x

Ц.Ойдов: Хямралыг давахын тулд хүн бүртээ хүрсэн бодлого хэрэгжүүлэх ёстой

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Ойдовтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Коронавируст халдварт өвчний улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, хямралын үр дагавар дахиад 2-3 жил үргэлжилнэ гэж тооцоолж байна. Таны бодлоор эрх барьж байгаа нам, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих бодлогыг хэр оновчтой гэж бодож байна вэ?

-Сүүлийн хоёр сар манай улс дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа сайн арга хэмжээнүүдийг судалж, тэрний тухай ярилцаж өнгөрүүллээ. Энэ хугацаанд иргэд, судлаачид, төрийн бус байгууллагууд ингэвэл зүгээр гэдэг талаас нь нилээд олон санаачлага гаргалаа. Зарим нь Засгийн газарт эдгээр санал, санаачлагаа хүргүүлсэн. Үүний үндсэн дээр Засгийн газраас аравдугаар сарын 1-н хүртэл эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх долоон арга хэмжээг зарлалаа. Энэ нь ч түрүүчээсээ нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна л даа.

Наад зах нь малчдын ноолуур бэлтгэлийн ажил дээр маш их асуудал үүсч байна. Иргэд гомдож байна. Мөн албан бус сектер дээрээс орлого олдог, үүргийн худалдаа эрхэлдэг, дугуй засвар, үсчин гоо сайхан ажлуулдаг, цаашлаад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг, тэр салбараас орлого олдог, боловсролын салбарт ажилладаг хүмүүс бүгд орлогогүй болсон. Гэтэл энэ хүмүүст Засгийн газраас гаргасан долоон арга хэмжээ хүрсэнгүй. Үр өгөөжөө өгөхгүй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ иргэн нэг бүртээ хүрэхгүй байна аа гэсэн үг. Үүнийг яаралтай засч, сайжруулах шаардлагатай гэж бодож байна.

-Тухайлбал, яаж?

-Судалгаагаар, манай иргэдийн 70 хувь нь ямар ч хадгаламж эзэмшдэггүй гэсэн үр дүн гарсан. Хадгаламж байхгүй гэдэг чинь орлогогүй болсон гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүст хамгийн наад зах нь чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгцээ, өвчин зовлонгоо эмчлэх эдийн засгийн чадавхи, дархлаа хэрэгтэй. Үнэхээр ард түмнээ бодож байгаа бол Засгийн газар зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой.

-Эдийн засгийн энэ нөхцөл байдалтай уялдаад төсөвт тодотгол хийх шаардлагыг танай намаас хэд хэдэн удаа тавьсан, Ерөнхий сайд ч мөн төдий удаа татгалзсан...?

-Ер нь бол урд өмнөх практикаас харахад улсын төсөвт тодотгол хийдэг. Аймаг орон нутгийн төсөв дээр ч тодотгол хийдэг. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар үүн дээр маш хатуу байр суурь барьж байна. Сангийн сайд нь удаа дараа мэдэгдэл хийлээ. Ерөөсөө тодотгол хийхгүй гэж. Тодотгол хийнэ гэдэг нь алдаатай бодсон бодлого, дутуу тооцсон зүйлүүдээ хуулийн хүрээнд засч сайжруулна л гэсэн санаа.

Манай улсын хувьд энэ жилийн төсөвт зайлшгүй тодотгох хийх шаардлага байгаа. Шинэ нөхцөл байдал үүссэн. Зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн улс орнуудын асуудал болсон. Энэ үед төсөвт тодотгоод зогсохгүй, илүү арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаад улс орнууд эдийн засгаа дэмжсэн, иргэд нэг бүр лүүгээ чиглэсэн арга хэмжээ авч байна. Санаанд оромгүй, төсөөлөөгүй гэнэтийн явдал болчихоод байхад хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалтаа болих хэрэгтэй байна. Тэр сум бүр дээр тавьсан Соёлын төв жишээ нь өнөөдрийн нөхцөлд зайлшгүй хэрэгтэй зүйл мөн үү? Бодох л асуудал.

-Гэхдээ хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байна. Төсөвт тодотгол хийх нь одоо цаг хугацааны хувьд боломжтой юу?

