x

Бодлогын яам попорч болдог юм уу

Даян дэлхийг дагжуулж буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны улмаас ЭМЯ өдөр бүр 11:00 цагаас цаг үеийн мэдээлэл хийх болсон. Тэр хэрээр тус яамны цахим хаяг, фэйсбүүк хуудас олны анхаарлын төвд орж, онлайн орчин дахь мэдээлэл, сурталчилгаа идэвхэжсэн. Зөвхөн коронавирусийн мэдээнээс гадна бусад кампанит ажил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцын талаар нээлттэй мэдээлж буй. 

Энэ нь ихэнх төрийн байгууллагын нийтлэг төрх болсон ямар нэг хууль, тушаал шийдвэр, дотоод журмаар хаацайлан мэдээлэл өгөхөөс зайлсхийх хандлагыг эвдсэн гэж хэлж болно. Гэвч ажлын гүйцэтгэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсныхаа хаана ч хүрэхгүй байгаа нь харамсалтай. Тэдний цэнхэр дэлгэцээр тунхаглаж, улаан тууз хайчлан сүржин эхлүүлсэн ажлууд сэмхэн замхарсныг энд сийрүүлье. Энэ бүхний цаана иргэдийн эрүүл мэнд, эрх ашиг, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх хөндөгдсөөр байгаа юм.

НАМАРЖИН СУРТАЛЧИЛСАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ШИНЭЧЛЭЛ “НАМАГТ ШИГДЭВ”

Эрүүл мэндийн салбарын хүлээгдэл, чирэгдэл үеийн үед иргэдийг бухимдуулсаар ирсэн. Гэхдээ асуудлын гогцоо эмч, мэргэжилтний ур чадвараас илүүтэй салбарын тогтолцоонд бийг хэн бүхэн мэдэх болсон. Учир нь, удирдах байгууллагаас хүн хүчний нөөцийг үл харгалзан, бодит нөхцөл байдлыг дутуу дулимаг судлан шийдвэр гаргаж, түүнээ хэрэгжүүлэхийг үүрэгддэг. 

Түүгээр ч зогсохгүй бэлэн болоогүй, хэрэгжиж эхлээгүй, шийдвэрлэж чадахгүй ажлаа “Бид чадна. Чадчихлаа” гэж түмэнд зарладаг арга барилтай болсон гэхэд хилсдэхгүй. ЭМЯ-ны попролын хамгийн сүүлийн жишээ бол Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтын шинэчлэл, үйл ажиллагааны цахимжуулалт. 

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ сарын 1-нээс бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм худалдаалах болсон. Энэ талаарх мэдээллийг ЭМЯ, ЭМДЕГ-аас өдөр бүр сурталчилж, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээ авах боломжтой гэж ам бардам зарлаж байлаа. Тэр хэрээр итгэж найдан хүлээсэн. 

Гэвч товлосон өдөр ирэхэд хэрэгжилт ярих нь байтугай бэлтгэл ажил дуусаагүй байсныг бид энэ сарын 03-ны мягмар гарагийн 207(3671) дугаарт “Хөнгөлөлттэй эмийн шинэчлэлт зуун задгай жаран хагархай байна” сурвалжилгаараа уншигч та бүхэнд хүргэсэн. Эргэн сануулбал, хөнгөлөлттэй эмийн жор бичих нэгдсэн программын хөгжүүлэлт дуусаагүй. Эм худалдаалах цэгүүдтэй гэрээ байгуулах асуудал эцэслээгүй. 

Эмч, үйлчлүүлэгчийн хурууны хээ таниулах, мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа яагаа ч үгүй байв. Мөн нэг ширхэг нь 90-110 мянган төгрөгийн үнэтэй хурууны хээ уншуулах төхөөрөмжийг тухайн байгууллага худалдан авах ёстойгоос үүдэн угаас төсөв, санхүү хүрэлцээ муутай улсын эмнэлгүүдэд хүндрэл үүсгэсэн тал бий. Эмч бүрд нэг ногдох ёстой гэж тооцвол 50 эмчтэй дүүргийн эмнэлэгт төсвөөс таван сая орчим төгрөг гэх мэтчилэн хөөрхөн хэдэн цаас холгож дөнгөнө. 

