x

Хайртай хүндээ хайр ерөөх ухаан буюу Долли Партоны “Мөрөөдлийн номын сан”

Долли Партон гэж хэн бэ?

Дуучин, ая зохиогч, хөгжимчин (нэлээд хэдэн төрлийн зэмсгээр), продюсер, жүжигчин, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Долли Рэбэкка Партон нь 1946 оны Нэгдүгээр сарын 19-ний өдөр Тэннэси мужийн ядуу ажилчин Робэрт Лий Партоны 12 хүүхдийн 4 дэх охин нь болон мэндэлжээ. Аавыгаа Долли үргэлж “бичиг үсэг мэдэхгүй боловч миний амьдрал дахь хамгийн ухаантай хүмүүсийн нэг байлаа” хэмээн дурсдаг билээ. Энд Долли-гийн намтрыг танилцуулахдаа эцгийг нь заавал “ядуу ажилчин, бичиг үсэггүй” хэмээн дурдахын учир нь миний хожим өгүүлэх үйл хэрэгтэй холбоотойд оршино. Эх баригч эмчид шуудай гурил өгч байж охиноо гэртээ төрүүлж авсан гэдэг.

Охин нь харин төрөлхийн авьяастай байж, зургаан наснаасаа сүмд дуулж эхэлсэн бол долоон настайдаа гар хийцийн гитар тоглож эхэлжээ. Найман настайд нь нэг нагац нь анхны жинхэнэ гитарыг нь авч өгсөн аж. Тэгвэл өдгөө Долли Партоны 25 дуу Биллбоардэд тэргүүлснээр эмэгтэй дуучдын дээд амжилт, Кантри дууны шилдэг 10 цомогт 44 удаа багтсанаар ерөөс эмэгтэй эрэгтэй гэлгүй хамаг дээд амжилтыг тогтоосноор үл барам Грэммийн шагналд 49 удаа нэр дэвшиж 10 удаа хүртээд байна. Олон хит дуу зохиосон, дуулсан амжилтаас гадна уран сайхны олон кинонд тоглож Алтан бөмбөрцгийн шагналд хэдэнтээ нэр дэвшсэн авьяаслаг жүжигчин, хүүхдийн ном бичсэн зохиолч хүн. 

Энэхүү нийтлэлд миний бие Долли Партоны хүмүүнлэгийн үйлсэд бүтээсэн нэгэн их үйлийг нь таниулахаас гадна хамгийн алдартай дууных нь үгийг орчуулан хүргэх юм.

Полли Партон залуудаа

Долли Партон Конгрессын Номын Санд

2018 оны Гуравдугаар сарын 1-ний өдөр Долли Партон Конгрессын Номын Санд айлчилсан юм. Great Hall хэмээх Их танхимд хүүхэд багачуулыг тойрон суулгаж нэгэн ном уншиж өгөөд тэр номоо номын санд дурсгасныг 100 сая дахь ном нь хэмээн амьтан хүн ам амандаа шагшин ярина. Юуны 100 сая ном, ямар учиртай хэрэг болчхов, яагаад энэ алдартай дуучин, Холливүүдийн од эмэгтэй номын санд ирэв хэмээн сониучирхсан тул хэрэг болгон судалж үзлээ.

