x

“Ардчилалд хэрэгтэй” хэлмэгдүүлэлт

Социализмын үеийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр Мардай хэмээх тун онцгой нэгэн хот байсан. Тэнд орос голдуу 10000 орчим хүн амьдардаг. 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай том сургуультай. Тэр хотынхны тусгай хангамжийг Москвагаас ирсэн төлөөлөгч нь ч гайхаж байсан гэдэг! Монголын нутаг дэвсгэр дээрх Зөвлөлтийн Мардай хотын иргэд тусгай хангамжтай байгаа нь “маш нууц”-ын зэрэглэлтэй хотын иргэд болохоор тэгсэн хэрэг. Магадгүй тэр үеийн Монголын удирдагчдаас зөвхөн Цэдэнбал л тийшээ нэвтрэх эрхтэй байсан байх. Манай өөр ямар ч өндөр албан тушаалтан нэвтрэх эрхгүй.

Эх орных нь эздээс хүртэл ингэж нууцалдаг нь Мардайд Зөвлөлтийн цөмийн зэвсгийн гол түүхий эд болох ураныг олборлодгоос болсон аж. 90 оны ардчилсан хувьсгалын дараа Мардайн уурхай Монголынхоо мэдэлд шилжсэн. Харамсалтай нь, цацраг тархахаас хамгаалан уурхайн амуудыг цемент цутгаад бөглөчихсөн тул хот хэрэгцээнээс гараад, төд удалгүй тоногдож балгас болсон.

Зөвлөлтийн колончлолоос чөлөөлөгдөж өөрөө өөрийнхөө хэргийг өөрөө мэдэх болсон Монголын төр, тэжээгчээ алдаад сүйрчихсэн эдийн засгаа сэргээн босгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого явуулав. Энэ бодлогын хүрээнд Мардайд хөрөнгө оруулагч олдов. Канадын “Хан ресүрсэз инк” хэмээх олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани. Ийнхүү, өмнө нь ашиглаж байсан Оросын тал 21 хувь, нутгийн эзэн Монгол 21 хувь, Канадын хөрөнгө оруулагч 58 хувь тус бүр эзэмшсэн “Төв Азийн уран” компани байгуулагдаж, Мардайг ашиглаж эхлэв. 

Ашиглалтын үйл ажиллагаанд Монгол, Оросын тал хөрөнгө гаргаагүй, Канадын хөрөнгө оруулагчид 20 гаруй сая долларын хөрөнгө оруулсан байна. Тухайн үедээ энэ бол маш их мөнгө.

Гэтэл, 2008 оноос Оросын тал компанийн 51 хувийг нэхэн Монголын талыг шахаж эхэлсэн. Оросын ерөнхий сайд асан, Росатом компанийн захирал В.С.Кириенко Монголын талыг элдвээр шахсаар эцэст нь 51 хувийг нь канадын тал эзэмшдэг мөнөөх “Төв Азийн уран” компанийн ашиглалтын эрхийг хүчингүй болгосон. 

Энэ ажлыг “Орос ах нар”-аасаа ухаан алдталаа айсан Сү.Батболдын толгойлдог засгийн газар хийж гүйцэтгэв. Кириенко Орос улсын баатар цолоор шагнуулсан.

Хэрэв зээ Канадын тал гомдол гаргаж, Монголын засгийн газар олон улсын аль нэгэн арбитирийн шүүх дээр очвол, оросын тал “хөлс мөнгийг нь гаргана” гэчхээд хулхидсан дуулддаг.

Канадын хөрөнгө оруулагчдыг хүчээр хөөн зайлуулсан уг ажиллагааны гайгаар Монгол 100 орчим сая долларыг торгууль, ажлын хөлс мэтэд төлсөн. Бүх төлбөрийг манай татвар төлөгчдийн мөнгөөр л төлж барагдуулсан билээ.

Тэр үед л, хөрөнгө оруулагч талтай хамтран стратегийн ордуудыг ашиглах том төслүүдийг хариуцахаар томилогдсон монголын эрх бүхий албан тушаалтнуудад хожим нь хэрэг зохиож яллан золиослох операци анх мэндэлжээ.

