x

Х.Тэмүүжин: Иргэд хоорондын маргааныг төр дундуур нь орж шийдэх нь шударга ёсны хэмжүүрт нийцэхгүй

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн заалт оруулсанд мэргэжлийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Уг хуулийн төслийн “Худал мэдээлэл тараах, түгээх”-тэй холбоотой зүйлд хэвлэн нийтлэхээс гадна олон нийтийн сүлжээнд хувь хүн үзэл бодол, байр сууриа түгээсэн тохиолдолд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаад байгаа тухай юм.

Хуулийн төслийн энэ заалттай холбогдуулан EAGLE телевиз хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт оролцсон Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн тайлбарыг онцлон хүргэж байна.

“Гүтгэх” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан шалтгаан

Хуулийг нэг хүнд зориулж, нэг хувь хүнд хаяглаж бичдэггүй. Нийтлэг асуудлаар, олон хүнд хамаатуулж, тэр хүмүүсийн ашиг сонирхлын тэнцвэрийн бариулж хуулийг гаргадаг. Хууль тогтоомжийг боловсруулахад тодорхой хэмжээний судалгаа, баримт, үйл явдлуудын дүн шинжилгээг шаарддаг. Яагаад энэ хууль хэрэгтэй, юуг шийдэх гэж байгаа, тавьсан зорилгодоо хүрч чадах уу үгүй юу? гэх мэтчилэн тодорхой хэм хэмжүүр шалгуурыг давах ёстой. Өнөөдөр  болж байгаа үйл явдлуудыг тэр өдөрөөр нь татаж аваад ярихаас илүү өмнөх өдөрүүд, түүхээс нь бас харах ёстой. 2015 онд Эрүүгийн хуулиас “Гүтгэх” гэдэг гэмт хэргийг хасахдаа “Эрүүгийн хуульд байх нь зохимжгүй юм байна, иргэд хоорондын маргааныг төр дундуур орж шийдээд, торгож шийтгээд, яллаад явж байгаа нь шударга ёсны хэмжүүрт нийцэл бага байна гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, хохирсон гэж байгаа иргэд хохирлоо барагдуулж амжаагүй байхад төр хохироосон гэж байгаа иргэнийг торгоод, өөртөө ашиг олоод “За асуудал шийдэгдчихлээ” гээд хоёуланг нь гомдол саналтай нь гудамжинд хөөгөөд гаргачихаж байна. Энэ нь хэр зэрэг шударга вэ гэдэг асуудал тэр үед тавигдаж байсан.

Хоёрдугаарт, дэлхий нийтийн чиг хандлага байна. Хэвлэл мэдээлэл болон үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөтэй холбоотой маш олон судалгааны материалд “гүтгэх” гэж нэрлэж байгаа гэмт хэргийг эрүүгийн хуулиар, ял шийтгэлийн бодлогоор шийдэх гэж оролдох нь өөрөө нөгөө талдаа төрийн албан хаагч, хариуцлагатай ажил хийж байгаа эрх мэдэлтнүүдийг “ хардах, шүүмжлэх, асуудлыг нягтлахын тулд асуух, мэдэх” гэх мэтчилэн чөлөөт нийгэмд байдаг ИРГЭНИЙ ЭРХИЙГ хаах бололцоог бий болгож байна. Тэр дундаа энэ нь пост коммунист гэж нэрлээд байгаа хаалттай, захиргааны аргаар нийгмээ удирдах гэж оролддог, иргэддээ эрх чөлөөг нь хангалттай эдлүүлэх сайн туршлагагүй улс орнуудын хувьд албан тушаалтнуудын эрх мэдлээ хамгаалах хэрэгсэл болж хувираад байна. Эрх мэдэлтнүүдийн зүгээс иргэдийг дуугүй байлгах, цээрлүүлэх, шүгэл үлээгчдийг ямар нэгэн байдлаар хуулийн ял шийтгэлээр далимдуулж “үнэнийг эрэлхийлж” байгаа замыг нь хааж боох хэрэгсэл болчихоод байна. Тийм учраас үүнийг Эрүүгийн хуулиас өөр хууль тогтоомж, өөр арга замаар шийдэх боломж байна уу гэдэг зөвлөмж, хандлагууд түгээмэл байсан.