Төрсөн нутаг нь нэн ядууд орох дүүрэг байсан тухай өмнө дурдсан билээ. 1990 оны байдлаар Долли Партоны өссөн Сэвиэрвилл хотод дунд сургуулиас завсардах хувь 34%-д хүрээд байжээ. Нэгэнт алдар нэр, хөрөнгө мөнгөнд хүрээд байсан Долли үүнд санаа зовж, юм хийхээр шийдэв. Ингэхдээ судалгаагүйгээр, зүгээр сэтгэлийн хөдлөлөөр хэдэн төгрөг хандивлачихыг бас хүссэнгүй. Боловсролын судлаачдын дүгнэлтээр бол ихэнх хүүхэд цаашид үргэлжлэн сурах, эсвэл сургуулиа хаях эсэхээ тав, зургаадугаар ангидаа шийддэг болохыг олж мэдэж. Ингээд 1990 оны тэр нэгэн өдөр Долли Сэвиэрвилл хотын тав зургаадугаар ангийн бүх сурагчдыг их танхимд цуглуулан хуралдав. Тэгээд хүүхэд бүрээр нэг нэг “хам” сонгуулж, хос болгов. Энд би “анд, найз” гэх үгээр орчуулалгүй зориуд “хам” гэсэн маань учиртай, Долли өөрөө “friend” гэх утга зохиолын үгийг сонгоогүй, харин яг л тэр эгэл жирийн, ядуу гудамжинд хэрэглэдэг “buddy” гэж үгээр хөтөлбөрөө нэрлэсэн юм. Зарим хүн хам гэж үгийг шоронгийнх гэх мэтээр буруушаадаг, үнэндээ бид ч багадаа нэгнээ хам аа л гэдэг байсан билээ. Ингээд хос хосоороо “хам болсон” хүүхдүүдэд Долли: “Сургуулийн төгсөлтийн баяр дээр чинь би эргэж ирнэ, хамаараа хоёулаа төгсөж чадсан бүх хүүхдэд би хувиасаа 500 доллар өгнө” гэжээ. Энэ маш зөв хөшүүрэг байв. Хар амиа бодоод сургуулиа хаячихъя гэх нь ээ, өөрт нь тэр 500 хэрэггүй байсан ч, “хам” нь бас 500 долларгүй үлдэхийг бодоод, хичээсээр байж хоёулаа төгсөөд байж. “Хамын Хөтөлбөр” хэрэгжиж дууссаны дараа өнөө сургууль хаядаг 34% эрс бууж, зургаахан хувьд хүрсэн ажээ.

Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэний дараа Долли Партон өөр нэг том асуудал багын боловсролд тулгараад буйг нутгийнхаа багш нараас олж мэдэв. Баян ядуугийн ялгаа, дүүрэг тойргийн зөрүү, гэр бүлийн байдлаас болж нэгдүгээр ангид орж ирж байгаа хүүхдүүдийн унших, сурах, хүлээн авах чадвар дэндүү ялгаатай байгаа нь маш хүндрэлтэй байжээ. Долли энэ удаад өөрийн үүтгэсэн сангаас мөнгө гарган, хотын бүх нэгдүгээр ангид нэмэлт туслах багш нарыг ажиллуулахаар болж, хоёр жилийн туршид цалинг нь даахаар шийдсэн байна. 

Багын багш нарын хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд буюу 1995 онд Долли Партон “Мөрөөдлийн номын сан”-гаа үүсгэн байгуулжээ. Энэ төслийн санаа юу байв? Хөдөө орон нутгийн, ялангуяа ядуу айлуудын номгүй өссөн хүүхэд 1-р ангид орохдоо үеийнхнээсээ хэдийн хоцорсон байдаг байв. Нэгэнт хоцорч эхэлсэн хүүхдүүд хичээлийн явцад улам бүр хойшилсоор эцэстээ ихэнх нь их дээд сургуульд сурах сонирхол ч үгүй, чадвар ч үгүй болдог байжээ. Гараанаасаа л ийн тэгш бус эхэлж байна гэсэн үг. Учир иймээс «Мөрөөдлийн номын сан” зөвхөн Сэвиэрвилл хотоор зогсохгүй, ерөөс Сэвиэр сумын бүх хүүхдэд төрөхөөс нь эхлээд бэлтгэл ангид орох хүртэл нь сар бүр нэг ном үнэгүй (ном шуудангийн үнэ бүгд орсон) илгээж эхлэв. Нэг мужийн нэг сумын хүүхдүүдэд хэмээн эхэлсэн энэхүү хөтөлбөр даруй өргөжин, АНУ-ын 50 муж, тэр ч бүү хэл Канад, Австрали, Их Британид хүрээгээ тэлэн, сар бүр хэдэн зуун мянган номыг чухам хэрэгцээтэй тэр хүүхдүүдэд үнэ төлбөргүй түгээх болжээ. 

