x

Ардын дайсны хойд дүрүүд

Хоморголон баривчлах ажиллагаа ширүүсэх нь үү дээ, Гомбогүр минь. Эргэж төрсөн ардын дайсны хойд дүрүүдийг түүгээд эхлэв үү гэх мухар сүсэг, зөнөсөн мунхаг тархинд минь төрж нойр хулжив. Баривчлагдагч нар цөм 90 оны ардчиллын анхдагчид. Аль газрын онолоор тэднийг ардын дайсны сүнснүүд мөн гэж нотлов? Лав л манай шинжлэх ухаан тийм хэмжээнд хүрээгүй. Өөд бологчдын сүнс эргэж төрдөг гэх мухар сүжиг Монголд бий нь бий. Мухар сүсгээр ХХI зуунд хомроглоогүй нь лав. Шинэ дайчилгаанаас “10 жил”, “бүх хөрөнгийг хураана” гэх балчир насны (өдгөө мартагдсан) хирдхийм үгс аниагүй шарх хөндөв.

УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюутолгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жилийн ял зааж хөрөнгийг хураах, гүний уурхайн санхүүжилтад хөрөнгө босголцсон Д.Ганболд, Б.Бямбасайхан хоёрт 4, Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгч, эх орноо хорлон сүйтгэхийг завдсан М.Энхсайханд 4,6, Н.Номтойбаярт 4, сая С.Баярыг 5 жил 5,5 тэрбумаар яллав. Дайснуудыг цаазаар авъя гээгүй ч буудахыг шаардагчид интернетээр дүүрэн. Тэднийг ялтнаар бус эсэргүүнээр гэсгээв. Ялтан эсэргүү хоёр өөр. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Хамтрагч нараа хорлон сүйтгэгч гэж гүжирдэхээс сийхгүй гадны гар хөлийг Төрийн өндөрлөгт залах аваас буурай үндэстэн гарч чадахгүй шалбаагт унадаг. Боловсон боолчлолыг сөрвөл хэлмэгдэнэ. Энэ бол монголчуудынэдлээд ирсэн түүх. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Түүхээ унш. Ахмадаа, өвөө эмээ аав ээжээ сонс!

Ерөнхийлөгч ба ҮАБЗ-ийн зангаа, жидүү яранд татуулаад хөдөлж чадахаа больсон гишүүдийн 950 саяын кнопоор АТГ, УЕП, УДШ-ийн шинэ удирдлага томилогдсоныг хүүхдүүд минь үтэр түргэн шалга. Засаглалаа хянах эрхийнхээ дагуу хуйлар. Бүр давалгаал. Ардчиллын ачаар хүн ам-сүрэг мал биш болсныг дураараа дургигчид мэдэж аваг. Зөвлөлтийн хуулиар Москвад буудуулсан 149 дээдсийнхээ араас сайнтай муутай хөөрхий нөхдөө бүү тонилго гэж Ерөнхийлөгчдөө сөхөрье. Үхсэн хойноо ясаа тоншуулахыг Та мэдэхгүй ч үр удам чинь шанална.

Анхны хэд нүдэнд орсон шороо болсонд ардчиллын үнэт зүйлсийг дэмждэг зохиолч харамснам. Алс холыг үүрд зориход төрсөн нутгаа байн байн эргэж хардаг шиг насны хугацал ирэхэд хойч үедээ “биесээ бүү хэлмэгдүүл” гэж захисаар нүд аньдаг болтой. Эсэргүү Элбэгдорж Энхсайхан Сайханбилэг Баяр Баярцогт Бат-Үүл Баабар Ганболд Бямбасайхан гээд өтөл би цээжилж дөнгөмөөргүй нэрс хөврөх янзтай. ХХ зууны базаахгүй жишгээр хожим тэднийг цагаатгалаач өвгөн миний нас наана нь төгсөх тул цагаатгалын баярт мэдээг мэдэхгүй дуусна. Тиймээс хэлмэгдүүлснээ цагаатгаж новшрохгүй зөв шүүгээрэй. Ардын дайсан японы тагнуул гэж хилс цаазлаад хөсрий ясыг нь цагаатгасан шившиг саяхных. 4,5,10-н жилээр ялалснаа, үйлдсэн нүглээр нь яруу тод нотло. Хилсдүүлэхээс зай барь. Зөвхөн энэ үүднээс л өвгөн би бичээд байна. Бурууг өмөөрөхгүй.

