x

Монгол ялна!

Залуу наснаасаа дэлхийг хэрэн аялж ажиллан, 40 насандаа санваартан болж, 50 наснаасаа багшилж эхэлсэн, тэртээ 1993 оноос Монголтой холбогдсон профессор, судлаач Икэда Норихикогийн бичсэн, Шинэ Монгол сургуулийн захирал асан П.Наранбаярын орчуулсан амттай сайхан номыг гэр бүлдээ зарцуулах цагаа хумслан загнуулан байж амралтын өдрөөрөө уншиж дуусгалаа. Энэ номны талаарх бодлоо хуваалцъя.

Үндэсний ижилсэл буюу National identity, гео улс төр, гео эдийн засаг, шашин, улс орны гранд стратеги, үнэт зүйлс судлан сонирхдог хүмүүсийн ширээний ном байна. Ном "Евроазийн том тоглоомын 150 жил: Алслагдсан улсын геополитик. Монгол - Япон" нэртэй бөгөөд анх япончууддаа зориулсан бичсэн аж. Монголчуудад зориулан хэвлэхдээ анхны хувилбараа бараг 50% танасан гэнэ. Энэ номны борлуулалт, сэтгэгдэл, эрэлт хэр байхаас хамаарч бүтнээр нь монголоор орчуулж гаргахаа шийднэ гэнэ ээ. Энэ ном анхны бүрэн хувилбараараа монгол хэл рүү заавал орчуулагдах ёстой.

Өөрийнхөө дүгнэлтээс шууд эхэлье. Мань эрийн бодлоор Америк, Хятад гэсэн хоёр супер гүрэн дэлхийг удирдахаар тэмцэлдэж байх зуур исламын шашныг ашиглан хятадчилагдаагүй үлдсэн Монгол ба Япон улсууд Евроазийн гол тоглогч болж, улмаар энэ бүс нутагт буй 3 тэрбум хүний амьдралд шууд нөлөөлөх боломжтой аж. Барууны ертөнцийн биеэ тоосон байдал, хэт хувиа хичээсэн байдал Исламын ертөнцийг бэхжүүлжээ. Ислам баруунаас хальж Африк, Азийн асуудалд оролцоод эхэлсэн ч барууныхан хянаж харьцаж чадахаа улам бүр больж байна. ШХАБ исламын ертөнцийг хүчирхэг болгохгүйн төлөө үүсч ажиллаж байна гэж бичжээ. Орос, Хятад, барууны хяналтад ороогүй цорын ганц хүч болж ислам үлджээ. Энэ төвөгтэй ертөнцөд орших даяаршилын монгол жор юу вэ? Тэр нь Pax Mongolica мөн үү?

Япон дайнд ялагдсанаас хойш 70 жил, Монгол ЗХУ-ын нөлөөн дор бас 70 жил унтаж, зомби улс болсноороо ижилхэн гэж зохиолч мэтгэжээ. Хятад хуучны ЗХУ шиг АНУ-тай зэрэгцэнэ гэж бодож байгаа ч коммунист намын дотоод зөрчил, тогтворгүй байдалд дүн шинжилгээ хийсэн Хятад судлаач Edward N. Luttwak Хятад улс урт хугацааны ийм зорилгод хүрэх хүч чадал байхгүй гэж дүгнэжээ. Түүнчлэн Ши Жиньпиний Хятад улсын дэвшүүлсэн "Нэг бүс - Нэг зам" бодлого сайтар боловсруулсан стратеги мөн хэдий ч Хятадын коммунист нам уг бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн том саад болж буйг номын зохиолч дурджээ. Монгол Улсын оршин тогтнох 3 нөхцөл байх ба эдгээр нь хоёр хүчирхэг хөрш, байгалийн баялаг, ба үндэстний ижилсэл буюу үнэ цэнэ гэж байна. Эхний хоёр нь Монголд бодитой байгаа боловч 3 дахь зүйл нь байхгүй гэж япон судлаач шууд л бичсэн байна. Үүнтэй холбоотой ЗХУ Зөвлөлт хүн (Homo Sovieticus) хүчээр бүтээх гээд бүтэлгүйтсэн түүхийг мөн сануулжээ. Монголчуудын айдентитиг сэргээхэд ардчиллаас хойш гадагшаа гарсан, өдгөө Монгол Улсын хүн амын 10% болж буй монголчууд асар чухал нөлөөлтэй гэдгийг онцолсон нь анхаарал татав. Иймээс Их Монголын амар амгалан буюу Pax Mongolica концепцийг ашиглан орчин цагийн Монгол Улс үндэсний ижилслээ дахин тодорхойлох ёстой гэсэн санааг зохиолч гаргажээ. Учир нь жалга, довны үзэлд нэрмэгдэх тусах бидний хараа, мэдрэмж баг, сумын хэмжээнд төлөвшин үүрд хатингарших ажээ. Нэмээд, Хятадын хийх гээд ядаад байгаа Бүс Зам төслийг Монголын эзэнт гүрэн хэдийнэ хийчихсэн гэсэн байна.