2018 онд Долли Партоны Конгрессын Номын Санд авчирч хүүхдүүдэд уншиж өгсөн тэр ном бол өөрийнх нь зохиол “Coat of Many Colors” хэмээх хүүхдийн зохиол байлаа. Өөрийнхөө дуулсан хит дуун дээр үндэслэж бичсэн тэр ном нь “Мөрөөдлийн номын сан”-гаас хүүхдүүдэд үнэгүй хүргэж буй 100 сая дахь ном байж. Огт уншиж бичиж сураагүй, сургуульд ч явж үзээгүй хайрт аавдаа Долли тэрхүү номоо зориулсан байж билээ.

Долли Партон Конгрессын Номын санд

Үүрд чамдаа дурласаар дуусна

2012 онд Уитни Хьюстоныг бие барснаас хойш I will always love you дуу нь Биллбордын хит парадад дахиад л дээгүүр бичигдэж эхэлсэн юм. Ахин дуулагдах тоолондоо хит болсоор, дал, ная, ерөөд оныхныг байлдан дагуулж байсан энэ дуу хорин нэгдүгээр зуунд бас үр хүүхдийн маань дуртай дуу болох юм гэж хэн саналаа? Манайхан л Уитни Хьюстоны дуулснаар мэдэх болохоос уг дууны түүх, алдар цуу тэртээ далаад оноос, Доли Партоноос эхтэй юм.

Доли Партон өөрийг нь хөгжмийн замд хөтлөн оруулсан Портер Вагонертай хайр сэтгэлийн холбоотой байжээ. Тэгээд ажил мэргэжлийн алс замын эхэнд ирэхдээ цаашид хамтдаа байх боломжгүйгээ ойлгож, салахаар шийдсэнээр энэхүү дуугаа бичсэн юм байна. 1973 оны явдал. Хэрүүл зарга, хөрөнгө мөнгө, хар хор гээд хайртай хосын салах олон шалтаг шалтгаан байдаг бол Доли Партоны энэ дуу огт өөрийг өгүүлнэ. Хөгжмийн шүүмжич Куртис Эллисоны дүгнэснээр I will always love you нь “Гэр бүлийн дотоод зөрчлөөс бус харин нэгнийхээ ажил мэргэжлийг, алсын замыг хүндэтгэх үүднээс эмэгтэйн санаачилгаар салахаас аргагүй байдалд хүрж буй нандин хайрын тухай” өгүүлэмж юм.

Долли Партон Портер Вагонер хоёр

Ингээд Доли 1973 оны 6 сарын 13-нд бичүүлсэн дуугаа нэг жилийн дараа, 1974 оны 6 сарын 6-нд сингл болгон гаргасан байна. Гарсан даруйдаа Биллбордын хит парадад нэгдүгээрт, Канадад дөрөвт жагсаж, далаад оны америк, канадчуудын сүлд дуу нь болж чаджээ.

1982 онд бодит үйл явдлаас үндэслэн хийсэн Best Little Whorehouse In Texas киноны багийнхан Доли Партоныг мюзикл-кинондоо оролцохыг хүсчээ. Киноны дуу болон дахин эгшиглэснээр I will always love you нь ахиад л хит парадыг тэргүүлэх болж, энэ удаад наяад оныхны хамгийн дуртай дууны нэг болсон байна.

Харин ерөөд онд хэрхэн алдаршсаныг манайхан андахгүй. 1992 онд “Бие хамгаалагч” кинонд Уитни Хьюстоны дуулснаар ерөөд онынхны, тэр дундаа монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон билээ. Кинонд жүжигчнээс гадна продюсероор давхар ажиллаж байсан Кевин Костнер өөрөө ихэд шургуу шалж байж I will always love you-г кинондоо дуулуулсан гэдэг юм билээ. Уитни анхандаа өөр дуу дуулахаар шийдсэн байсан, бас киноны өөр нэг продюсер нь Полли Партоны дуунд дургүй байсан аж. Кевин Костнер тэгж их шалаагүй, Уитни Хьюстон кинонд өөр дуу дуулсан бол ер нь ямар байх байсан бол?