Ахын хөөрхөн дүү-монголчууд Энхсайхан Баабар Бат-Үүл Элбэгдорж нарыг 30 жил зүхлээ. С.Зориг амьд бол түүний зүрхэнд хараалын сум бүр ч олон тусаа. Зүхэл нь ой гутам. Хүзүүгүй тарвага, салга, хужаагийн бөгс долоогч гэх мэт магадлах ямар ч баримтгүй бузар шүлс. Жагсаж цуглаж өлсөж явсан хөвгүүдохидоо тэгж зүхэх ичгүүртэй. Сэжиг хүрэм хараалын давалгааг уухайлан түрэх гутамшиг. Тэд хүн алаагүй. Харин нэгийгээ алуулсан. Монголыг тэд яачихсан юм бэ? Бие даалгах, ардчилах, чөлөөт зах зээлд оруулах, иргэдээ эрх, өмчтэй болгох гэж мунгинаа биз дээ. Цоо шинэ замаар туршлагагүй бацаанууд бишгүй л алдсан байх. Коммунистууд залууст туслах бүү хэл зорьсон бүхнийг нь ил далд яаж хорлолоо. Гадна дотны гацаа шахаанд дээрэлхүүлж, лусаас заяасан боломжоо ашиглаж чадаагүй. Гэвч эх орноо хар. Ямар болж? Хоол, хувцас, сууц, хот, замаа шинж. Дэлгүүр, захын лангуугаа 80-90 оныхтой харьцуул. 

Ч.Сайханбилэгийн буруутай буруугүйн тухай хоёр янз мэдээ уншив. Нэгдэх нь түүнийг шоронд хатаа, цаазал гэх үзэн ядалт хэдэн зуугаараа сайтуудад хахалджээ. Бүгд ижил-нотолгоо баримтгүй ой гутам хоосон зүхэл учир энд тоочих зай алга. Нөгөө нь П.Очирбатын ярилцлага. Тэр бээр “Дубайн гэрээ гэж ярьж, мэдээлэх нь буруу. Гэрээ, төлөвлөгөө гэх хоёр ойлголт чадамжийн хувьд огт өөр. Энэ бол гэрээ биш төлөвлөгөө. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн нэмэлт арга хэмжээ авъя л гэсэн. Хэрвээ тийм арга хэмжээ аваагүй бол байдал хэцүүдэх байсан. Дубайн төлөвлөгөө бол цаг хожсон, хүндрэлийг газар авахуулж гүнзгийрэхээс сэргийлсэн үйл ажиллагаа. Тийм хүнд үед олон улсын банк санхүүгийнхэн Монголын Засгийн газарт итгэл үзүүлсэн нь өөрөө маш том өгөөж. Тухайн үеийн Засгийн газар зөв юм хийсэн. Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн хүмүүсийг шоронд хийх бус харин шагнах хэрэгтэй. Энэ шийдвэрийн ачаар хоёрдугаар босоо амаа ашиглалтад орууллаа. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Тиймээс Дубайн төлөвлөгөө бол Оюу толгойг аварсан төлөвлөгөө. Тухайн үед Засгийн газар төлөвлөгөөний төсөл боловсруулж УИХ-аар батлуулах гэж явсан бол лав хагас жилийн ажил болох байсан. Өнөөхийг нь батлаа ч уу, үгүй ч үү. Дахин онцлоход Засгийн газар цаг хожиж эрсдэлийг өөр дээрээ авч Засгийн газар шиг ажиллаж чадсан. Би хувьдаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд шиг ажилласан гэж хэлнэ” гэжээ. Уул уурхайн инженер, салбараа насан турш удирдсан сайд, анхны Ерөнхийлөгчийнхөө сануулсныг дэлгэрэнгүй ишилсэндээ нүүрээ нуугч тролл-армийн нууц ноёдоос хүлцэл хүсье.

