x

Каппучино нийгэм

Өмнөд Африкт олон жил цагаан арьстнуудын сургуульд хөрөнгө оруулалт хийдэг, хар арьстнуудын сургуулиуд нь төсөв, мөнгөгүй байжээ. Энэ нь угаасаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг нийгмийг улам ялгаатай, тэнцвэргүй болгожээ. Тэд улсаа ёроолд нь хар кофе, дээр нь цагаан хөөс, оройд нь нунтаг какао цацаж чимэглэсэн ‘каппучино нийгэм’ гэж нэрлэдэг. Тэгвэл Монголын төр эдүгээ баян хоосны ялгааг баталгаажуулсан боловсролын системээрээ тэр “каппучино нийгмийг” байгуулж байна.

УИХ-ын цоо шинэ гурван гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар ирэх дөрвөн жилд улсын 100 сургуулийг сонгож Кэмбрижийн хөтөлбөртэй болгох санал гаргав. Монголын боловсролын системийг сайжруулж, олон улсын түвшинд хүргэх шаардлагатай нь бол яг үнэн. Гагцхүү дахиад л хэдхэн сургуульд биш, хэдхэн хүүхдэд биш, бэлтгэлээ бүрэн хангаж бүх сургуульд энэ хөтөлбөрөө зэрэг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Учир нь сүүлийн хориод жилд хувийн цэцэрлэг сургуулиуд, улсын лаборатори гэх сургуулиуд нийгмийг маш хурдтай улам бүр ялган хувааж байна.

ЕБС АШИГТАЙ БИЗНЕС БОЛСОН НЬ

Цэцэрлэг, ерөнхий боловсрол нь тэгш, хүртээмжтэй байж л нийгэм хөгжиж, тогтвортой байдаг. Тийм тогтолцоо нийгмийн ялгааг бууруулж, амьдралын гарааны ижил тэгш боломжийг бүх хүүхдэд олгодог.

Манай улсад 2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар төрийн 662, хувийн 158 ЕБС-д нийт 640 мянган хүүхэд суралцаж, жилд 58 мянга гаруй нь төгсдөг. Нийт сурагчдын 7.3 хувь нь буюу 47 мянган хүүхэд хувийн сургуулиудад суралцаж байна.Улсын сургуулийн нэг ангид тавиас олон хүүхэд хичээллэж, багшийн ачаалал хэтэрснээр чанар нь мууддаг. Хувийн сургуульд анги хориос цөөн сурагчтай. Сайн багшийг өндөр цалингаар татдаг. Сургалтын чанар эрс ялгаатай. Эх эцэг хүүхэддээ сайн сургууль хайж гэрээсээ хол, өндөр төлбөртэй хувийн сургууль сонгож, хотын замын түгжрэлийг нэмдэг.

Их хурлын гишүүд, сайд, түшмэд байсан, одоо байгаа олон эрхэм өөрсдөө хувийн сургуультай болжээ. Тэд боловсролыг бизнес болгож эх эцгээс нь өндөр төлбөр, дээр нь нэмээд төсвөөс хувьсах зардал авдаг, түүнийгээ хамгаалсан хууль журам гаргаж ирлээ.

Хувийн сургуулиас гадна туршилтын нэртэй улсын гурван сургууль байгуулагдсан. Энэ сургуулиудын төгсөгчдийн дийлэнх нь дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцдэг. Энэ гурван сургуульд орох гэж 100 орон тоон дээр 15,000 хүүхэд өрсөлдөж байна. Лаборатори, Кэмбрижийн гэх хос хэлний хөтөлбөртэй энэ гурван сургууль хамгийн сайн сурлагатай хүүхдийг шилж авдаг. Голдуу дундаж, дунджаас дээш орлоготой,  айлын хүүхдүүд байдаг. Энэ хөтөлбөр ердийн сургуулиудтай харьцуулахад 2015 онд цалингийн зардал 47 хувиар өндөр, бусад хувьсах зардал 25 дахин их байжээ. Манай улс боловсролын салбарт ДНБ-ийхээ 4.2, төсвийнхөө 12.4 хувийг зарцуулдаг ч, энэ хөтөлбөрийг улсын бүх сургуульд нэвтрүүлэх боломжгүй, манай төсөв даахгүй ажээ. Бид Кэмбриж гэх шалгалтын компанид олон тэрбум төгрөг төсвөөс төлөхгүй, өөрсдийн төсөөтэй хөтөлбөр гаргаад явах боломжтой, бас туршлагатай болчихоод байгаа.

ТЭГШ БУС НИЙГЭМ РҮҮ  

Эдүгээ манай боловсролын бодлого үр хүүхдээ гарал үүсэл, эх эцгийн эд хөрөнгөөр нь ялгаварлан, гадуурхах боллоо. Манай төр засгийн шийдвэр гаргагчид харуул хамгаалалттай байранд амьдарч, өөрсдөө улсын эмнэлэгт үзүүлдэггүй, хүүхдээ улсын сургуульд сургадаггүй, нийтийн тээврээр зорчдоггүй болоод удаж байна. Тэд нийтийн сургуульд хөрөнгө оруулахын оронд, хувийн сургууль байгуулж, дундаж айлын хүүхэд орж чадахааргүй өндөр төлбөр тогтоож, нийгэмд “үл үзэгдэх хашаа” босгосон.

