x

Үхэл амьдралыг шийдэх амьсгалын АППАРАТУУД

Өнөөдрийн байдлаар Итали улс шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалд өдөр бүр хэдэн зуугаар тоологдох иргэнийхээ амь насыг алдан тоо нь аль хэдийнээ Хятад улсыг даван 8,000 хүрлээ.

Ердийн улирлын ханиад томуунаас хүний амь эрсдэх үзүүлэлт 100 хүнээс 0.1 хувь нь байдаг бол коронавирусээс хүний амь нас эрсдэх үзүүлэлт дунджаар 2 хувь орчим гэж судлаачид үзэж байна.

Гэхдээ энэ нь ердийн томуунаас дунджаар 20 дахин их хөнөөлтэй гэсэн үг. Хэдийгээр дээрх үзүүлэлт 2 хувь гэсэн хэдий ч коронавирусээс амиа алдсан хүнийхээ тоогоор дэлхийн улс орон бүр харилцан адилгүй байгаа. Энэ үзүүлэлтэд тухайн улсын хүний амын насжилт, өвчлөл, эрүүл мэндийн салбарын чанар, хүрэлцээ, хүртээмж зэрэг олон зүйл нөлөөлж буй нь ойлгомжтой.

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дийлэнх хэсэг нь хөнгөн тусдаг бөгөөд өндөр настай болон архаг хууч өвчтэй хүмүүс илүү эрсдэлтэй байна гэдгийг статистик үзүүлэлтүүд харуулдаг. Гэхдээ энэ нь эрүүл саруул, залуу хүмүүс энэ өвчнийг тусаад хүндрэх, цаашлаад амь насаа алдах ямар ч эрсдэлгүй гэж ойлговол туйлын буруу.

Хятад улсад халдвар авсан нь тогтоогдсон нийт хүмүүсийн 5 хувь нь сэхээн амьдруулах эмчилгээнд орсон бол Италид энэ үзүүлэлт илүү өндөр 12 хувьтай байгаа.

Итали улсын хувьд 80,000 орчим коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс 8,000 орчим хүнийхээ амийг алдсан гэдэг нь амь насаа алдсан үзүүлэлт дээр дурдсан 2 хувь байтугай 10 хувьд хүрч байгаа нь дэлхий нийтийг цочирдуулж байна.

Итали хүмүүсийг Европын бусад улсуудтай харьцуулахад харьцангуй эрүүл амьдралын хэв горимыг сахидаг гэж үздэг. Үүнээс үүдээд Итали хүмүүс өндөр насалдаг учраас хүн амынхаа дундаж наслалтаар Европ тивдээ дээгүүр ордог. Коронавирусээс амиа алдсан хүмүүсийн тоо Италид өндөр байгаа нь өндөр наслалттай холбоотой байж болох ч нөгөөтээгүүр халдварын тоо хурдацтайгаар өсөж коронавирусээс шалтгаалан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ шаардагдах өвчтөнүүдийн тоо нь эмнэлгүүдийнх нь хүчин чадлаас хэтэрсэнтэй илүү холбоотой.

Ялангуяа эмч, сувилагч болон хүндрэл учирсан өвчтөнүүдэд нэн шаардлагатай амьсгалын аппаратуудын дутагдалд Итали улс ороод байгаа билээ.

Италид амьсгалын аппаратууд нь хүрэлцээгүй байгаа тул эмч нар өвчтөнүүдээсээ хэнийг нь амьсгалын аппаратад оруулж амь насыг нь аварч хэнийг оруулахгүй үхүүлэхэд хүргэх вэ гэдэг асар хүнд сонголтуудыг хором тутам хийж байна.

Коронавирусийн халдвар авч хүнд өвдсөн хэдий ч амьсгалын аппаратаа өөр залуу хүнд өгч өөрөө амьсгалын аппаратад орохоос татгалзан амь насаа алдсан 72 настай лам Жюсэппэ Берарделийн зүрх шимшрүүлсэн нөгөө талаар хүний сайхан сэтгэлийг харуулсан явдлын тухай мэдээг дэлхийн хэвлэлүүд бичсэн.