Эрдэнэтийн 49. Яасан илэрдэггүй хулгай вэ. Хууль хүчний бүх байгуулага өргөн фронтоор шалгаад байдаг. 4 жил ухлаа. Намзасаг аргаа барахдаа шалдаа бууж, шинэ хууль зохиогоод 51 саалийн үнээгээ 100 хүргэв. Уг нь эхлээд хулгайг нь нотолчихсон бол зарга үүсээгүй. Нотолж чаддаггүй. Нотлооч! Хулгай юу, гүтгэлэг үү? Эсвэл шахаачдын булаалт гэмээр юм уу. Шүүх Ю.Цэдэнбалын үеийнх шиг командлуулсангүй. Хуулиа бариад гэдийчихэв. Энэ нь бас ч гэж ардчилал. Ардчиллын үнэт зүйл үндсээрээ арчигдаагүй байна гэх горьдлого.

400 гаруй сая доллар өвсөнд хаясан зүү биш. Булавч бултайна даравч дардайна. Улсын сан хөмрөгт данслаагүй нэг ч төгрөг байх ёсгүй. Тийм их доллар хулгайд алдсан хохирогч өдий хүртэл гомдол нэхээгүй нь хулгай гарсан эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Олон жил бугласан хур шахааны өмхий гүзээг хувийн хэвшил хүү татна. Шахааны өмхий гүзээг хүүлэх сонирхол зөвхөн “Зэс” корпорацид байгаа юм бус, ерөөс хувийн хэвшлийн төрмөл мөн чанар. Тиймээс хувийн хэвшлийг Эрдэнэтээс үсгүй хусахаар тэрбумын шахаачид довтолжээ. Шоглоомтой нь “Зэс” корпорацийн хулгайг Ц.Нямдоржтон нотолж чадах байсан бол шинэ хууль зохиож балиартаагүй. 400 гаруй сая долларыг хулгайнх гэж хэдэн жил дэвхцэн бөөлж, дуулиан дэгдээснээ тогтоож чадаагүйн баталгаа-шинэ хууль зохиосонд оршино. “Зэс”-ийг хөмрөх ноцтой баримт хууль хяналтынхан олж Шүүхэд өгч туслаач. Шүүх засаглал цаана чинь 400 гаруй сая долларын луйврыг яллах баримтгүйдээ лантуудуулаад үхэж хэвтэнэ. Зүүгээр шивэхэд цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй гэгч болсон. Бат-Үүл, Элбэгдорж нарыг ялла гэж яаруулаад байдаг.

М.Энхсайханы эсэргүү гэрээний нооргийг 5 жилийн өмнө УИХ-аар хэлэлцүүлж, урвасан хулгайг 76 гишүүн 76 талаас нь хөдлөшгүй илчлэхээс З.Энхболд яагаад бултуулав? Хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу? “Аварга ордоо харьд зүгээр өгөх, эх орноо хорлон сүйтгэх ажиллагаа” гэгчээ УИХ-аар хэлэлцвэл гүтгэснээ илэрнэ гээд Энхболд чуулганд оруулалгүй тас хорьсноор олны анхаарлыг сарьнуулсан юм биш үү. 76 дотор ганц Л.Эрдэнэчимэг суут гэж үү? Гарын үсэг зурсан 50 гишүүнээ зарлаач. Ярилцлага авъя. Хэдэн зуун хуудас гэрээг эмийн жор мэт тайлсан Эрдэнэчимэг Та нотолгоогоо батлаад түмэнд түгээж итгүүл. “Таван толгойг харьд 100 жил зүгээр өгсөн” гэх өгүүлбэр чинь нотолгоо бус зөвхөн “гарчиг”. Үүнийгээ итгэж үнэмштэл баримтаар батлаад өгөөч. Тантай хүч хавсарч хорлон сүйтгэгчийг даран сөнөөе. 