Тэгш бус бодлого зөвхөн ёс суртахууны ч биш, системийн асуудал. Тогтворгүй улс төр, хэт үндсэрхэг үзэлтнүүдийн бий болдог хөрс нь нийгмийн хэт тэгш бус байдал. Энэ нь эцэстээ тогтолцоогоо нураахад хүргэдэг. Нийтийг хамарсан бослого хөдөлгөөн үе үе гардаг. АНУ-д л гэхэд “Уолл Стритийг эзэл” нэртэй хөдөлгөөн үүсч байв.

Тэгш бус байдал ихсэх тусмаа нийгмийн давхарга хоорондын шилжилт явагддаггүй. Энэ нь малчны хотноос Харвард хүрсэн түүх олон гарахгүй гэсэн үг. Ийм нийгэмд улс төрчийн хүүхэд л улс төрч болж, малчны хүү малчнаараа л үлддэг ‘үе дамжсан меритократ тогтолцоо’ (hereditary meritocracy) үүсдэг. Тиймээс хүүхэд бүрт чанартай, тэгш ерөнхий боловсролыг алагчлалгүй, ижил олгох нь шударга нийгмийн суурь юм.

Боловсрол нь тэгш бус байдлыг бууруулах чухал арга хэрэгсэл. Финляндад үүнийг бүрэн ойлгож, боловсролын системээ шинэчилсэн юм. 1970-аад оны эхээр хүүхдүүдийн сурлагын дүн нийгэмд нь зааг ялгаа гаргаж, хуваагдал бий болгосон байлаа. Төр нь тэгш эрх, үр шим, эв санаа гэсэн 3 зарчмыг баримталсан боловсролын шинэчлэлийн бодлогоо 1980-аад оноос эхлүүлжээ. Өнөөдөр Финлянд дэлхийд хамгийн өндөр боловсорсон иргэдтэй орон болжээ. Боловсролын систем нь бүх иргэндээ тэгш үйлчилдэг. Финляндад бүх сургууль улсын өмчийнх. Цөөн хэдэн бие даасан сургууль байх ч улсаас санхүүждэг. Багш нь сурагчдын үр дүнг хянаж шалгадаггүй. ‘Финляндын гайхамшиг’-ийн нууц нь багш гэж үздэг. Багш нар ажлын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрөө боловсруулан, бие дааж ажиллана. Багш наад зах нь магистрын зэрэгтэй байна. Төр зардлыг нь хариуцна. Багшийг мэргэжлийн хувьд өсч хөгжих боломж бүрэн дүүрэн хангагдсан. Дэлгэрэнгүй Багшийн хөгжил – Улсын хөгжил нийтлэлээс уншина уу.

Өмнөд Солонгост Боловсролын сайд нь тусдаа хөтөлбөртэй хувийн сургуулиудаа хаахаа өнгөрсөн жил зарласан. Бид хүүхдийг хооронд нь ялгадаг биш эрх тэгш хамруулдаг боловсролын хойноос явах нь зүйтэй гэж тэр хэлжээ.

ДҮРВЭХ, ЭСВЭЛ НЭГДЭХ СОНГОЛТ

Хувийн ерөнхий боловсрол, цэцэрлэгийн бүх сургуульд төлбөрийг дундаж орлоготой холбож тогтоон, хамран сургах тойргоос хүүхэд элсүүлсэн бол хувьсах зардал олгож  болно. Гэтэл энэ сургуулиуд хүүхдүүдийг чадвараар нь шалган элсэлт авч, хамран сургах тойргоос хүүхэд авдаггүй, өндөр төлбөр авч байхад төр хувьсах зардал хүүхдийн тоогоор нэмж олгодог.

Үүнийгээ бүр хуульчлан баталсан. Боловсролын тухай хуулийн 41.1-д “Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох нормативт зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ” гэжээ. Саяхан 2020 оны 5-р сарын 27-ны Засгийн газрын хурлаар хувийн сургууль, цэцэрлэгт нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгохоор шийдсэн.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЯЛГАА НАСАН ТУРШИЙН ЯЛГАА БОЛСООР БАЙНА

Алберт О.Хиршман “Exit, Voice, and Loyalty” хэмээх бүтээлдээ аливаа үйлчилгээ, системийн чанар доройтож, өгөөжгүй болох үед хүмүүс гарах эсвэл дуу хоолойгоо хүргэх гэсэн хоёр сонголтод хүрдэг. Тэр системээс гарах боломж нь хялбар бол хүмүүс дуу хоолойгоо хүргэж, сайжруулахыг шаардахгүй гэжээ. Монголд системээс олноороо дүрвэн гарсаар байна. Илүү боловсорсон нэг нь дэлхийн том сургуулиудад сурч ирээд, төдөлгүй буцаад гадагшаа явах боллоо. Үүнийг тархины гоожилт (brain drain) гэдэг. Ур чадвартай нь өндөр хөгжилтэй орнуудад ажиллан амьдарч, амралт чөлөөгөөрөө эх орондоо зундаа ирж зугаалан, ах дүү нартайгаа жилд нэг уулздаг үзэгдэл түгээмэл болсон.

Монголын нийгэм дараагийн шат руугаа гарч хөгжих эсэх нь чанартай ерөнхий боловсролыг бүх иргэндээ тэгш олгохоос ихээхэн хамаарч байна. Өнөөдрийн боловсролын бодлогоос ирэх 30 жилийн хөгжлийн төлөв хамаарна.

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top