Хамгийн сүүлд 2012 оны 2 сарын 12-нд буюу Уитниг нас барсны маргааш нь, Грэммийн шагнал гардуулах ёслол дээр Жэннифер Хадсон 2011-2012 онд тэнгэрт хальсан уран бүтээлчдэд зориулан дуулсан билээ.

I will always love you гэсэн нэрнээс нь болоод үүрд хамтдаа байх хосын дуу гэж андуурах тохиолдол АНУ-д хүртэл их гардаг тухай Songfacts вэб хуудсанд бичсэн байна. Тэр байтугай хурим дээр хүртэл эгшиглүүлэх нь олонтоо аж. Үнэн хэрэгтээ бол Салъя гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа гэдэг шиг холдож буй хосын хагацлын тухай гунигт дуу билээ. Гэхдээ хамгийн гэгэлгэн нь хайргүй болоод салж байгаа биш, харин ч эсрэгээр хайртай учраас салж байгаад хамаг учир нь оршино. 

Ингээд дууныхаа үгийг эхлээд үгчилж, дараа нь дуулж болохоор утгачлан орчуулах гээд үзье.

I Will Always Love You

If I (Хэрвээ би)

Should stay (Үлдэх юм бол)

I would only be in your way (Би ердөө чиний замд тээг болно)

So I’ll go (Тиймээс би явъя)

But I know (Гэхдээ би мэдэж байна)

I’ll think of you every step of the way

(Аян замынхаа алхам бүрд чамайг бодно гэдгээ)

Дахилт:

And I… (Тэгээд би)

Will always (Үргэлжид)

Love you, (чамд хайртай)

Will always (Үргэлжид)

Love you (чамд хайртай)

You (чамдаа)

My darling you (хонгор минь, чамдаа)

2-р бадаг

Bittersweet (Гэгээн гуниг)

Memories (Дуртгал)

That is all I’m taking with me (Ийм л зүйлийг би өөртөө авч үлдлээ)

So good-bye (Тиймээс, баяртай)

Please don’t cry (Битгий уйлаач.)

We both know I’m not what you

You need

(Би чиний хэрэгтэй тэр хүн биш, үүнийг

Чи бид хоёр хоёулаа мэднэ)

3-р бадаг

I hope (Би итгэж байна.)

life treats you kind (Амьдрал чамд энэрэлтэй хандана гэдэгт)

And I hope (Бас би итгэж байна.)

you have all you’ve dreamed of (Мөрөөдсөн бүхнээ олно гэдэгт чинь)

And I wish you joy

and happiness (Тэгээд би чамд цэнгэл, жаргалыг хүсье)

But above all this (Гэхдээ тэр бүгдээс илүүтэй)

I wish you love (Хайр дурлалыг хүсье)

Одоо уран сайхны орчуулгаа хийвэл:

Үүрд чамдаа дурласаар дуусна

Чамтайгаа би

Үлдэж гэмээ нь

Чанадын замыг чинь тушихын тул

Алсад одъё доо

Гэвчиг би

Алхам бүртээ, амьсгалах тоолондоо

Чинийхээ тухай бодсоор явна.

Дахилт

Тэгээд би

Үүрд чамдаа

Үхэн үхтлээ

Дурласаар дуусна…

Чамайгаа би

Хайрласаар дуусна.

2-р бадаг

Гэгээн гуниг

Гэгэлгэн дуртгал

Илүү юуг ч надад бүү үлдээ.

Ингээд хагацъя даа

Битгий уйлаач дээ

Би чинийх байх хувьтай бүсгүй биш

Бидэн үүнийг хоёул

Мэдэх л шүү дээ.

3-р бадаг

Тавилан заяа

Өршөөлтэй хандана аа, чамд

Таалсан бүхнээ

Хүртэх л болно оо, чи минь

Тэгээд би чамдаа

Аз жаргал, сайхан бүхнийг

Тэр дундаа

Ариун хайр, үнэн дурлалыг

Хүсэн ерөөе…

Хайртай хүндээ хайр сэтгэлийг ерөөгөөд холдож чадах хүмүүн хэр олон бэ? Тийм уужуу ухаан гаргаж дуулсан Долли Партоноос тийм гайхамшигтай төсөл, номын сангийн санаа гарсанд хачирхах зүйл үгүй мэт одоо санагдана. 

