x

Х.Тэмүүжин: Засгийн газраа эмхлээгүй хариуцлагыг УИХ биш, Ерөнхий сайд үүрнэ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон “давхар дээл”-тэй холбоотой заалт ч мөн өдрөөс хэрэгжих ёстой. Үүнээс болж Засгийн газрыг шинэчлэн байгуулах асуудал ихээхэн маргаан дагуулж байна. Үндсэн хууль судлаач хүний хувьд таны байр суурийг сонсмоор байна?

-Үндсэн хууль бол хуулийн тогтолцооны хувьд төдийгүй засаглах хүч нөлөөний хувьд хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг. Монгол Улсад үйлчилж байгаа бүхий л хууль тогтоомж Үндсэн хуульд яв цав нийцэж, тэр хууль тогтоомжуудын дагуу засаглалын үйл ажиллагаа явах ёстой. Тэгж байж Үндсэн хуульт ардчилал, хуулийн засаглал бодитой оршин тогтоно. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас гэж тогтоосон. Үр дагавраа тооцож байж хуулиа баталсан байлгүй дээ.

-Одоо бол тийм биш л гэж харагдаад байна даа?

-“Дагалдах хууль нь гараагүй учраас Үндсэн хуулийг зөрчөөд явж болно” гэдэг байр суурь, хандлага бол хуулийн тогтолцоонд байж боломгүй зүйл. Хууль тогтоогчид өөрсдөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тавдугаар сарын 25-наас мөрдөнө гэж бичсэн бол бусад хуулиа Үндсэн хуульдаа нийцүүлэх ажлаа энэ хугацаанд багтааж хийх ёстой. Энэ бол “Үндсэн хуулийг бид өөрчилсөн” гэж шоудахаас илүү хариуцлагатай, үр дагавартай зүйл. Гэтэл одоо хууль зөрчиж, завхруулах нь хэтрээд Үндсэн хуулийг хүчгүйдүүлэх, үгүйсгэх шатруу ахиж байх шиг. Үндсэн хуульт байгууллыг ингэж завхруулж болохгүй. 

Ирэх тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, төрийн зохион байгуулалт, албан тушаалтны томилгоо байгаа хийгдвэл түүнийг нь иргэд эсэргүүцэх, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Үндсэн хуультай зөрчилдсөн төрийн аливаа шийдвэр, үйл ажиллагааг дагаж мөрдөхгүй байх эрхтэй.

Нөгөө талаас Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, харилцааг зөвтгөж, зөвшөөрөх эрх Цэцэд байхгүй. 

-Засгийн газрын хуульдаа өөрчлөлт оруулаад, түүнийгээ сонгуулийн дараачаас мөрдөөд явахад болно гэдэг зүйлийг МАН-ын хуульчид, УИХ-ын гишүүд нь яриад эхэллээ? 

-Энэ асуудал зөвхөн Засгийн газартай ч холбоотой юм биш. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж үйлчлэх ёстой юу, үгүй юу? Үндсэн хуулиас давсан ийм дур зоргыг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу? гэдэг асуудал.

Хууль тогтоогчид нь хууль тогтоомжоо Үндсэн хуульд нийцүүлж чадаагүй учраас ҮАБЗ-ийн Үндсэн хууль зөрчсөн зөвлөмжөөр шүүгч, прокуроруудыг халдаг асуудал үргэлжлэх ёстой юу? Хэрэв УИХ хуулиа өөрчлөхгүй гэвэл энэ байдал цаашаа хэдэн ч жил үргэлжилж болно гэсэн үг үү? УИХ хуулиа өөрчлөөгүй шалтгаанаар Үндсэн хууль үхмэл хууль болох уу? Энэ бол хуулийн системд байж боломгүй зүйл. 

-Ямартай ч энэ парламент Засгийн газрын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчилнө. Гэхдээ хэрэгжилтийг нь сонгуулийн дараачаас мөрдөнө. Тэгсэн тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй гэж яриад байгаа...

-Монгол Улс нэг л Үндсэн хуультай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн нэг адил хүчин чадалтай. Үндсэн хуулийн энэ хүчин чадлыг ямар ч хуулиар үгүйсгэж болохгүй. Дагаж мөрдөх журмын тухай хууль нэрийн дор Үндсэн хуулийн үйлчлэл, хүч чадлыг үгүйсгэж болохгүй. Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн л бол түүнтэй зөрчилдсөн бүх хуулийг бүх шатны шүүх хэрэглэх эрхгүй. Тийм хуулийн үйлчлэлийг Үндсэн хуулийн Цэц шууд зогсоох үүрэгтэй. Үндсэн хуулийн бус Засгийн газрын аливаа шийдвэрийг иргэд биелүүлэхгүй байх эрхтэй. Үндсэн хуулийн бус албан тушаалтнуудын үйл ажиллагааг шүүхэд өгөх, хариуцлага тооцуулахыг олон нийт шаардах эрхтэй.