-Хуулийн хүрээнд боломж байгаа гэж харж байна. Улсын хэмжээнд энд тэндгүй бүтээн байгуулалт гээд баахан мөнгө тавьсан байгаа. Үүнийг яаралтай өөрчлөх, иргэдээ, ажил орлогогүй болсон хүмүүсээ орлоготой байлгах бодлого хэрэгтэй байна. Өнөөдрийн нөхцөлд бэлэн мөнгөөр дэмжинэ гэдэг ямар нэг попрол, халамж биш. Эдийн засгаа дэмжиж байгаа бодлого. Бусад улс орнууд үүнийг маш амжилттай зохион байгуулж байна.

-Одоо УИХ-аар цар тахлын үед хэрэгжих нэг удаагийн хууль батлахаар хэлэлцэж байгаа. Энэ хуулиар жишээ нь ямар зохицуулалтуудыг хийх шаардлагатай вэ?

-Нэг удаадаа хэрэгжүүлдэг хууль олон улсын практикаас харахад байдаг. Зарим орнууд хуулиа батлаад хэрэгжүүлүүлээд явж байна. Төсөвт тодотгол хийхгүй, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ гэж зүтгэж байгаа шигээ яг ижил хууль гаргах юм бол байдлыг улам дордуулж ч мэднэ. Ялангуяа энэ жил сонгуулийн жил болж байна. Эрх баригч нам маш их улс төржиж байна. Бүх зорилгоо сонгууль руу чиглүүлж байна. Ийм үед УИХ-аас батлах нэг удаагийн хууль дээр маш болгоомжтой хандах ёстой. Иргэд олон нийт, судлаачид, улс төрийн байгууллагууд гээд бүх хүмүүсийн саналыг авч байж хийх ёстой гэж бодож байгаа.

-Ингэж хийвэл их хугацаа орно биз дээ?

-Алдаатай юм хийвэл бүүр их хохирол гарна шүү дээ. Тэгэхээр үүнд ул суурьтай хандаж, хийх ёстой. Хийе гэвэл боломж зөндөө байна. Маш хурднаар санал авна гэвэл цахим орчинг ашиглаж болно.

-Магадгүй сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар ачааны хүндийг үүрэх байх. Эдийн засагт бий болсон хямрал, түүний үр дагавар дахиад ч үргэлжлэх байх. Тэгвэл  АН-ын мөрийн хөтөлбөрт жишээ нь одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой, хямарлыг даван туулах талаар бодлого, төлөвлөгөө орсон уу?

-ДЭМБ болон зарим байгууллагын судалгаагаар энэ цар тахал 2022 он хүртэл үргэлжилнэ гэсэн таамаг гарсан. Яг энэ дүгнэлттэй холбоотойгоор зарим улс орон хямарлын эсрэг эдийн засгийн төлөвлөгөөгөө хоёр жилээр хийж байна. Манай Засгийн газар бол зургаан сараар хийсэн. Тэгэхээр хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасан байх хэрэгтэй.

Манай намын мөрийн хөтөлбөрт “Хямралын үеийн онцгой бодлого” гэсэн бүлгийг боловсруулж оруулсан байгаа. Энэ нь мэдээж цар тахлын аюулын цар хүрээг харж, төлөвлөж тооцоолж хийсэн. Үүнийг бид ҮБХ-ны хурлаар дэмжээд, аудитын байгууллагаар хянагдаад, хүлээж аваад явж байгаа.

-АН хэзээнээсээ хувийн хэвшлийг дэмждэг, эдийн засгийг либералчлах, төрийн оролцоог аль болох бага байлгах бодлого барьдаг байсан. Энэ уламжлал танай намын мөрийн хөтбөлбөрт хадгалагдаж чадсан болов уу?

-Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, чөлөөт  эдийн засгийг дэмждэг, баруун төвийн нам шүү дээ. Энэ утгаараа манай мөрийн хөтөлбөрт хөрөнгө оруулалттыг дэмжсэн, жижиг дунд бизнесийг дэмжсэн, хөгжүүлсэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн бодлогыг дэвшүүлээд байгаа.

Хамгийн чухал хоёр зүйл бол НӨАТ-ыг 5 хувь болгох, бүх төрлийн бизнесүүдийг дархлаатай болгох том бүлэг мөрийн хөтөлбөрт орсон байгаа.