Канадын талыг хууль бус гэрээ хийсэн гэж гүтгэхийн тулд тухайн үедээ монголын талыг төлөөлөн ажиллаж байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг юм. Ийм кэгэбэшник аргыг хэн зааж өгсөн нь байх вэ?

Мэдсээр байж 100-аад сая долларын хохирлыг үзэн байж, Оросын талын шахалтаар Канадын талын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдэн хөөсөн” явдал нь Монгол Улс тусгаар улс мэт болов чиг, энэ улсад найдвартай, тогтвортой хөрөнгө оруулъя гэвэл Оросын эрх баригчидтай л ярих ёстой юм байна хэмээх маш гутамшигтай мэссэжийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн дөө. Угаасаа Оросын эрх ашигт нийцээгүй бүх мега төслүүд Монголд явахгүй болохыг хөрөнгө оруулагчид анзаараад эхэлчихсэн байсан. Үүнийг Сү.Батболдын засгийн газар маш ил цагаанаар нотолсон хэрэг!

Өөрийн талаас ажил хариуцаж байсан хэн нэгнийг авлига, албан тушаалын хэрэгт буруутган, хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл гаргадаг “Хан ресүрсэз инкийн туршлага” Х.Батулга Ерөнхийлөгч болсон цагаас эхлээд жинхэнэ хүчээ авсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа Монголын төмөр замыг шинэчлэх бүх төслүүдийг “хятадын танк”-аар айлган будаа болгосон хүн. Түүний ард, төмөр замын сүлжээг геополитиктой уях онолыг дэвшүүлсэн, Путины шадар хүн, тагнуулч, дипломатч Якунин байсан юм.

Ардчилсан нийгэмд гадаад бодлогын асуудлаар олон ургальч хандлага байдаг нь хэвийн үзэгдэл. Зарим нэг нь Оростой харилцаж хөгжихийг илүүд үзнэ, өөр хэсэг нь Хятадтай харилцаж хөгжихийг боломжийн гэж үзнэ, бас нэг хэсэг нь үнэт зүйлээрээ нийцэх учраас барууны гуравдагч хөршүүдтэй дотночилно.

Гадаад бодлогын олон ургальч, ил тод байдал нь аливаа ардчилсан улсуудын гадаад бодлогыг уян хатан болгодгоороо давуу талтай. Манайх шиг жижиг орны хувьд маш чухал. Их гүрнүүдийн геополитикийн тоглолтын тэнцвэрийг туйлшралгүй барих боломж олгодог.

Энэ боломжийг ямагт хадгалж явах нь зөв зүйтэй хэмээн манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд номлосон буй. Тийм учраас Монгол Улсын улстөрчид аль нэг талыг илүүд үзэх хувийн симпаттай байх эрхтэй боловч төрд очин ажил хариуцахын цагт төрийн бодлого, хуулиа л ягштал баримтлах ёстой юм.

Мөн, эх орныхоо эрх ашгийг өөрийн симпаттай гүрний эрх ашгаас доогуурт үзэн, тэр этгээдэд үйлчилж огт болохгүй. Энэ бол төрийн зүтгэлтний эх оронч мораль болой!

Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо либераль ардчиллын хөгжлийн зам мухардсан тул геополитикоор хөгжинө хэмээх ноцтой үзэл санааг дэвшүүлсэн! Тэгмэгцээ, стратегийн ордуудад хөрөнгө оруулагч татах төрийн өмнөх бодлогуудыг гэмт үйлдэл мэтээр үзэн, больщевик популист үзэлтэй залуу гишүүдээр түүнийгээ зарлуулав. Бодлогыг цензургүйгээр буруутгах дайралтыг явуулж, троллуудаар интэрнэтийг дүүртэл дэмжүүлэв. 90 оны ардчилсан хувьсгал Хятадын эдийн засгийн колончлох бодлого байсан мэтээр гөрдөв. Олон түмний тархийг зад угаав.