Хувьчилсан өмчөө буцааж хураахаар сэлэм эргүүлсэн Ерөнхий сайдаа бид уухайлан алдаршуулав. Оюунлаг чадварлаг журамлаг хөдөлмөрч орнуудыг хөгжилд хүргэсэн ардчилал Монголд эдийн засгийн алуурчаар хочлогдож, гологдлоо. Чөлөөт зах зээлийг монголчууд гутааснаар орос ахын хувирашгүй үнэнч шавь гэдгээ үзүүллээ. Ашигт малтмалаар арвин Монголд мөнгөжсөн Хятадын хөрөнгө оруулалт цутгах дулаарал 30 жилийн өмнөөс нүүрлэв. Нүүрлэсэн завшааныг ашиглаж чадвал муу Монгол суга хөгжөөд сонгодог парламент, гурав дахь хөрш гээд орос ахынхаа дургүйг хүргэнэ. Мега төслүүд гацсан шалтаг ердөө энэ. Энхрий хайрт ганц дарангуйлагч намаасаа гадна олон намтай болтол шинэ намууд дотроосоо өтөж путинчүүдийг баясгав. Гучин жил дээр дороо орсон зодоонд аль ч нам 3 сая гаруй иргэнийхээ хань биш, зөвхөн эрх мэдэл мөнгөний төлөө тэмцсэнээ таниуллаа. Хүрсэн ганц үзүүлэлт-90 оны ардчилал хулгайч намуудаас болж ад болов. Намууд гэдэг монгол хүмүүс. Ингэхэд бид хэн бэ? Гурав дахь хөрш, хужаа руу нулимахаасаа өмнө өөр лүүгээ хараач.

Цаг цөвүүрэхээр хэлмэгдэл идэвхждэг. Хэлмэгдлийн нэг тал хэлмэгдэгч нөгөө тал хэлмэгдүүлэгч. Хэлмэгдэгч нараа бид хайхрахгүй явснаа олон жилийн хойно ардчиллын буянд цагаадахаар нь гэнэт их харамссан. Улирсан баларсанд уйлах өнгөц мэт сэрдлэг төрүүлэв. 9-р сарын 10-нд хэлмэгдэгчдийн өдрийг тэмдэглэж буйгаа хар. 50 юм уу 100 юм уу мянган хүний халуун амь. Сэтгэл гаргалгүй оромдсон дурсгалын хөшөөрхүү юм нь гомдмоор. Харин хэлмэгдүүлэгч нараа бид амьдад нь долигоноод үхэхээр нь хараадаг. Бид дийлсний талд орж дэлдийснээ элбэж барьдаг ноход-троллууд. Ямар шинж чанартай хүн нөхрөө хэлмэгдүүлдэг вэ? Мунхаг тэгээд харгис этгээд нөхрөө хэлмэгдүүлдэг. Атаа хорсол голлодог. Эрх мэдэлд хүрэх өрсөлдөөнд өөрөөс нь илүүрхсэн, дураараа дургихад нь ичээж гутаах зовхи нь өөдөө сэргэлэн нөхрөө зайлуулах, бүр намнахын төлөө увайгүй жигшүүрт үйлдлээр ч хамаагүй хорлодог. Нийтлэг шинж нь ийм.