Ингээд 2015 онд Эрүүгийн хуулиас “гүтгэх” гэдэг гэмт хэргийг халах нь зөв юм байна. Хор хохирлыг иргэний журмаар шийдэх боломжтой юм байна гэдэг бодлогын сонголт руу явсан. Гэвч УИХ дээр гишүүдийн зүгээс эрүүгийн ял шийтгэлгүй болгох нь зөв ч ямар нэгэн хариуцлага зайлшгүй байх ёстой гэсний дагуу Зөрчлийн хуульд үлдсэн юм. Гэвч өнгөрсөн жил Засгийн газраас хууль санаачлаад “гүтгэх” гэмт хэргийн үйлдлийг уламжлалт хэлбэрээр нь бичээд, гарчигийг нь өөрчлөөд “Худал мэдээлэл түгээх” нэрээр Эрүүгийн хуульд буцаагаад оруулчихсан. Үүн дээр хуулийн нэр томьёо, хууль тогтоомжийн бичилт, бүлэглэлийн хувьд алдаа гарсан гэж би хардаг.

“Худал мэдээлэх” гэмт хэрэг гэж юу вэ? Энэ гэмт хэргийн тухай дэлхий нийтийн чиг хандлага

Худал мэдээлэл түгээх, гүтгэх хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдэг дээр сүүлийн арван жил маш нарийн зааг ялгаануудыг ярьж байна. “Гүтгэх” гэмт хэрэг бол уламжлалт гэмт хэрэг. Доромжлох, гүтгэх гэдэг нэр томьёо сүүлийн 200-гаад жил Эрүүгийн эрх зүй дотор эргэлдэж байгаа. “Доромжлох” гэдэг гэмт хэргийг дэлхий нийтээрээ “Ийм гэмт хэрэг байх ёсгүй” гэдэг байдлаар явчихсан. Харин “гүтгэх” нь Эрүүгийн хуулд байх уу, байхгүй юу? гэдэг маргаантай байгаа.

Харин “Худал мэдээлэл түгээх” гэдэг бол сүүлийн 10 жилийн хугацаанд бий болсон шинэ төрлийн гэмт хэрэг. Цахим хэлбэрээр мэдээлэл түгдэг шинэ орчин үүссэнтэй холбоотой. Гэхдээ энэ гэмт хэргийг анхлан санаачилж, хуульчилсан улс орнууд эргэлзээтэй. Одоо Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-д багтдаг хэдэн орон байна. Африкаас мөн хэдэн орон байгаа. Сая пост комминист гэгдэж байсан Зүүн Европын зарим нэг орнууд энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиндаа шинээр бичсэн байна. Харин ардчилалын суурь уламжлалтай, хуулийн засаглал сайн улс орнуудын хувьд үүнд их болгоомжтой хандаж нэг, хоёр нь Эрүүгийн хууль руугаа оруулах эсэх тухай няхуур ярьж байна.

Монголчууд бид  “Гүтгэх”, “Худал мэдээлэл түгээх” гэдэг хоёр төрлийн гэмт хэргийг ялгахгүй, хольж хутгасан байдалтай байна. “Гүтгэх” гэдэг гэмт хэргийн халдлагад өртөж байгаа обьект, харилцаа, гэмт хэргийн шинж нь хувь хүний эрх чөлөөтэй холбоотой. “Худал мэдээлэл түгээх” гэдэг нь олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой. Монгол улс дэлхийн хөгжлийг дагаад Эрүүгийн хуулиа системчилж, дотор нь бүлэглэдэг, хувь хүний эрх чөлөө тусдаа бүлэгт, олон нийтийн аюулгүй байдал болон түүнтэй холбоотой ашиг сонирхлын гэмт хэргийг тусдаа бүлэгт бичдэг. Жилийн өмнө техникийн алдаа гаргаад “худал мэдээлэл түгээх” гэдэг энэ шинэ төрлийн гэмт хэргийг гүтгэх гэмт хэргийн үйлдлээр хүний эрх чөлөөний бүлэгт хийчихсэн.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 шахам жил дохио өгч, шүүмжлүүлээд байгаа “эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд иргэдийн зүгээс өөрсдийг нь шүүмжлэх, эсвэл хариуцлагагүй байгаа байдлыг нь хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, хардаж хэлэлцүүлэг өдөөх, асуух эрхийг нь боймлоод, хязгаарлаад байна” гэж хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулиас хассан үйлдлийг гарчигийг нь солиод буцаагаад хуульчилчихсан байна. Хэрвээ Монгол Улс Эрүүгийн эрх зүйн бодлогын хувьд “Гүтгэх” гэмт хэргийг Эрүүгийн хуульдаа оруулж ирж байгаа бол тэр гарчиг, тэр зорилгоор нь бич! Өөр гэмт хэргийн хаягаар битгий оруулж ир.