УИХ-ын дарга Занданшатар дөнгөж саяхан ҮХНӨ-өөр “пиар” хийгээд, Б.Чимид багшийн хэлсэн “Үндсэн хууль бол алганд багтсан эх орон” гэдэг үгийг их л чухал царайтай давтаад байна лээ. Телевизээр гоё ярьж, гоё нэвтрүүлэг хийж болно. Гоё ярьдаг шигээ хууль тогтоогчийнхоо ажлыг сайн хийх хэрэгтэй л дээ. Хийж чадахгүй бол үр дагаврыг нь хариуцах ёстой. Зарчим ердөө л энэ. “Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс” гэж ярьчихаад алгандаа багтаагаад хулгайлж, эрэмдэглэж болохгүй.

-Хэрвээ Засгийн газрыг шинээр эмхлэхгүй бол хариуцлагыг  хэн хүлээх вэ?

-Хамгийн түрүүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Цэцэд дуудагдана. Дурын хуульч тийм гомдол гаргана. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчвөл огцруулах үндэслэл болдог Үндсэн хуулийн өөрийнх нь заалт бий. Үндсэн хууль өөрөө ажиллаж эхэлнэ гэсэн үг. Үндсэн хууль ердийн хуульд захирагдахгүй, ердийн хуулиар Үндсэн хуулийг тайлбарлахгүй. Хууль тогтоогчдын буруутай үйл ажиллагааны горыг Ерөнхий сайд хамгийн түрүүнд амсана. 

Засгийн газрыг хэн эмхлэн байгуулах вэ гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр маш тодорхой тогтоочихсон. Засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг Ерөнхий сайдад өөрт нь байгаа. Сайд нарыг УИХ томилохоо больсон, Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлдэг болсон. УИХ-д энэ асуудал ямар ч хамаагүй болсон. Ерөнхий сайдын өөрийнх нь кабинет, Ерөнхий сайд өөрөө Үндсэн хуульд нийцэж ажиллах үүрэгтэй. 

-Хэрвээ Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахгүй бол Засгийн газар ч үгүй болох нь ээ?

-Засгийн газаргүй болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд ганцаараа байсан ч Засгийн газар байна. Гэхдээ “Кабинетийн гишүүдийн дөрвөөс бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй шүү” гээд хязгаар тавьчихсан. Тиймээс нэг бол сайд нараа УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх, үгүй бол УИХ-ын гаднаас сайд нараа томилох ёстой болно. У.Хүрэлсүхийн л хариуцах асуудал. 

-Үндсэн хуулийн энэ заалт иргэнтэй шууд холбоогүй учраас иргэд энэ асуудлаар Цэцэд маргаан үүсгээд явах болов уу? Эсвэл УИХ нь “Бид олонхи юм чинь” гээд олонхиороо хүч түрээд түрүүн хэлсэнчлэн хуулиа батлаад “сонгуулиа дараа мөрдөнө” гээд явах болов уу?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд иргэд гомдол гаргаж, Үндсэн хуулийн Цэцээр асуудлыг шийдүүлэх эрхтэй. 

-Мэргэжлийн хуульчид бол мэдээж энэ асуудлаар маргаад явж байна. Харин АН-ын байр суурь ямар байна? АН-ын дэд даргын хувиар танаас асууж байна л даа?

-Үүнд аль нэг намын байр суурь сонин биш. Монгол Улсад Үндсэн хуульт ардчилал байх уу, үгүй юу? Эрх барьж байгаа нам “Бид ингэж бодож байгаа учраас” гээд Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож болох уу, үгүй юу л гэдэг асуудал. Өмнөх Үндсэн хуулиа “болохгүй байна” гэж өөрчилчихөөд, тэр өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчлэх болохоор “Үндсэн хууль хамаагүй, ердийн хуулиар зохицуулна” гэж байгаа бол энэ чинь Үндсэн хуулийн шинэтгэл биш. Харин ч Үндсэн хуулийн дампуурал. Уг нь Үндсэн хуулийн шинэтгэлийг хийсэн гэх нам өөрөө Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийг манлайлж явах үүрэгтэй юм. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар баталснаас хойш таван сарын хугацаа өнгөрчихлөө. Тэр хугацаанд дагалдаж гарах бусад хуулиудаа баталчих хангалттай хугацаа байсан. Гэтэл түүнийгээ хийгээгүй мөртлөө өнөөдөр гэнэт яагаад “Үндсэн хуулийг мөрдөхөө хойшлуулья” гэж яриад байгаа юм бэ? Ямар ашиг сонирхол байна?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ дэвшилтэд үзэл санаа, цаг үеийн шаардлагыг үнэхээр мэдэрч, хүсч хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Зүгээр л сонгуулийн амлалтаа биелүүлсэн болж харагдах гэсэн мэтээр харагдаж байна. Хэрэгжилт дээр нь ийм салаа утгатай, Үндсэн хуулийг өөрийг нь үгүйсгэсэн тайлбар хийгээд сууж байгаа нь хэтэрхий увайгүй хэрэг. Үндсэн хуулийг дампууруулах хүсэл сонирхолтой мэтээр ойлгогдож эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын дахин дахин хэлээд байсан “алган дээр багтсан эх орноо” алга урвуулахын дайтай сүйтгэж байгаа юм биш биз гэж ч бодогдож байна. Б.Чимид багшийн үгийг нь зээлсэн ч утгыг нь гүйцэд ухаагүй бололтой.

