x

Л.Оюун-Эрдэнэ сайд Харвардад суралцсан л байгаа даа?!

Сүүлийн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” хэмээх сэтгэл татам нэртэй урт хугацааны хөгжлийн хөтөлбөр танилцуулан тун идэвхтэй явах боллоо. Уг хөтөлбөрийг Засгийн газар санаачилсан гэх хэдий ч мань эр энэ хөтөлбөрийн гол автор бололтой. Улс орноо хөгжүүлэх учгийг олсондоо итгэн хөөрч яваа залуу хүнийг харахад сайхан л даа. Тэр тусмаа Харвардад суралцаж, магистр хамгаалсан гэх залуугийн үг сонсууштай байлгүй яахав.

Харамсалтай нь, Оюун-Эрдэнийн үгийг сонсох тусам, “Алсын хараа 2050” хөтөлбөрийг унших тусам дотор муухайрч буйгаа хэлэхээс өөр аргагүй. Бүтэлгүйтэж талийсан социализмын сүнсийг ахин дуудаж байгаа залуу үеэ харахад халагламаар байна шүү дээ!

Харвард зүүн төвийн үзэл санаа голлосон сургууль гэгддэг. Гэхдээ, нийгмийг төлөвлөгөөт удирдлагаар хөгжүүлэх ёстой хэмээх итгэл үнэмшлээрээ санал нийлдэг коммунист, фашист, нацист гэх мэт популист бүлийн үзэл санааг түгээдэг газар арай ч биш ээ. Тэгээд л би “Оюун-Эрдэнэ Харвардад суралцсан л байгаа даа?!” хэмээн гайхшираад буй.

Ядахдаа, Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” хөтөлбөрөө тун зохимжгүй цаг үед буюу коронагаас үүдэлтэй эдийн засгийн “цунами”-тай зэрэгцэн сурталдаж яваа нь түүнийг бүр тэнэг мэт харагдуулж байна. Хүмүүн төрөлхтөн бүгдээрээ, нэг муу вирусээс болж нурдаг хэврэг эдийн засгийн эрин үе эхэлснийг харж байгаа цаг үед шүү!

Оюун-Эрдэнэ, 2050 онд Монгол Улсыг; дэлхийн эхний арван аз жаргалтай улсын нэг болгоно (одоо байгаа эхний арван улсын нэг нь өнгөрчээ!), нэг хүндээ ноогдох ДНБ-ийг 15000 долларт хүргэнэ (харьцуулахаар одоо байгаа эхний арвын хэмжээнд ч хүрэхгүй л байгаа юм даа?!), дундаж ангийг 80 хувьд (дундаж ангийг малын тоо толгой шиг төлөвлөж өсгөх замаар дэлхийн рекорд тогтоох гэж байна!) хүргэх юм гэнэ. Эмоцлог монголчууд бидэнд сайхан л сонсогдож байна. Коронавирусын цар тахалд тэвдэж буй дэлхий харин сонсвол монголчуудыг “дэмийрчихжээ” л хэмээх вий!

Би хувьдаа, юу ярьж яаж яваагаа сайн ойлгоогүй боловсрол дутмаг залуугийн мунхаглал гэж харж байна. Бичсэн тооныхоо учрыг ч өөрсдөө ойлгоогүй бололтой!

Өнөөгийн байдлаар аз жаргалын индексээрээ эхний аравт ордог орны нэг хүнд ноогдох ДНБ нь 2018 оны байдлаар 45000-114000 доллар. Гэтэл Монголын нэг хүнд ноогдох ДНБ 2050 онд арайхийж 15000 доллар хүрээд, тэгээд эхний аравт орох юм гэнэ. Янз нь 2050 онд эхний арван орны ДНБ нь одоогийнхоосоо 3-10 дахин буурч байж бид аравт багтаж орно гэж тооцож байгаа юм аа даа? Яаж ийм тооцоо хийж чадаж байна вэ?

Бэрс сургууль залуу сайдын маань дээд боловсролын суурийг нь тааруу тавьсан бололтой. Мөн, Харвардад мэргэжил дээшлүүлсэн манайхныг хараад байхад боловсролыг нь биш, нэрийг нь зүүж ирээд байдаг дутагдалтайг хэлэх үү.

Боловсролтой байна гэдэг бол зөн билигтээ хуурталгүй, оюун ухаанаараа бодит байдлыг тунгаан харах чадвартай болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аливаад хандах шинжлэх ухаанч хандлагын түвшин өндөртэй бай гэсэн үг юм.

Харин Оюун-Эрдэнэ болон түүнийг дэмжигч үзэл санаа нэгтнүүд “зөн билгийн тулаан” явуулаад байх аж.

Шинжлэх ухаанчаар харах аваас, эдийн засгийн үйл явц цаг агаарын үйл явцтай адилхан. Таамаглах төдий, төлөвлөх аргагүй. Ган гачиг, зуд турхан, цунами, корона мэтийн гамшгууд хэлж ирдэггүй шиг, эдийн засгийн зогсолт, уналт, хямрал, сүйрэл ч бас хэлж ирдэггүй.

Долоон сарын өмнө коронавирусын халдвар гарна гэж дэлхий огт мэдээгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр, коронагаас болоод дэлхийн эдийн засаг нь 90 жилийн өмнө тохиосон сүйрэл рүүгээ очихдоо тулаад байна. Слава Жижек хэмээх коммунист философич, улс гүрнүүд “цэргийн коммунизм”-д шилжин орж болзошгүй хэмээн айх зэрэг хачин гаж үзэгдлүүд ч болж байна. 

Ертөнц ийм тодорхой бус, төлөвлөгөөгүй байхад, ирээдүйн 30 жилийн Монголыг яаж төлөвлөж чадах билээ.