Үнэ мөнгө нь дүүрч гэхэд ярьсан бүхэнд нь үнэмшчихээд догдолж суугаа иргэд, “агаарын” амлалтыг нь биелүүлэх гэж зүдэж суугаа эмч нараа бодоод хугацаандаа амжихгүй болсноо мэдэгдэх ёс зүй ЭМЯ-ныханд байсангүй. Ердөө товлосон хугацаанаа хоёр өдрийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт “Бүх юм жин тан” хэмээн хээвнэг ярьж суусан. 

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмийн санч, иргэд үйлчлүүлэгчидгүй бухимдаж эхэлсэн тул арга буюу өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн бага хурал зарлаж, шинэ технологи нэвтрүүлэх, бүрэн хэрэгжихэд хугацаа хэрэгтэйг учирласан. Мөн санхүүжилт дуусах асуудал үүсэхгүй тул иргэдийг хүлээцтэй хандахыг хүссэн юм. 

Мэдээж, шинэ зүйл нэвтрүүлэхэд хүндрэл гарах нь тодорхой. Гэхдээ асуудлаа цогцоор нь судалж, гарц гаргалгааг нарийн тооцон, бэлтгэл ажлаа бүрэн хангасны дараа нийтэд зарлах гэх мэт нь төрийн байгууллагын наад захын дүрэм баймаар. Ажил санаачилсан, хэрэгжүүлсэн мэтээр олонд танигдаж, тод харагдах гэснийх нь төлөөсөнд ард иргэд төөрөгдөж, хөнгөлөлттэй эмтэй хамаарал бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бухимдсан иргэдэд цөөнгүй хоног загнуулах нь ээ. 

Өнөөдөр ч асуудал бүрэн шийдэгдээгүй, дүүргийн эмнэлгүүд эм бичиж эхлээгүй, ehealth.mn программын хөгжүүлэлт дуусаагүй, эмийн сангуудын үйл ажиллагаа жигдрээгүй байна. “Санхүүжилт нь дуусахгүй гэсэн дээ” хэмээн хөгшид тайтгарч сууна. 

Түүнчлэн энэ асуудлын эргэн тойронд зарим эмийн дээд хязгаарыг буруу тогтоосны улмаас даатгалаар олгох боломжгүй, сумын эмчийн бичих эрх бүхий эм цөөрсөн гэх мэтчилэн бухимдал намжихгүй нь. Цаашдаа ч сунжрах магадлалтай харагдана. Эл үйлдэл УИХ-д хоёр эмч гишүүнтэй, мэргэжлийн сайдтай болж, “Одоо л хөрсөнд буусан шийдвэр гаргана байх. Салбарын гажуудал засарна” хэмээн самсаа нь шархирч суусан эмнэлгийнхний урам хугарав бололтой. Түүнчлэн овоо дээшилж явсан ЭМЯ-ны нэр хүнд шал дордов. Одоо ганцхан хэрэгжүүлж харуулах л үлдлээ.

ҮР ДҮНГҮЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮД

Манай улсад иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх 20 гаруй үндэсний хөтөлбөр байдгийг уншигч та мэдэх үү. Энэ асуултад ихэнх нь үгүй гэж хариулах биз. Учир нь, эдгээр хөтөлбөр цаасан дээр хэрэгжиж, тайлангаараа дүгнэгддэг. 

2015-2016 онд үндэсний хөтөлбөрийн тоо 40 дөхөж байлаа. Одоо тэдгээрийн ихэнх нь хэрэгжиж дууссан, эсвэл ижил төстэй асуудлаар нь нэгтгэн ахин баталж, хэрэгжүүлж буй. “Дүлийрэл, сонсгол бууралтаас сэргийлэх”, “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, Биеийн тамир, спортын цогц хөтөлбөр”, Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх хөтөлбөр, “Ахмад настны хөгжил, хамгаалал, .”Орчны эрүүл мэнд”, “Амны хөндийн эрүүл мэнд”, “Хотжилт ба эрүүл мэнд”, “Халдварт өвчинтэй тэмцэх” зэргээр үндэсний хөтөлбөрийн жагсаалт уртаас урт үргэлжилнэ. 