Хоёрдугаарт, “худал мэдээлэл түгээх” гэдэг гэмт хэргийг бичих гэж байгаа бол өөр гэмт хэргүүдтэй хольж болохгүй. Одоо хуулийн төсөлд бичсэнээр бол Эрүүгийн хуулийн өөр өөр бүлгүүдэд байгаа 4-5 төрлийн гэмт хэргийн шинж, үйлдлүүдийг энэ гэмт хэрэгт багтаах гэж оролдож байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүнийг биеийн ялгаатай бусад онцлогоор ялгаварлаж хүчирхийлэх, сонгуулийн үеийн сонгууль будлиантуулахтай холбоотой гэмт хэрэг, эдийн засаг санхүүтэй холбоотой гэмт хэргүүдийг энд багтааж, хольж бичиж болохгүй. Тэр гэмт хэргүүд өөрөө өөрийнхөө төрөл дотроо энэ шинжээрээ бичигдээд, ялын бодлого нь ч тэндээ л байх ёстой. Тэрийг нь илрүүлэх, шалгах, нотлох зэрэг мэргэжлийн онцлог арга барил нь түүгээрээ л явах ёстой.

Ер нь худал мэдээлэл тараах гэх гэмт хэргийн тухайд хамгийн ойрын жишээ Хятад, Орос хоёр. Тэд энэ төрлийн гэмт хэргийг ямар зорилгоор бичсэн байна гэхээр, гурван зорилго харагдаж байна.

Нэгдүгээрт, олон нийтийн аюулгүй байдал гэдгээс харж. Учир нь “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах суурь нь тухайн нийгэм эмх замбараагүй, хүчирхийлэл үйлдсэн орчинг хавтгайруулж болохгүй. Аль болох тайван, нэг нэгэндээ итгэлцсэн байх зарчмыг хангаж байх ёстой” гэж үзэж байна. Үүнийг нь эвдэх зорилготой санаатайгаар худал мэдээлэл, зохион байгуулалттайгаар тарааж, хүмүүсийг айдаст автуулах, нэг нэгэндээ үл итгэн, үзэн ядах, учир шалтгаан нь юу байхаас үл хамааран хүчирхийлэлд өдөөгдөх, эмх замбараагүй нийгэм болоод хувирчихвал аюултай. Энэ зорилгоор санаатай мэдээлэл тараасан үйлдлийг гэмт хэрэг гэж үзье гэж байна.

Хоёрт, бүх нийтийн эрүүл мэндтэй холбоотойгоор худал мэдээлэл тараавал гэмт хэрэг гэж үзнэ гэж байна.

Гуравт, НҮБ болон олон улсын байгууллагуудаас ихээр шүүмжлэл дагуулж байгаа нэг зорилгыг бичсэн. Тэр нь төрийн байгуулалтыг сулруулах зорилготой худал мэдээлэл тараах. Энэ гарчгийн дор ихэнхи нь хаалттай, хагас диктатур бүхий улс орнууд өөрийн тогтолцоог иргэдийнхээ шүүмжлэлээс хол байлгаж, өөрсдөдөө зориулж хана хэрэм босгож байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байгаа.

Энэ гурван зорилгийг тавиад энэ бол “худал мэдээлэл түгээх” гэмт хэрэг гэж тодорхойлсон байна. Түүнээс биш “худал мэдээлэл” гэдэг нэр томьёог хэдий чинээ сунгаж татна, төдий чинээ сунаад байдаг резин шиг ашиглахгүй байна. Гэхдээ энэ гурван зорилго дээр ардчилсан улс орнууд их болгоомжилж байгаа. Магадгүй энэ зорилгоосоо халиад иргэдийнхээ эсрэг явчих вий гэдэг болгоомжлол их байна. Шинэ гэмт хэргийн төрөл, сайн туршигдаагүй байгаа учраас шүү дээ.

Хууль батлагдсаны дараа хууль хэрэглээнд гарсан гажуудлууд

ХБНГУ-ын Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэрэг бичигдсэн байна. Гэхдээ сүүлийн 30 жилийн шүүхийн практикт энэ гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн тохиолдол бараг алга. Иргэд хоорондоо гүтгэсэн юм уу, ямар нэгэн байдлаар хохирсон, хохироогүй тухай асуудлыг Иргэний шүүх болон өөр арга замаар шийдсэн шүүхийн практик олон байна. Тухайн нийгмийн соёл нь өөр байна гэсэн үг. Тэнд төрийн албан хаагч, улстөрчид татвар төлөгчийн мөнгөөр санхүүжиж, тэдний эрх ашгийн төлөө ажиллах ёстой учраас өөрийнхөө хувийн нэр хүнд, албаны үйл ажиллагаа хоёрыг холих ёс зүй алга. Өөрийг нь хувь хүнийх нь хувьд доромжилсон, гүтгэсэн бол Иргэний шүүхэд хандаж өөрийгөө хамгаалах эрх болон зам нь нээлттэй. Харин хийж буй ажил, албатай нь холбож шүүмжилсэн бол шүүхээр иргэнээ айлгадаг, ичээдэг эсвэл хууль ашиглаж давуу байдал олдог ёс зүй тэр хүмүүст байхгүй байна.