Жижиг Монгол төдийгүй хоёр хөршийн маань хөгжлийн хөтөлбөрүүд; Америкийн эдийн засгийн хориг, коронавирусын цар тахал, нефтийн уналт мэтээс болоод будаа болж байна. Орос орон цаашдаа бүтэн улс байж чадах уу, үгүй юу ч гэдэгтээ тулж байна хэмээн шинжээчид бичих боллоо.

Өдгөө, аз жаргалын индексээрээ тэргүүлж байгаа арван орны алинд нь ч 30 жилийн хөгжлийн төлөвлөгөө байгаагүй, байх ч үгүй. Яагаад гэвэл, тэд нийгмийн хөгжлийг төлөвлөж болдоггүй гэдгийг сайн мэднэ. Тэд, хөгжье л гэвэл ардчилсан улстөрийн тогтолцоотой, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, нээлттэй нийгэм байхад л хангалттай гэдгийг ойлгодог. Нээлттэй нийгэм бол инновацийг өөгшүүлэн дэмждэг эвристик нийгэм учраас хөгжилд байнга нээлттэй байдаг юм.

Энэ дашрамд дурдахад, Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Ю бээр, сүүлчийн бичсэн “Миний алсын хараа” хэмээх нэртэй номдоо, АНУ нь Хятадыг бодвол хөгжилд илүү нээлттэй учраас ямар ч бэрхшээлийг давдаг хүчтэй улс бөгөөд Хятад нь хөгжлөөрөө АНУ-ыг гүйцэж чадахгүй хэмээсэн байдаг. Америкт 30 жилийн хөгжлийн төлөвлөгөө гэж байхгүй, ерөнхийлөгчийн 4 жилийн бодлого л гэж бий.

УИХ-аар хэлэлцэгдэж батлагдмагцаа тоосонд дарагдаж хэвтэх хувь заяатай хөгжлийн хөтөлбөрүүд манайд цөөнгүй бий. “Алсын хараа 2050” хөтөлбөр мөн тэдгээрийн нэг нь л болно.

Ийн бодоод үл тоохсон. Гэхдээ Оюун-Эрдэнэ мэтийн залуу үеийнхэн (магадгүй өөрсдөө юу ярьж буйгаа сайн мэдэхгүй байх) маань нийгмийн асар их гай гамшиг чирж авчирсан 20-р зууны измүүдийн 21-р зууны хувилбарыг олонд сурталдаад байна. 

Нийгмийг үйл явцыг ухаалаг төлөвлөгөөтэйгөөр удирдан жолоодох замаар хөгжил дэвшилд хүргэж болно гэсэн хүмүүний давилуун зангаас национализм, коммунизм, фашизм, нацизм зэрэг 20-р зууны популист бүлийн үзэл санаанууд урган гарсан юм. Тэдгээр үзэл санаанууд хурдан гарч ирсэн шигээ хурдан дампуурцгаасан. Хамгийн удаан тогтсон коммунизм нь далан жил орчим насалсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхийн хугацаатай харьцуулбал ахар богино хугацаа билээ.

Тэдний дампуурал яагаад нийгмийг, жишээ нь 30 жилийн ухаалаг төлөвлөгөөтэй удирдан жолоодож болохгүй байгаа юм бэ? Ингэж удирдах гэхээр яагаад заавал ямар нэг хэлбэрийн дарангуйлалд хүргээд байдаг юм бэ? Яагаад заавал гэм зэмгүй олон сая хүний аминд хүрдэг юм бэ? гэх зэрэг асуултыг тавихад хүргэдэг. Эдгээр асуултад Фридрих фон Хаекаас Стивен Пинкер хүртэлх олон мэргэд хангалттай хариу өгснийг Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус унших хэрэгтэй! Ингэхэд Стивен Пинкер Харвардын багш шүү!

Оюун-Эрдэнэ шиг залуус гэгээрч амжихгүй бол бид хэцүүдэж мэдэхээр байна!

“Алсын хараа 2050” хөтөлбөрт “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн” болгох зорилгоор монголчууд бидний үнэт зүйл, оюун ухаан, ёс суртахууныг сайжруулах 30 жилийн төлөвлөгөө суулгачихаж. Жишээ нь, монголчуудын ухамсрын байдлыг судална (ухамсартай эсэх шалгуурыг хэн тогтоох юм бол?) гэнэ, монгол хүний удмын санг сайжруулна гэнэ. Монгол удмын сангаа бохирдохоос хамгаалахын тулд бүртгэл хийж, гадаадын иргэдэд квот тогтоох замаар сексийг нь хянах юм гэж ойлгож болохоор заалт байна. Гитлер немецүүдийг сайжруулж ари үндэстэн болгох гэж нэг иймэрхүү төлөвлөгөө гаргаж байсныг эргэж санахад илүүдэхгүй болжээ.

Тийм болохоор, хэдийгээр “Алсын хараа 2050” хөтөлбөр тоосонд дарагдаж хэвтэх ээлжит нэг хөтөлбөр болохыг мэдэж байвч, үзэл санаа нь манай залуу үеийнхэнд хортой нөлөөлж төөрөгдүүлэх учир санаа зовж байна даа!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • двойка (64.119.22.117)
    бууны нохой
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • МАН-ЫН ГИШҮҮН (103.229.121.15)
    НАМЫН ШУГАМААР ДАМЖААНД СУУГААД Л ИРСЭН НӨХӨР !
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочин (139.5.216.175)
    хөөрхий коммунист боожгой
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 8 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 15 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 25 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 18 цаг 48 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 18 цаг 54 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 20 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 50 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top