Ч.Сайханбилэгийг гэм хийгээгүй л юм бол эх орондоо ирээд шалгуулаач гэж хэлэх зөв. Гэвч хилс хэрэгт гүжирдэж унагая гэж хатуу шийдсэн хүчирхэг бүлэглэл өөрийнхөө хүүхэлдэй-хуулийн байгууллагаар хэлмэгдүүлээд дараа нь олны тархи угаадаг орос технологи ашиглах нээлттэй. Болгоомжлохгүй бол гоомойдоно. Нам засаг хэлмэгдүүлснээ 50 жил нуусныг бид мэдээгүй эмгэнэл бий. Дахиад далдуур хэлмэгдүүлэхийг ор тас үгүйсгэх өнөөдрийн байж буйгаар эрсдэлтэй. Вакцинд илааширсан хижиг дахивал вирус нь илрэхгүй улам нууцлаг агаад маш дархлаатай сэргэдэг. Дахисан хэлмэгдэл ч тэгж сэдрэх нигуртай. Үнэнийг хараат бусаар тогтоодог шүүхтэй бол айлтгүй. Тийм шүүх прокурор байгаа юм уу?

Хүзүүгүй тарвагыг дүүжил, 6,7 тэрбум тонн нөөцтэй ордоо хятадад 100 жил зүгээр өгсөн хужаагийн эрлийзийг бууд, Дубайн гэрээ хийсэн урвагчийг шоронд хатаа, Эрдэнэтийн 49-ийг хулгайлсан луйварчдыг шонд өлгө гэх сэтгэгдэл өдөрт хэдэн зуугаараа интернетээр шаагина. Яасан олон хүн, яасан их үзэн ядалт вэ? Үзэн ядалтын давалгаа Монголыг бүрхжээ. Үзэн ядагчдын зөв гэлтэй. Яагаад гэвэл эх орноо харьд худалдсан, ард түмнээ хорлон сүйтгэхийг завдсан дайснуудыг АТГ, УЕП зарласан хойно зүхэж хараах бага хэрэг. Эх оронгүй болоод хорлон сүйтгэх терорт сүйрэх гэж буй ард олон яаж дуугүй байх юм. Хүлцэнгүй залбирч суугаад сөнөх үү. Улс даяар самуун дэгдэх бухимдал ассаныг троллуудын чинь хараалаас мэдлээ. Уншихын аргагүй. Ямар их уур хилэн бэ бурхан минь. Тэднийг хэн гэгч командлан дагуулна вэ?

Ардчилал, гурав дахь хөрш гэж сэвсэн монголчуудад ад нь хөдөлсөн хөрш баривчилгаанд мэдээж алга ташиж байгаа. Манайдаа ардчиллын лидер гэгдэх хэдийн маань толгойг мулт няслах хэлмэгдэл сэм гэтсээр. Ирсэн замаараа сурсан онолоо мандуулаад хуучин руугаа буцах аминд өлзийтэй болж байх шиг.Эх орон ард олноо хорлон сүйтгэхийг санаархагч нартай харьцуулахад төрсөн дүү, төрсөн эгчийнхээ хүүгээр өөрийгөө тагнуулаад Засгийн эрх хууль бусаар булаагч, тэрбум тэрбумаар хуссан жидүчид маань бурхны элч ажээ. Тэднийгээ дахин сонгов. Гашуун сухайтын төмөр замыг 10 жил гацааж 30 тэрбум долларын ашиг хаасан, 280 сая доллар шороонд булсан Х.Баттулгыг яллагдагчаар татагдсан ч гэлээ гэм буруутай нь шүүхээр шийдвэрлэгдээгүй гээд Ерөнхийлөгчөөр өргөмчилсөн юм чинь жидүчдээ дахин сонгоход юу нь соёлгүй гэж.