Нэгэнт бодлого нь гэмт хэрэг юм хойно, тухайн ажлыг хариуцаж байсан төрийн зүтгэлтнүүдийг гэмт хэрэгтэн гэхүйд хялбар болов. М.Энхсайхан, С.Баяр нарыг элчин сайдаар сууж буй орноос нь эгүүлэн татав. Элчин сайдаа эгүүлэн татна гэдэг бол тухайн оронтой харилцааны таагүй байдал үүссэн үед хэрэглэдэг демарш байдаг, ийм утгаар манай Үндсэн хуульд эгүүлэн татах тухай заалт орсон юм.

Геополитикийг тэргүүлэх бодлогоо хэмээн зарласан манай Ерөнхийлөгч; Их Британи, Швед улсуудын тухайд ойлгомжгүй алхам хийсэн дээ. Бөх хүн олон улсын политикийн горимыг мэдэхгүй алдлаа гэлтэй биш дээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх ерөнхийлөгч Элбэгдоржид хэрэг үүсгэж шалгахыг прокуророос өөрийн биеэр очиж шаардав. Ингэж төрийн тэргүүний намба алдсан нь цаанаа, прокуроруудыг өөрчлөх тооцоотой “тэнэглэл” байж! Энэ тэнэглэлийнхээ дараахан олны өмнө үгэнд нь ороогүй прокуроруудыг зайлуулж, өөрийнхөө прокуроруудыг томилсон шүү дээ.

Шинээр томилогдсон прокуроруудтун шийдэмгий хөдлөв.

Баяр, Энхсайхан нарыг эх орондоо ирэхэд нь АТГ, гэрчийн мэдүүлэг авна хэмээн мэхэлж өрөөндөө авчраад шууд яллагдагчаар татан цагдан хорив. Дээр нь нэмж Сайханбилэгийг мөн адил аргаар мэхлэн хорив. Ийнхүү Монгол улсын Ерөнхий сайд асангуудыг хоморголон шоронд суулгав.

Ардчилсан нийгэмд хатуу баримталдаг нэг зарчим бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн үйлдэл хийсэн хэнийг ч зэрэг зиндаанаас нь үл хамааран хуулийн дагуу хариуцлагад татдаг. Үүнийг хуулийн засаглал гэдэг юм. Нөгөөтэйгүүр хуулийн засаглал нь иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан нөхцөлд л хуулийн засаглал мөн болно. Хуулийн засаглал нь иргэнийхээ эрх чөлөөг баталгаатай эдлүүлээгүй тохиолдолд хуулийн дарангуйлал болон хувирна. Гитлерийн Германд хуулийн дарангуйлал тогтсон байсан юм. Гитлер хуулиар засаглаж байсан шүү!

Өдгөө Монгол оронд хуулийн засаглал биш хуулиар засаглах ёс тогтоод байгааг манайхан анзаардаггүй. Путины Орос оронтой адилхан.

Путин Орос ороныг хуулиар засаглаж байгаа. Тодруулбал, хууль путинчүүдийн эрх ашигт үйлчилж, бусад этгээдүүдийг дарж байдаг. Путинчүүд ямар ч дарангуй үйлдлээ хуулийн үндэслэлтэй үйлддэг билээ.

Монголын ерөнхий сайд асангуудыг хоморголон баривчилж ял тулган шүүх гэж байгаа нь үнэндээ шударга ёсыг тогтоох гэж байгаа явдал огт биш! Үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа юм бол ерөнхий сайд асангуудад шударга шүүхээр шүүлгэх иргэнийх нь эрхийг эдлүүлэх ёстой. Манай Үндсэн хуульд иргэн нь шударга шүүхээр шүүлгэх эрхээ баталгаатай эдэлнэ, тэр цагт шударга ёс тогтохоор заасан байдаг.

Гэтэл “Х.Баттулгын прокурор, АТГ” нь ерөнхий сайд асангуудад шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь эдлүүлсэнгүй. Гэрчээр мэдүүлэг авна гэж мэхлээд яллагдагчаар татсан. Хэрэг бүртгэлийг ингэж хийхийг хуулиар хориглосон байгаа. Хэрэг бүртгэлийг явуулахдаа анхнаас нь оролцогч нарыг маш нарийн зааглаж өгөхөөр хуульчилсан буй.