Оноосон нэр, хэрэгжиж эхэлсэн болон үргэлжлэх огноог нь харвал манай улсын өвчлөл, нас баралтын статистик үзүүлэлт арай өөр түвшинд баймаар. Гэвч эдгээр үзүүлэлт өдгөө муу сурлагатны дүнгийн дэвтэр шиг “салбайж хэвтэнэ”. Хэрэгжилт сул, хүнд хүрдэггүйн шалтгаан нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хуваарилсан төсөв хомс, хэрэгжүүлэх мэргэжилтний орон тоо дутмаг зэрэг шалтгаантай. Тиймээс төсөв мөнгөтэй, тууз хайчилж, орон даяар тунхаглаж, том том амлаж эхэлсэн ч “сэнсэрсэн” зарим хөтөлбөрийг онцолъё.

Иргэдийн тэр дундаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хамгийн сайн мэдэх нь “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” үндэсний хөтөлбөр. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 15-ны 225 дугаар тогтоолоор 2019-2023 онд хэрэгжүүлэхээр баталсан. Цаг үе, ач холбогдлын хувьд хамгийн чухал хөтөлбөрүүдийн нэг. Учир нь, хүүхдийн шүдний өвчлөл гэр бүлийн бус үндэсний хэмжээнд авч хэлэлцэхээр болоод буй. 

Жишээлбэл, 2016 онд нийслэлийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувьтай гарчээ. Тийм ч учраас энэ хөтөлбөрийн тухай мэдээг хүн бүр олзуурхан хүлээж авсан. Салбарын яамнаас ч дуу шуутай зарлаж, дүүрэг бүрд сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх үйлчилгээг хувийн хэвшлийн 161 хувийн шүдний эмнэлэг үзүүлэх явдал байлаа. 

Цаашлаад нэг удаа үнэгүй үйлчилгээ авах боломжтой гэсэн. Улсын эмнэлгийн шүдний кабинетын ачааллыг мэдэх хэдийн эцэг эхчүүд хүүхдээ хөтлөн харьяаллын дагуу эмнэлэгт хандаж эхлэх нь тэр. Гэвч “Санхүүжилт дууссан. Хамтран ажиллах асуудал эцэслээгүй” гэх хариултад урам муутайхан буцсан нь олон. Түүнчлэн ердөө 60 мянган төгрөгт багтаан үйлчилгээ авах ёстой гэдэг тооцоолол амьдралаас хэд дахин хол байв. Энэ бол хөтөлбөрийн эхэн үеийн нөхцөл байдал. 

Уг хөтөлбөрийн хүрээнд энэ оны аравдугаар сарын 19-ний байдлаар 146 мянга гаруй хүүхэд тусламж, үйлчилгээ авсан гэх тайлан, нэгтгэл гарчээ. Чухам эдгээрийн хэд нь өнөөх, хөнгөлөлтөд хамрагдсан бол. Энэ хөтөлбөрийг хэрхэн “халтуурдаж” буй тухай манай сонины 2020 оны наймдугаар сарын 28-ны баасан гарагийн 161(3625) дугаарын “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд хөтөлбөрийн санхүүжилт багасжээ” нийтлэлээс унших боломжтой. 

Нэг шүд бүрэн эмчлүүлж хүрэхгүй мөнгө төсөвлөөд, тэр дүнгээрээ таван жил зүтгүүлнэ гэдэг хэчнээн тооцоо судалгаагүй болох нь илэрхий. Ямартаа ч шүдний өвчлөл буурч, улсын эмнэлгийн ачаалал багассан үр дүн нүдэнд үзэгдсэнгүй. Царай алдаж, гуйж түүж явахаар мөнгөө төлөөд эмчлүүлье гэх эцэг эх олон байна. Энэ бүхнээс нөгөө л бодлого төлөвлөлтгүй, салбар дундын уялдаа холбоогүй байдал тод үзэгдэнэ. Дээр нь, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрхэн замхарсныг манай сонины сэтгүүлчид цуврал нийтлэлээр дэлгэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ мэт бүтэлгүй, бэлтгэлгүй хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн тоочно гэвэл дуусашгүй юм.