Үүнийг тайлбарлахын тулд бид гео улс төр (geopolitics) ба улс төрийн газарзүй (political geography) гэдэг ялгаатай ойлголтыг сайтар мэдэх ёстой аж. Мөн эх газрын геополитик ба тэнгис далайн геополитикийн ижилсэл ба ялгааг ойлгох ёстой. Товчхондоо, газарзүйн нөхцөл байдал нөлөөтэй боловч үүнийг хэрхэн ашиглах нь тухай улсын хүр ардаас шууд хамаардаг. Цаашилбал тэнгисийн гүрэн (sea power), цөм газар (heart land), дэлхийн арал (world island), дотоод буюу алс хязгаарын нум (inner or marginal crescent), гадаад буюу арлын нум (outer or insular crescent), хөвөө газар нутаг (rimland), тулгуур нутаг (pivot), түшиц газар (bridgehead), хязгаар нутаг ба тэнгис (marginal area and sea), жийргэвч бүс (buffer zone), алслагдсан нутаг (enclave), арын улс (backland, hinterland), корридор, оффшор төр улс, дагуул улс зэрэг ойлголтуудын ялгаа, түүхийг бид заавал сайтар ойлгож мэдэх ёстой юм байна аа. Бидний мэддэг юм ер нь маруухан юм байна. Өнөөгийн улсуудын цэрэг армийн хөгжил газар, тэнгис, агаар төдийгүй сансрын уудмыг хүртэл эзэмшиж эхлэв. Ингэснээр зэвсэгт мөргөлдөөн гарахад газарзүйн байршил бараг ач холбогдолгүй болчихлоо. Мөн технологийн хувьсгал, кибер дайн улс орны хил хязгаарыг улам бүр утгагүй болгож байна. Газарзүйн байршлаа ашиглан өөрийн улсын аюулгүй байдлыг хангахыг уламжлалт гео улс төр судалдаг байсан бол одоо энхтайвнаар зэрэгцэн оршихын тулд өөрийн улсын газарзүйн байршлаа ашигладаг болсон юм байна. Товчхондоо, нэг нь ялж, нөгөө нь ялагддаг уламжлалт гео улс төр хэдийнэ үеэ өнгөрөөсөн юм байна аа. Үүнийг мэддэг хүмүүс манай улсад улам бүр цөөрөөд байх шиг санагддаг.

ЗХУ задарсны дараа Монголыг АНУ-тай холбож өгч ойртуулсан улс нь Орос аж. Гэтэл АНУ Хятадаас болгоомжлон шууд тусалж холбогдолгүй Японд хүсэлт тавьснаар Япон улс манай шилжилтийн хүнд үеийг давахад тусалсан гэдгийг олон баримтаар өгүүлжээ. Дэлхийн 1-р дайны үндэс нь Английн 3С буюу Кайр, Кэйптаун, Калькуттаг холбосон тэнгисийн хөвөө хяналт, Германы Берлин, Станбул, Багдадыг холбосон эх газрын хяналтын нуман бүсийн зөрчлөөс үүдэлтэй гэж үзжээ. Английн нөлөөг эх газраас зайлуулахын тулд Орос, Германууд нийлээд бодлогоор Хятад, Японыг муудалцуулдаг байв. Энэ бүү хэл 2000 жилийн өмнө бичигдсэн Сүнзийн "Дайтах урлаг" номд өөрийгөө хамгаалахын тулд дайсныхаа дайсанг ашиглах тухай бичсэн байдаг. Аль 1974 онд Хятадууд "Гурван ертөнцийн онол"-ыг дэвшүүлж байжээ. Эхний ертөнц нь АНУ ба ЗХУ, хоёр дахь нь АНУ ба ЗХУ-тай харилцаатай улсууд, гурав дахь ертөнц нь бусад улс орнууд агаад тэдгээрийг Хятад толгойлно гэж. Үүнээс үүдээд аль аль улсуудыг жийрэг болгохыг шийдэж байжээ. Коммунист ертөнцийнхэн улс орнууд хооронд дайн турхиран өдөөж, тоочиглож байгаа улсынхаа засгийн газрыг албаар дайнд ялагдуулж, дараа нь тухайн улсын дотоод бослого, иргэний дайныг өдөөх замаар балиар улс төр хийдэг байжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгөтөн улс доторх коммунистууд өөрийн улсыг бусадтай хийж буй дайн, зөрчилд ялагдуулахаар тэмцэх үүрэгтэй байсан, байдаг аж. Энэ тухай 1938 оны коминтерны 6-р хурлын протоколд орсон байдаг юм байна. 1957 онд Мао Орост очоод Хрущевтэй уулзахдаа хоёр улсын байдал бүр хүндрээд цөмийн дайн гараад Хятад улс хүн амынхаа тал буюу 600 сая хүнээ алдсан ч огт тоохгүй гэж ярьж байжээ. Япон зохиолчийн номонд 13 жил оршин тогтносон Манжго улсын түүхээр дамжин Япон, Монголын харилцааны сонирхолтой түүхийг мөн өгүүлжээ.

