэн шалтгаан үнэхээрийн тодортой жүжигчид байдаг. Бас чихэнд наалдацтай яриа. Жүжигчин Т.Цэвээнжав гуай ерөөсөө жүжээгүй байгаа юм шиг жүждэг байж.

Зарим гоё харилцан ярианы жишээ:

1.Должин Хайдавыг жийгээд Санжид гуай дээр орж ирж байна. 

-(Санжид айсан) Хэн бэ?

-Би байнаа

-(Санжид цухас тайвширсан) Аан, яагаав хүү минь?

-Хайдав согтуу ирж марзганаад...

-(Санжид мэгдсэн) Тэгээд яах билээ?

Яг л болж байдаг хөөрхөн яриа байгаа биз дээ?

2. Малаа услах гээд нэгдлийнхэнд дээрэлхүүлээд чадаагүй Должин ирлээ:

-Хөөш Дэмбэрэл ээ, хонь услуулахгүй байна?

-Хэн тэгж донгосч байна?

-Нөгөө Тэл эмгэний Сэмбээ, Палам хоёр л байхгүй юу...

-Малын бараа хараагүй муусаймнууд зүгээр галзуурах гэж!

Ингэж хэлээд босон харайсан Дэмбэрэлд эхнэрийг нь дээрэлхсэн явдал эхний шалтгаан биш байжээ. Эхнэрээ биш эдийг чухалчилж байгааг зүгээр ингээд үйл явдлаар харуулчихаж дөнгөдөг байсан байна хуучин киночид.

3. Хайдав шөнө дөлөөр гэрт орж ирээд охиныг элдээд гараад явчихсан хойгуур Жамц Аюуш хоёр орондоо:

-Жамц аа

-Айн? 

-Чи цаадуулагаа оруулж ирээч

-Хайдав бас согтуу яваа юмуудаа

-Согтуу нь ямар хамаа байсым оруулаад ир.

-Учраа ололцох байлгүй дээ

-Юу учраа ололцох гэж!

Хайдав гэж хэн болох, Хайдавт хэн нь яаж ханддаг болох бүхий л сториг иймхэн харилцан яриагаар тод томруун харуулчихаж дөнгөдөг байжээ манай хууччуул.

Хараад байхнээ, манай орчин цагийн киноны муу хэлүүлдэг шалтгааны нэг нь маш их дэмий үг, үйлдлүүд байдаг. Тэдгээрийг нь хасаад шахвал 15 минутын шотфильм л болохоор. Нэгэнт хүнд үзүүлж байж заавал дүр нь яриагаараа тайлбарлаж байж юу болоод байгааг ойлгуулаад ирэхээр л тэр кино биш болчихож байгаа юм. Манайд нийтлэг байдаг дутагдал. Гэтэл Хүргэн хүү киноны нэг үйлдэл, нэг үг бүр нь кинондоо туйлын хэрэгцээтэй, дүрийг болон үйл явдлыг танилцуулах ач холбогдолтой байна. Аюушийн ах Сэрээнэнг ч гэсэн тийм хүн гэж нэг ч танилцуулдаггүй боловч богинохоон гардаг хэсгээс мань эрийг хувь хувьсгалаа хөөрхөн тэнцүүлчихдэг, хэнхэг ч биш зайтай эр болох нь шууд ойлгогдоно.

Бусад сонирхолтой өнцгүүд

Айлын мал хариулснаас нэгдлийн мал хариулах нь дээр, нэгдэлд элсүүлсэх хурал туйлын “зарчимч” явагддаг гэх мэтийн үзэл суртлыг хасаад харахад хэдэн хөөрхөн сонирхолтой зүйлс ажиглагдана.

  • Гадныхан их гайхдаг дугуй монгол гэрийн онцлог Хайдавыг орж ирэхэд нь гардаг. Ердөө тав зургаан метрийн зайтай аав ээж хоёр нь унтаж байхад мань эр орж ирээд охинтой нь бөөн юм ярина. Монгол гэр ингэж болдог акустиктай шүү дээ. 
  • Хүний хоч нэрүүд их гарна. Суурин Балдан, Улаан Цамба, Баян Жамц, за тэгээд хамгийн оргил хоч нь зохиолчийн өөрөө өгсөн “Хүргэн хүү”.
  • “Жар гарсан чавганц” гэдэг хэллэг гарна. Нээрээ л дээр үед “тавин насны ой” гэж жигтэйхэн ахимаг, бүх хорвоог үзцэн болуу гэмээр царайтай хүмүүсийн хийдэг найр байсан. Дөчтэй ах нар аймар мундаг, хөгшин ч харагддаг, “жар гарсан ядарсан өвгөн”-ий тухай зохиол бүтээл чамгүй их байдаг байлаа. Харин өнөөдөр магадгүй үүнийг уншиж байгаа жар гарсан ах нар сошлоор хүүхнүүдийн зураг, харин эгч нар бол нүүр будалтын видео харчаад сууж байгаа нь лавтай. Тэгээд фитнесс хийж, иога нугарч байгаа байх.
  • Түүнчлэн монгол характер чамгүй их гарна. Янзгүй хүнийхээ нүүр лүү харахгүй ярих, асуудал тулсан бол нүүгээд явчих, “халуун зун хар цай ууж гол харлах”, мал төллөх үеэр хүн бүлгүйдэж сандрах гэх мэт.
  • Мөн 1950 оны сүүл үеийг харуулж буй энэ кинонд нэг ийм сонин харилцан яриа гардаг.