Үндэсний хөтөлбөрүүдээс гадна үе үе хэрэгждэг кампанит ажлуудыг дурдахгүй өнгөрч боломгүй. Эдгээрээс хамгийн том зорилготой, хөрөнгө мөнгө ихтэй нь “Эрүүл мэндийн довтолгоо” нэгдсэн арга хэмжээ. Анх 2014 онд орон даяар нээлтээ хийж, аймаг, нийслэл, дүүрэг сумгүй тууз хайчлан нээлт хийсэн. Эрүүл мэндийг дэмжих сангаас хүн амын тооноос хамааран нэг Өрхийн эрүүл мэндийн төвд багадаа 10 сая гаруй төгрөг олгосон байдаг. 

Уг арга хэмжээний гол зорилго нь “Уур бухимдлаа зөв тайлах”, “Анхны тусламж үзүүлж сурах”, “Идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдол”, “Амны хөндийн эрүүл мэнд” зэрэг 21 төрлийн зан үйлийг иргэдэд хэвшүүлэх. Гэвч тэдгээрээс ядах нь аа нэгийг нь хэвшүүлсэн хүн хэд байдгийг таашгүй. Шүдний өвчлөл, халдварт өвчний тохиолдол, охидын төрөлт, бага насны хүүхдийн осол гэмтлийн тоо өдгөө ч буураагүй байгаа нь хариулт болох биз. Угтаа бол социализмын үеийн соёлын довтолгоо мэт бүх нийтийг хамарсан, эрүүл зан үйл түгээх ажил санаачилсан ч бас л тусыг эс олов. 

Айл бүрийн тоогоор хэвлэсэн нэг нь гундаж, нөгөө нь дэлгэрч буй цэцгийн зурагтай хавтас бүхий ногоон ном гал асаахад зарцуулагдаад дууссан биз. Ном журмаараа тэр ондоо айл бүрд тараагдаад дуусах ёстой өнөөх гарын авлага талбайн нээлттэй өдөрлөг дээр нэгэн эрүүл мэндийн төвийн асарт дэлгээтэй харагдсан. 

Түүгээр довтолгоо эзэндээ хэр хүрснийг дүгнэж болмоор. 2015 онд “Эрүүл мэндийн довтолгоо -2” үргэлжилж, 2017, 2018 мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилттэй арга хэмжээ орон даяар зохион байгуулагдсан байдаг. Харин үр дүн нь хаана “нуугдсаныг” мэдэхгүй.

Шинийг санаачилж, хэрэгжүүлэхээр зорьж буй нь сайшаалтай ч энэ мэтчилэн замхарсан ажлууд үүгээр дуусахгүй. Олон нийтэд нээлттэй мэдээлж, хийх гэж буй ажлаа сурталчилах нь чухал ч хэрэгжилтэд нь анхаарахгүй бол горьгүй нь ээ. 

Ерөөс эрүүл мэндийн асуудал салбар гэдэг хэн нэгний нэр хүндээ өсгөх, олонд таалагдах гэсэн сурталчилгааны талбар биш. Цаашид сошиал даган сэвж, лайк цуглуулах гэж хэлбэрдэхээс илүү бодит байдлаа мэдэрч, үр дүнтэй төлөвлөсөн ажил хэрэгч алхам хийвэл ард иргэд талархах нь дамжиггүй.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 16 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 21 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 27 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 29 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 31 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 31 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 31 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 31 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 35 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 35 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 9 цаг 38 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 9 цаг 38 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 33 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 33 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 36 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 11 цаг 37 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 13 цаг 51 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 13 цаг 53 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 13 цаг 54 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top