-Та ч түрүүнд хальт дурьдаад өнгөрлөө. Ирэх сарын 25-наас мөрдөгдөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дотор “давхар дээлний” асуудлаас гадна шүүхийн хараат бус байдал, Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой олон заалт бий биз дээ?

-Цөөнгүй заалт бий. Тавдугаар сарын 25-наас эхлээд одоо ажиллаж байгаа ШЕЗ Үндсэн хуулийн бус болно. Одоо шүүгчид хариуцлага тооцож байгаа Шүүхийн сахилгын хороо Үндсэн хуулийн бус болно. Авлигатай тэмцэх газрын даргаас эхлээд цөөнгүй албан тушаалтны томилгоо Үндсэн хуулийн бус болно.  Үндсэн хуульд заагдсанаас бусдаар Ерөнхийлөгчид олгогдсон бүх эрх мэдэл Үндсэн хуулийн бус болно. АТГ-ын дарга, ХЭҮК, ТАЗ /Төрийн албаны зөвлөл/ гэх мэт томилгооны асуудлуудыг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлага үүснэ. 

-Яах вэ, их ойрхноор харвал сонгуулийн өмнө тэр бүх шинэчлэлийг хийх нь өөрт нь ашиггүй гэж үзэж байгаа юм болов уу, МАН?

-Үндсэн хуулийн үйлчлэлийг сонгуулийн өмнө, хойно, хэн нэгэн эрх мэдэлтэнд ашигтай, ашиггүйгээр хэмждэггүй. Тийм зарчим байж огт болохгүй. Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийг хязгаарлах, эрхтэн дархтнуудын дур зоргыг хазаарлах, иргэд эрх чөлөөгөө аюулгүй эдлэх зорилгоор хийсэн нийгмийн гэрээ. Үндсэн хууль үйлчилж, хүч нөлөөтэй байх нь иргэдийн амь амьдралын асуудал болохоос эрх мэдэлтнүүдийн сандал ширээний асуудал биш. Маргаашийнхаа цаадхыг бодож, давааныхаа цаадхыг харж чадахгүй бол “Бид Үндсэн хуулийг өөрчилчихлөө” гэж цээжээ дэлдэж гүйгээд нэмэргүй. 

-Тэгэхээр эрх баригчдын өнөөдөр ярьж байгаа зүйл оройтсон харуусал болжээ гэсэн үг үү?

-Тийм. Үндсэн хууль тогтоосон хугацаандаа шууд үйлчилж эхэлнэ. Үндсэн хуульдаа нийцүүлж хууль тогтоомжуудаа эрчтэй, хурдтай хийх нь хууль тогтоогчдын үүрэг, хариуцлага. Үндсэн хуульд нийцээгүй бүх хууль Үндсэн хууль хэрэгжиж эхлэх тэ мөчид хүчингүйд тооцогдоно. Хүчингүйд тооцохгүй гэж маргаж байгаа бол тэр асуудлыг чинь Цэц шийдвэрлэнэ. Зарчим ердөө л энэ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явцад Цэцтэй холбоотой маш олон өөрчлөлт хаягдаж гээгдсэн. Үүнийг Цэцийн захиалга байсан ч гэдэг. Тэгвэл Цэц энэ асуудлыг шударгаар шийдэж чадах болов уу?

-Хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийг сахиулж, Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоожмуудыг хүчингүй болгох үүрэг нь Цэцэд байгаа. Энэ үүргээ биелүүлж чадахгүй бол Цэц Үндсэн хуулийн манаач байхаа больжээ гэсэн үг. Цагаан дээр хараар, тов тодорхой биччихсэн зүйл заалтын тухай ярьж байна шүү дээ. Түүнээс биш хэн нэг эрх мэдэлтний дур зорго, хов живын тухай биш.

Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж заасан. Өөр ямар ч хуулийг Үндсэн хуультай адил хүчинтэй, эсвэл түүнээс дээгүүр хүчинтэй тухай заагаагүй. Цэц ядаж Үндсэн хуулийн дархлаа болсон энэ заалтад үнэнч байх байлгүй дээ. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 35 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 42 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 56 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 7 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 14 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 21 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 25 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 31 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 35 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 38 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 41 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 44 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 48 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 51 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 38 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 43 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 47 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 54 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top