Гео улс төрийг онцолж судалж байсан Фридрих Рацел хэмээх эрхэм 1800 оны сүүлээр байсан бөгөөд түүний шавь Шведийн газарзүйч Рудольф Челлен 1900 оны эхээр органик төрийн онолыг гаргажээ. Энэ онол нь хожим нацистуудын үзэл суртал болсон "цус, газар"-тай холбогдоно. Энэ үзэл суртал бараг 120 жилийн дараа "Монгол ялна" гэдэг зөв агуулгатай боловч буруу хэлбэртэйгээр богино зайн сонгуулийн марафоны хэрэгсэл болоод төгөлдөршиж байна. Халхын голын дайны түүхийг үндсээр нь нэлээд эртнээс харах гэж оролдвол Монгол, Япон улсууд аль аль том гүрний тоглоомын золиос болсон юм билээ. Гэтэл бид өнөөг хүртэл Оросуудыг даган жил бүр ялалтыг баярыг эгээтэй л үндэсний бахархлын өдөр шиг тэмдэглэж, Японыг ялсан мэт хөөрцөглөдөг мэт. Одоо бүр жаахан хүүхэд шиг оросуудтай нийлээд байлдаантай кино хийх төсөл явж байна билээ. Үнэндээ Японы эзэн хааны зөвшөөрөлгүй олзонд шунасан хэдхэн япон офицерийн дураараа бас хариуцлагагүй үйлдлээс болж халхын голын тулаан эхэлсэн түүхийн Япон эмч бичсэн байдаг. Энэ номонд ч гэсэн Орос, Японууд дайн гэхээс илүүтэйгээр өөрсдийн цэрэг, зэвсгийг турших маягтай тулгаралт болсон гэсэн дүгнэлт байсан.

ОХУ, БНХАУ бол эрх мэдлийн баталгаа болсон цэрэг арми, хүчний байгууллага, мөн чөлөөт хэвлэл мэдээллийг базах замаар пропаганда явуулдаг. Энэ мэт засаглагч талууд өөрсдийгөө хохирогч гэж үзэхээрээ, эсвэл хохирогч болмоор байвал шууд аймшигт харгислал үйлдэж эхэлдэг. Манай бүс нутагт Хятад, Орос хоёр хүчирхэгжих тусам хүн төрөлхтний нийгэм, улс төрийн хувьд хүсмээргүй дарангуйллыг таашаах хандлага улам хүчтэй болно. Иймээс энэ хоёр дарангуй тогтолцоотой улсын дунд орших Монгол улс ардчиллын төдийгүй энэ хоёр улсын хүч нөлөөг хэмжих алтан индикатор юм гэнэ ээ. Иймээс алслагдсан бүс болох Монголд АНУ, Японы нөлөө буурах учиргүй гэнэ. Эдгээрийг нийтэд нь гранд стратеги гээд байх шиг байна даа хөө. Үндэсний ижилсэл, улсын үнэ цэнэ, ард түмний нэгдлийн тухай Икэда Норихикогийн олон санаа Syndicate Talk нэвтрүүлгийн тусгай дугаарын зочноор орсон английн судлаач Саймон Анхолтын санаануудтай яг давхцаж байна лээ. Нэвтрүүлгийг эндээс үзээрэй.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 47 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 54 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 3 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 27 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 33 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 0 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 18 цаг 59 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 22 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 28 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top