Төхөөрөх дайснууд бас нэг Ерөнхий сайд аснаар нэмэгдэв. Сэлэнгийн засаг даргаас чадварлаг агаад төлөв түвшин гэгдээд Сангийн сайд, Ерөнхий сайд хүртэл дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэх даруухан залууг сэлэм хурандаа “Чи муу гоожуур ахынхаа толгой дээгүүр аймшиггүй харайж яаж зориглов” гээд хэдэн цөөвөртэйгөө хамжиж унагаад ханасангүй, шоронд 6 жилээр шидэхэд Хэнтийн сонгогчид хөөрч бахархав. Хилсдүүлбэл “гоожуур” цагаадаж, хурандаагийн нүгэл нүдээрээ гарах хугацаа дөч бус дөрвөн жил болсон байх шүү. Бат-Ялалт гэх мэт тэмцэгч төлөг борлон бүдгэрч буй нь их хэлмэгдэлд буудуулсан хэдэн түмэн жижиг дундчууд тоонд оролгүй шороонд булагдаад өнгөрсөн яргалал санаанд буув.

Коммунист дарангуйллын өөдөөс эсэргүү үг анх зориглож уухайлсан жаалуудаас гадна дорой Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй үед босогчдын араас ил гарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ардчиллын ховор ялалтын буянаар Төр Засаг жолоодож үзлээ. Нүүдэлчдийн коммунаас анх ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүх. Би бэлэн. Хараал хар толгойд эргэж тусна гэдэг оргүй худал мухар сүсэг боловч хүмүүжил шүү. Цэцэг мэт ариун залуусаа эвгүй өсөхөд хөгшид эмзэглэдэг тул үүнийг зөвлөе. Хорвоогоос тонилсон хойно ч та нарын нэр алдар өтгөсийн сүнсэнд хайран. Баруун зүүнгүй магтагдаж дуулиантсан нүүдэлч-нэгдэлчдийн ардчиллын зул бүдгэрэв. Бөхөөчихгүй юмсан монголчууд аа. 

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Шагж (66.181.161.30)
    Ганц л юм хэлье. 2021 оны сонгуулиар Баттулгыг заавал унагаах хэрэгтэй. Дараа гь захиалгын шүүх прокуроруудыг цэвэрлэх, хэлмэгдсэн улсуудыг суллах. Х.Баттулгыг яллах. Ийм л дарааллаар явмаар бна
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • hi (202.131.233.11)
    оюу толгойн гэрээг уншсан, захын хуульч ч ийм ашиггүй гэрээ хийхгүй, тэгэхээр эд нар гэм буруутай гэсэн үг. улс удирдаж байгаа юм бол ул суурьтай юм хийхгүй яасан юм, эд нар ардчиллын нэр барьсан гуйлгачингууд ямар юмны хөрөнгө байдаг юм
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
  • Готовсүрэн (182.160.34.96)
    Доржготов гуай та зохиолч гэж өөрийгөө боддог юм биш биздээ шог өгүүллэг гэж үхсэн хүнийг муулж хүүрий нь ухахтай адилхан дэмий юм нэлээдийг сараачсан л даа Одоо эх орноосоо урвасан гадагш нь худалдсан хулгайчдыг өмөөрч үрчгэр арьснаасаа сугарч байгааг үзвэл та сбас эх орноосоо урваж худалдахад хувь нэмрээ оруулаад орлогоноос нь хуваалцаад хувалз царайлж бэлцийгээд сууж байгаа зөнөг мөн шивдээ Бушуухан тамруугаа зайл даа баяртай
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.186.137)
    Бүгдийг нь цаазаар ав писдануудыг
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 18 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 37 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 13 цаг 1 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 13 цаг 11 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 14 цаг 14 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 14 цаг 31 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 14 цаг 31 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 14 цаг 39 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 14 цаг 51 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 15 цаг 5 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 15 цаг 8 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 15 цаг 21 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 15 цаг 25 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 15 цаг 38 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 16 цаг 14 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 18 цаг 28 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 18 цаг 32 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 19 цаг 39 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 20 цаг 36 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 21 цаг 10 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top