Эмч сувилагч болон амьсгалын аппаратуудын дутагдлаас үүдэн Италид олон хүмүүс амь насаа алдан зарим хотын буяны байгууллагууд нь талийгаачдаа оршуулж дийлэхгүй армийг дайчлан талийгаачдынхаа цогцсыг бусад хотуудын буяны байгууллагуудад хүргэж өгч буй та дуулсан байх.

Энэхүү коронавирусийн цар тахал нь улс орнуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн сайн зохион байгуулсан зэрэг зүйлсийн ялгааг тодоор харуулж байна. Хятад, Солонгос зэрэг улсад чанга дэглэмтэй хөл хорио, уйгагүй тандалт шинжилгээ зэрэг хурдацтай арга хэмжээ авсны үр дүнд вирусийн дэгдэлтийг тодорхой хэмжээнд хорьж чадлаа.

Тайван, Сингапур зэрэг улсууд 2002-2003 дэгдсэн SARS вирусийн дэгдэлтээс авсан сургамжийнхаа дагуу дээд зэргийн зохион байгуулалттай урьдчилан сэргийлсний үр дүнд вирусийн халдварыг бүрэн хяналтдаа авч халдварыг маш бага хэмжээнд  тогтоож чадаж байна.

Гэтэл Азийн орнуудтай харьцуулах Америк улс болон Европын орнууд коронавирусийн дэгдэлтэд маш хойрго хандаж урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг чадаагүй тул одоо Америк, Европ тив тахлын голомтууд болоод буй.

Лалын Бүгд Найрамдах Иран улсад гэхэд бараг 30,000 шахуу халдвар, 2,000 гаран амь эрсдэл байгаа гэсэн албан ёсны тоо байгаа ч Иран улс хатуу дэглэмтэй, мэдээлэлд маш хяналттай, улс төрийн тогтворгүй, хаалттай шахуу улс тул жинхэнэ тоог нууцалж бодит байдал дээр үүнээс хэд дахин өндөр байх магадлалтай.

Иран улс эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд, эрүүл мэндийн салбар нь Монгол Улстай зүйрлэж болохоор хэмжээний орон тул манай улсад учирч болох аюулын дүр зураг юм.

Амьсгалын аппарат гэдэг нь уушгины хатгалгаа гэх мэт өвчин туссан хүний уушгины үйл ажиллагаа муудан тухайн өвчтөн амьсгалын дутагдал буюу хүний биед шаардлагатай хүчилтөрөгчийг уушги нь авч чадахгүй байгаа үед нойрсуулагч эмчийн тусламжтайгаар өвчтөний мөгөөрсөн хоолойд гуурс суулган түүгээр нь хүчилтөрөгчтэй агаар шахаж эргээд нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс нь зайлуулдаг тусгай төхөөрөмж юм.

Цаашид коронавирусийн халдвар вакцин гаргахаас нааш буурахгүй байнга өсөх хандлагатай байгаа тул дэлхийн улс орнууд нэн шаардлагатай энэхүү амьсгалын аппаратуудыг бие биенээсээ өрсөн асар олон тоогоор худалдан авч нөөцөлж байна. Амьсгалын аппаратуудыг үйлдвэрлэгч компаниуд дэлхийд цөөхөн бөгөөд эдгээр үйлдвэрлэгч нар захиалгаа дийлэхгүй хүчин чадлаа хэдэн арав дахин нэмэх шаардлагад хүрээд байгаа билээ.

Гэхдээ энэхүү төхөөрөмжийг үйлдвэрлэхэд өндөр стандарт, нарийн ур чадвар, технологи шаардлагатай тул үйлдвэрлэгч нар хүссэнээрээ хүчин чадлаа нэмэх ямар ч боломжгүй юм. Зарим улс орнууд бусад төрлийн технологи буюу машин, гэр ахуйн цахилгаан бараа гэх мэтийг үйлдвэрлэгч нараа дайчлан тэдгээрийг ашиглан амьсгалын аппаратуудыг олон тоогоор үйлдвэрлэх арга замыг хайж байгаа аж.