М.Саруул-Эрдэнэ /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.46.186)
    gaihaltai
    2020 оны 09 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Манай улсын гадаад өр 35 тэрбум ам.доллар болж, өсжээ 1 цаг 28 мин 22-нд баруун, 23-нд зүүн, төвийн нутгаар цасан шуургатай. Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжилнэ үү 2 цаг 5 мин Согтуугаар жолоо барьсан, эрүүлжүүлэгдсэн хүний тоо Цэргийн баяраар нэмэгджээ 2 цаг 21 мин Путин ялав 3 цаг 25 мин Украины дроны довтолгоонд өртсөн Нефть боловсруулах үйлдвэрийн галыг бүрэн унтраажээ 3 цаг 29 мин Байшин шатаж 3 настай хүүхэд нас баржээ 3 цаг 43 мин Н.Мөнхбат: “Нэг хонь-нэг жуулчин” төсөл бол хуулиа зөрчсөн, гадаад иргэдийг хуурсан луйвар ​​​​​​​ 3 цаг 50 мин Улсын заан Б.Серик өнөөдөр зодоглоно 3 цаг 56 мин Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 4 цаг 1 мин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 100 хувь 4 цаг 4 мин Монгол-Хятадын хамтарсан “Тал хээрийн нутаг палеолитын үед” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлнэ 4 цаг 12 мин Цасанд суусны улмаас машинаасаа бууж явсан иргэний цогцсыг олжээ 4 цаг 15 мин ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-аас нэр дэвшихээр зэхэж байна 4 цаг 17 мин Баяр тэмдэглэж, архи согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэснээс нэгнийхээ амь насыг хохироожээ 4 цаг 32 мин Олон эмд тэсвэртэй эпилепси оноштой хүнд УГТЭ-ийнхэн тэнэгч мэдрэлийг цочроох төхөөрөмжийг амжилттай суулгав 4 цаг 49 мин Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ 5 цаг 12 мин Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа 5 цаг 24 мин Форензик ярилцлага хийх үндэсний сургагч багш бэлтгэж байна 5 цаг 46 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна 6 цаг 5 мин О.Цогтгэрэл: Төсөв нэмэгдсэн атлаа ард иргэдийнх нь амьдрал дээшлэхгүй байгаа нь авлигатай холбоотой 21 цаг 15 мин
iИх уншсан
Цагдаа ямар чиний “мешок” уу, Х.Нямбаатар аа? Ж.Чинбүрэн: Эмнэлэг, өвчтөн, даатгал гэсэн гурван хэлхээс ду... Д.Сүнжид: Амьд явах гэдэг зөвхөн толгой мөрөн дээр байхыг хэ... Монгол үндэстний үүсэл- Дээд Шивэй Б.Анхзаяа: Намуудын дотоод ардчилалд асуудал их байна О.Чулуунбилэг: Монгол Улс дарангуйлалд шилжих эрсдэлтэй 42 о... Путиныг баривчлах шийдвэр гаргасан япон эмэгтэй Олон улсын э... Хөх хот руу агаарын хөлгөөр зорчих нь илүү хямд байна У Сон Бин: Монголчууд “Би үнэ цэнтэй хүн” гэдгээ мэдэрсэн, ө... Наурызын баярт зориулсан барилдааны цахим бүртгэл эхэллээ Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат нар сонгуулийн штаб удирдана Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 100 хувь Н.Мөнхбат: “Нэг хонь-нэг жуулчин” төсөл бол хуулиа зөрчсөн, ... Булган, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний ... Дорнод аймгийн Хорийн толгой гэдэг газар орхигдсон иргэнийг ... Согтуурсан үедээ галт зэвсэг ашиглан найзынхаа биед халджээ Булган, Хөвсгөл, Улаан-Үд рүү Драгон авто вокзалаас автобус ... Байшин шатаж 3 настай хүүхэд нас баржээ Дорнод аймгийн Хорийн толгой гэдэг газар орхигдсон эмэгтэйг ... Хөх хот-Улаанбаатар чиглэлийн анхны галт тэрэг Улаанбаатарт ...
Top