М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, С.Баяр нар иргэний журамт үүргээ чанд биелүүлэн АТГ-ын дуудсан цагт нь тэнд очиж байв. С.Баяр, М.Энхсайхан нар бүр элчин сайд байхдаа өөрсдөө зардлаа гарган нисэж ирээд мэдүүлэг өгч байсныг монголчууд бид бүгд харсан. Элчин сайдаар суугаа орондоо улстөрийн орогнол хүсэж болох л байсан. Эгүүлэн татахад нь шалавхан нисээд эх орондоо хүрээд ирсэн. Энэ мэтээр мөрдөн байцаалтад ямар ч саад учруулаагүй байхад нь шоронд суулгасан. Ингэх нь мөн л хуулиар хориотой юм.

Тэднийг шоронд суулгасны дараа араар нь баахан гэмт хэрэгтэн мэтээр цуу тараан сурталдав. Ерөөсөө, прокурор болон АТГ сав л хийвэл нэр бүхий хүмүүсийг шоронд суулгадаг. Ингэх гол зорилго нь нийгмийн тархийг угаахад чиглэдэг. Шоронд хоригдсон хүн яаж олон түмэнд үгээ хүргэх билээ?!

Мөрдөн байцаалтын үед, ерөнхий сайд асангуудад шийдвэр чиглэлээ өгсөн УИХ-ын гишүүд, сайд нараас гэрчийн мэдүүлэг авах ёстой шүү дээ. Тэгээгүй. Бас л мөрдөн байцаах ажиллагааны хуулийг ноцтой зөрчиж байгаа юм.

Прокурор, АТГ нь гэрчийн мэдүүлэг авахгүй байгаа гол шалтгаан бол шүүх дээр яллагдагчийг гэрчгүй, харин гөрдөгчид ба матаачидтай зогсоох гэж байгаа юм. Энэ бол прокурор, АТГ-д архагшаад байгаа бузар булай ажиллагаа.

Эцэст нь прокуророос ерөнхий сайд асангуудад, улс орноо хорлон сүйтгэсэн гэх мэт илт зохиомол хэргээр ял ноогдуулав. Хууль бусаар хэрэг хянах ажиллагаа явуулчихсан прокурор маань “ичсэн хүн хүн ална” гээчийг хийж буй нь тэр ээ!

Ерөнхийлөгч Х.Баттулга; найзалж, нөхөрлөж, хамт ажиллаж явсан ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд асангуудаа Оюу толгойн гэрээ, Таван толгойн төсөлтэй холбогдуулан гэмт хэрэгтэн болгон заавал яллах гэж зүтгээд байгаа цаад зорилго нь яг юу юм бэ?

Тэднийг гэмт хэрэгтэн болгож золиослохуйд хоёр толгойн гэрээг гэмт үйлдэлтэй холбогдуулан хүчингүй болгож, ашиглалтын эрхийг хөрөнгө оруулагчдаас нь хураан авах боломжтой болно! 

Оюу Толгойн ард Их Британи байдагт путинчүүдын аазгай хөдөлдөг байх. Яагаад гэвэл Оросын эрх баригчид, Британийн эрх баригчдын хооронд “хүйтэн дайн” ид явагдаж байгаа юм. Оюу толгойн гэрээг хүчингүй болгох сонирхол Оросын геополитикоос болсон бололтой.

Манай Ерөнхийлөгч энэ хүйтэн дайны гар хөл болсон байж мэднэ. Геополитикоор тоглох санаагаа зарласан шүү дээ. Хүнтэй нэг их тэврэлдээд байдаггүй Баттулга, Путинтэй золтой л “озолзчих” шахахыг бид бүгдээрээ харсан.

Харин Таван Толгойн төсөлд Х.Баттулга өөрөө шунаж байгаа гэдэг. Ерөнхий сайд асан С.Баярын номд энэ тухай тодорхой дурдсан буй.

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаа бүтэж, ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд асангууд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадалгүй шоронд суух магадлал өндөр байгаа. Манай шүүх Ерөнхийлөгчийн ахалдаг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс хараат болсон учраас. Тэгвэл Ерөнхий сайд нараа Орост аваачин цаазлуулж байсан үеэс хойшхи хамгийн цар хүрээтэй хэлмэгдүүлэлт болно.