-Орон нутагт өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ? Өнгөрсөн 4 жилд хэр их өөрчлөлт гарав?

-2016 оны сонгуулиар Орхон аймагт МАН олонх суудлыг авч үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. 2012-2016 онд аймгийн хэмжээнд зам барих, орон сууцны хорооллуудыг тохижуулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зэрэгт анхаарал тавьж ажилласан. ИТХ-аар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн, үр дүн ч өндөр гарсан. Миний хувьд өөрчлөлтийг жирийн иргэдийн дунд байна уу гэж хардаг. Орхон аймгийн иргэдийн хувьд ажлын байраар хангагдсан уу, өрхийн орлого нэмэгдсэн үү гэж харах ёстой. Энэ байдлыг дүгнэж цаасан тайлантайгаа харьцуулах шаардлагатай юм.

Мөрийн хөтөлбөр, төсөв төлөвлөгөөнд тусгасан ажлуудаа хийхийн зэрэгцээ төлөвлөгөөнд байхгүй олон зүйл оруулж ирж, орон нутгийн хөрөнгө, санхүүг тарамдсан, сэтгэлийн хөөрлөөр хийгдсэн ажлууд ч их бий. Огт төлөвлөөгүй ажлаар үнэлгээ авах гэх ч бас ойлгомжгүй биз дээ. 

Одоо бол гол нь иргэдийнхаа амьжиргаа, хүнийхээ хөгжил рүүгээ харж анхаарах цаг юм гэж би харж байгаа. Аймгийн нам ч мөрийн хөтөлбөртөө ингэж боловсруулсан.

Хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудал бол коронавируст халдварын үед авах эдийн засгийн арга хэмжээ нэн чухал. Хүн чанартай хоол хүнсээр хангагдаж байж эрүүл байна. Энэ өвчинг хохирол багатай давж чадвал цаашид хэрэгжүүлэх олон төлөвлөгөөт ажил байгаа. Одоо бол нэн тэргүүнд яаж иргэдээ хоол ундтай, эрүүл саруул, өвчин зовлонгоос холуур байлгах вэ? гэдэг асуудал.

-Сүүлийн үед танай намын залуусаас “Монгол дархлаа” гээд давалгаалаад байна. Энэ санаачлагын талаар тодруулж болох уу?

-“Монгол дархлаа” нь гурван том мессеж өгөх зорилготой. Нэгд, хуулийн засаглалтай, хариуцлагатай болъё гэж байгаа юм. Хариуцлага гэдэг бол маш том дархлаа. Төр, байгууллага, иргэн гээд бүх түвшиндээ хариуцлагыг гол түлхүүрээ болгоё гэж зорьсон.

Хоёрт, Дэлхийн бүх улс орон бүтээмжээр өрсөлдөж байна. Өнөөдөр Монголд мянган малтай хүний эдийн засгийн бүтээмж гэж алга. Багш, ажилчдын хөдөлмөрийн үнэлгээ хөгжсөн улс орнуудаас хэдэн арав дахин бага байна. Бид ийм л үнэлэмж, үнэлгээтэй байгаа. Иймээс шинэ санал санаачлага, оюуны бүтээлүүдийг илүү дэмждэг болох, эдийн засгийн эрх зүйн орчныг илүү тогтвортой байлгах, санхүүгийн орчноо тунгалаг байлгах зэрэг олон шинэчлэлүүдийг хийж байж бид бүтээмжтэй улс болно. Бүтээмж бол Монголын эдийн засгийн дархлааг бий болгох чухал түлхүүр юм.

Гуравт, манай улс мэдээллийн төөрөгдөлд орлоо. Үүнийг ашиглаж байгаа улс төрчид, улс төрийн бүлэглэлүүд маш их байна. Ийм учраас бид мэдлэг рүү тэмүүлж, мэдлэгтэй үндэстэн болох ёстой. Энэ гурвыг үнэт зүйл гэж үзээд үүнийг дэмжсэн залуучууд нэгдэж өдрөөс өдөрт олон болж байна. Нэг, хоёр жил биш нэлээд олон жил үргэлжилнэ гэж харж байгаа.

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top