-Мартсанаас, хотод малын үнэ ямар бна?

-Худалдаа мал очихгүй болохоор тун сайн байгаа. Идэшний сувай үнээ мянгаас наашгүй. Гэвч өдөр өдрөөр өөр шүү дээ.

Коммунизм байгуулж байсан Монголд бас зах зээлийн өөрийн гэсэн харилцаа байж шүү. 

Зохиолчийн тухай

Зохиолчийнх нь 100 жилийн ой энэ онд тохиож буй. Сономын Удвал гуай Булганы Дашинчилэнд цуут Барон Унгерн яг Хүрээг эзэлж байх үед мэндэлжээ. Цаг үеийнхээ бахархал ч, золиос ч болсон энхэл донхолтой, ер бусын амьдрал туулж. Өнөө цагт ихээр яригдах болсон феминизмийн тухайн цагийн том төлөөлөгч байж. 

Феминистүүд мань хүний зургийг ардаа залмаар юм билээ. Ёжилж барисан зүйлгүй үнэнээр хэлж байгаа юм шүү. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, ажил хөдөлмөрийн тэгш байдал зэргийг хуулинд тусгуулж оруулсан анхны эмэгтэй бол чухам тэр. С.Удвал гуай арын эгнээний зүүн гараас дөрөвт цагаан  пальтотой, Э.Оюун гуайтай сугадан зогсож байна.

Гээд гэрэл сүүдэр хоёр нэгэн талбарт зэрэг тусдаггүй шиг нийгмийн манлайлагч түүний хувийн амьдрал тийм ч дардан, таашаалтай байгаагүй байдаг. Гэлээ ч тэр олон эмэгтэйд урам зориг өгч, үлгэрлэж чадсан “чанга гар” байж, 90 оны хувьсгалаар “гагцхүү эв нэгдлээ хичээгээрэй дээ та нар минь” гэж хэлж байжээ. Мөн тэрээр “Би нийгмийн зүтгэлийг голлож явсаар хувийн амьдралаа гоё байлгасангүй. Хойшид эмэгтэйчүүд энэ бүхнийг зохицуулах чадвар, мөн энэ бүхэн нь зохицож байх орчныг бүрэлдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж зүтгэж ёстой шүү” гэж хэлсэн нь өнөөдрийн ч үнэт үгний нэг.

Эмэгтэй хүний л бичиж чадах энхрий хөөрхөн сценүүд эл кинонд бий. Должин Хайдавыг “жийгээд” гэрт нь орж ирээд хэвтэнэ. Удалгүй Дэмбэрэл гаднаас орж ирэн, Должинг мэдэхгүй пүүшиг асаагаад сууж байснаа гэнэт харж гайхснаа нүдэнд нь инээмсэглэл тодорно. Должин ч нүдээ аажуухан нээн инээмсэглэнэ. Юутай зөөлхөн, юутай “эмэгтэйлэг” агшин болов. Тэр хоёр угийн учиртай гэдгийг ч үзэгчид ойлгоод авлаа.

Ерөөс киноны чанарыг цууд гарсан үгнүүдээр нь тодорхойлж болно. Мөнөөх “юм үзээгүйм болохоор..” гэдгээс гадна та бидний өнөөдөр ч хэрэглэдэг “хорин шарыг маань хоёр гуравхан хулгана идчлаа гэжүү”, “иймхэн юманд царай алдах баян бишээ!” гэхчлэн олон үг нэг л киноных шүү дээ. Үзээд суухад стрэсс зовлон байхгүй, үнэн амьдралыг хөөрхөн харуулчихдаг, маш гоё чийл, ийм нэгэн киног үзэж таашаал авлаа даа.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top