Гэтэл Монгол улсын хувьд сүүлийн таван жилд шүүхэд дуудагдсан иргэдтэй холбоотой маргааны хэдэн хувь нь улстөрчид, хэдэн хувь нь төрийн албан хаагчид байна вэ? Сүүлдээ бүүр хуулинд байхгүй, гомдол гаргах эрхгүй  төрийн байгууллага хүртэл иргэнийг шүүхэд дуудаж, гомдол гаргаж шалгуулсан байна. Иргэнээ мэдээлэлжүүлж, төрийн үйл ажиллагааг ил тод болгож, өөрсдийн үйл ажиллагааг нээлттэйгээр тайлбарлаж, юу нь зөв буруу, үнэн худлаа тухай ярилцаж, тайлагнах ёстой, ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх ёстой алыан тушаалтнууд нь Эрүүгийн хуулийн ард орж нуугдаад иргэдээ ял шийтгэлээр айлгах гэж оролдож эхэлж байна.

2020 оны нэгдүгээр сард батлагдаж, жил хүрэхгүй хугацаанд энэ зүйл заалтыг ашиглаад гомдол гаргасан хүмүүсийг жагсаалтаар нь хараарай. Жирийн иргэн бараг байхгүй. Дандаа албан тушаалтнууд, улстөрчид байна. Нөгөө талд дуудагдаж байгаа хүмүүсийг хараарай. Ихэнхдээ бодлого дээр, төрийн үйл ажиллагаан дээр, албан тушаалтны явуулж байгаа үйл хэрэг дээр асуулт асуусан, шүүмж өрнүүлсэн, баримт нэхснийхээ төлөө дуудагдаж байгаа. Хамгийн наад захын жишээ, сэтгүүлч “тэтгэвэрт гарах нас нь болсон хүн Тагнуулын албаны дарга болсон байна” гээд биччихээр шүүхэд өгчихөж байгаа юм. Шүүх нь “та 71 настай байна аа” гэхэд “энэ намайг гүтгээд байна” гээд маргалдаад явж байна. Тэгэхлээр энэ хууль хэнд ашигтай байна?

Нэгдүгээрт, бид “гүтгэх” гэдэг уламжлалт гэмт хэргээ Эрүүгийн хуульд байлгах уу, үгүй юу? Байлгах бол ямар агуулгатай байх юм.

Хоёрт, “худал мэдээлэл түгээх” гэдэг шинэ гэмт хэрэг байна. Технологийн дэвшилтэй холбоотойгоор гарч ирсэн. Гэхдээ үүнийг гэмт хэрэг гээд хэт өргөжүүлээд биччихвэл аюултай гээд бүгд болгоомжилж байна. Энэ төрлийн гэмт хэрэг Эрүүгийн хуульд байхаар бол ямар зорилгоор бичих вэ гэдэг дахиад тусдаа асуудал. Түүнээс биш хоёуланг нь хольж нэг уутанд хийчихээд тал талаас нь харуулаад байж болохгүй. Нөгөө тал еэвэнгийн үлгэр шиг.

Эрүүгийн хуулиар ялтай болгож шийдэх нь “зөв”, “буруу” гэдэг шийдлээ эхлээд хийчихээд дараа нь Эрүүгийн хуулиар шийдье гэвэл ямар хэмжээнд, ямар үйлдэл байх юм гэдгээ ярих ёстой. Яагаад гэвэл үзэгдэл чинь өөрөө урт. Тэрнийх нь хамгийн хор хөнөөлтэй, аюултай гэж байгаа үйлдлийг нь Эрүүгийн хуульд тавиад, үлдсэнийг нь өөр арга замуудааар шийдэх ёстой. Түүнээс бүгдийг нь Эрүүгийн хууль руу шахаад хийчих юм бол яг үндсэндээ плюрализм буюу олон ургалч үзэл хүлээн зөвшөөрөгддөг, төр засгийг шүүн хэлэлцэж, хянадаг, мэдээлэл шаарддаг иргэний эрх алга болно.  Улс орнууд үүн дээр маш их болгоомжилж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • М.Өлзийбаяр (66.181.188.45)
    Эрхэм Багшдаа эрүүл энхийг хүсье ээ.
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин иргэн (124.158.96.50)
    Маш тодорхой тайлбарласан байна. Нямбаатар хуулийг буруу ашиглаж байна
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Иргэн (103.212.116.50)
    Эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол ! Нямбаатар аа
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 40 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 47 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 56 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 11 цаг 20 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 11 цаг 26 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 52 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 52 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 13 цаг 15 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 13 цаг 21 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 13 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top