Ардчилсан хувьсгалын нэг том ололт бол Монгол Улсын иргэн хэн боловч шударга шүүхээр шүүлгэх эрхтэй болсон. Энэ эрхийг гэмгүй байж хэлмэгдсэн 40000 орчим иргэнийхээ амь насаар олж авсан юм. Тийм болохоор маш үнэтэй эрх! 

Шударга шүүхээр шүүлгэх эрхийг иргэндээ баталгаатай эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээнэ гээд Үндсэн хуульд заачихсан. Төрийн хүлээсэн уг үүргийг прокурор, шүүх гардан хэрэгжүүлэх ёстой.

Гэтэл шүүх эрх мэдэл маань иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг дэвслэх болсныг, ерөнхий сайд асангуудын хэргийг хянан шийдвэрлэх явцад “Баттулгын прокурор”-ын ногоон малгайтан мэт ааш авир маш томоор тодорхой харууллаа.

Өнөөдөр хэлмэгдэхдээ тулаад байгаа ерөнхийлөгч, ерөнхий сайд асангууд Монголын ардчилал ямар эмзэг байдалд орсныг өөрсдийн биеэр үзлээ. Эрх мэдэлтэй байх үедээ ардчиллаа төгөлдөржүүлээгүйдээ харамсаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Итгэлтэй байх учир юу гэвэл, тэд хэлмэгдүүлэлтийн эсрэг улам бүр зоригжин чангарч тэмцэх боллоо.

Тэд бууж өгдөггүй монголчууд. Тэд хүчирхэг тэмцэгчид. Өдгөө мөхөхдөө тулаад байгаа ардчиллыг тэд л аврах тэнхээтэй улс. Ардчиллын дайчид эргэж ирж байна. Энэ утгаараа тэднийг хэлмэгдүүлэх ёрын муухай явдал нь “ардчилалд хэрэгтэй” болжээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монголд ИРГЭН (66.181.177.41)
    Энэ одоо юу вэ..??? ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН С.БАЯР, Ч.САЙХАНБАЛАГ , ХУЖАА М ЭНХСАЙХАН ӨМӨАРӨӨД БАЙГАА ПЯЛДАГА ЧИ МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ... МОНГОЛ ТӨРИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ ӨЧИГГҮЙ БАРЬЖ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ. МӨН ЛУЙВАРДСАН БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ..
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ш.Гүрбазар: Хорт хавдар байна, ноцтой байна гэж эмч хэлэхэд миний нулимс гараагүй 31 мин Ватиканд шинэ пап лам XIV Лео ямар эрин авчрах вэ? 56 мин Энэтхэг, Пакистаны сөргөлдөөн Хятадын зэвсгийн салбарт хожил авчирсан уу? 1 цаг 1 мин Израиль Газа руу НҮБ-ын хүнсний тусламжийн таван ачааны машиныг нэвтрүүлжээ 1 цаг 12 мин Трамп: Орос, Украин хоёр гал зогсоох хэлэлцээг "шууд эхлүүлнэ" гэж мэдэгдэв 1 цаг 13 мин Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын бодлогын уулзалтыг Монгол Улс анх удаа зохион байгуулж байна 1 цаг 18 мин Монгол, Филиппиний харилцаа шинэ шатанд гарч байна 1 цаг 20 мин Монгол Улс, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлнэ 1 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 22 мин Бороотой өдөр үргэлжилнэ 1 цаг 25 мин Өнөөдөр цахилгаан хязгаарлагдах хуваарь: 2025 оны 5-р сарын 20-ны Мягмар гараг 1 цаг 26 мин Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.05.20/ хуралдааны тов, хэлэлцэх асуудал 1 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас явуулна гэв үү? 14 цаг 24 мин “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна 15 цаг 24 мин Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна 15 цаг 30 мин Гамшгийн бэлэн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 15 цаг 41 мин "Урт цагаан" цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоолын ажил 95 хувьтай байна 15 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 15 цаг 54 мин АТГ-т шалгагдаж буй "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч 16 ААН-ид газар олгожээ 16 цаг 14 мин Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 16 цаг 50 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top