Мөн нэг амьсгалын аппаратад хоёр хүнийг зэрэг холбох боломжийг ч судалж байна. Эрэлт нь асар өссөн тул мөнгө нь байгаад ч амьсгалын аппаратууд олдохгүй нөхцөл байдал үүсээд буй. Улс орнууд өөрсдийн үйлдвэрлэгч нараа ч амьсгалын аппарат экспортлохыг хориглосон.

Дэлхийн улс орнуудын одоо буй болон нэмж худалдан авч амьсгалын аппаратуудын талаар хэдэн тоо дурдъя.

Америкийн Нэгдсэн Улс (АНУ) гэхэд нийтдээ 160,000 гаруй амьсгалын аппараттай бөгөөд энэ тоог 750,000 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай талаар яригдаж байна. Нэмэгдүүлсний дараа 327 сая хүн амтай АНУ-ын хувьд 436 хүнд нэг амьсгалын аппарат ногдож байна.

Тэгвэл одоогийн байдлаар Их Британи 8,000 аппараттай бөгөөд тоогоо 35,000 болгохоор зорьж буй бол Герман улс одоо байгаа 25,000 амьсгалын аппарат дээрээ нэмж 10,000 аппаратыг худалдан авч байгаа аж. Ингэхээр тоогоо нэмэгдүүлсний дараа  Их Британид 1,885, Германд  2,342 хүн тутам нэг ширхэг амьсгалын аппарат ногдож буй аж.

Эдгээрээс хамгийн цөөн амьсгалын аппарат шаардагдах Герман улсын жишгээр авч үзэхэд манай улсад коронавирусийн халдвар ихсэхэд 1,280 ширхэг амьсгалын аппарат шаардлагатай гэсэн тоо гарна.

Гэхдээ мэдээж манай улсын хөгжил болоод эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн өөрсдийгөө Герман улстай зүйрлэх нь шударга бус хэдий ч манай улс нэг мянга биш юмаа гэхэд хэдэн зуугаар тоологдох амьсгалын аппаратуудыг бэлдэх нэн шаардлагатай гэсэн үг. Тэгвэл Монгол Улсын хувьд нэн шаардлагатай энэхүү амьсгалын аппаратууд нийтдээ ердөө 160 байгаагаас 100 гаруй нь энгийн үед байнга хэрэглэгдэж байдаг тул ердөө 60-хан хүнийг аппаратад оруулах боломжтой гэсэн үг хэмээн “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар гуай ярьж байна.

Коронавирусийн эмчилгээнд нэн шаардлагатай энэхүү амьсгалын аппаратуудын тооны талаар ЭМЯ болон холбогдох албан тушаалтнууд тодорхой зүйлийг огт дурдахгүй байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэ талаар хөндөхгүй байгаа нь туйлын харамсалтай.

COVID-19 холбоотой тогтмол явагддаг нэгэн хэвлэлийн бага хурлаар ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламжийн Газрын дарга Я.Буянжаргал “Азийн хөгжлийн банк, Засгийн газраас олгосон санхүүжилтээр бид амьсгалын аппаратуудыг нэмж аваад эмнэлгүүдэд хуваарилж байгаа” гэсэн байна. Гэтэл сэтгүүлчид манай улсад хэчнээн аппарат байгаа, хэдийг нэмж авч байгаа болоод хэзээ ирэх, олон улсын жишиг ямар байгаа талаар нарийн тодорхой огт асууж тодруулсангүй.

Мэдээж дэлхийн улс орнууд хамгийн хүнд нөхцөл байдал үүсэхэд хэрхэн хохирлыг бууруулах вэ гэдэг байдлаар бэлдэж байгаа бөгөөд манай улс ч энэ жишгээр бэлдэх ёстой гэж хувьдаа бодож байна.

Манай улс энэ олон тооны амьсгалын аппаратуудыг бэлдэхгүй бодлого баримтлахыг хүсвэл коронавирусийн эсрэг вакцин бий болох хүртэл сэжигтэй тохиолдлуудыг маш нарийн мөшгөн хөөж маш олон хүмүүсийг шинжилгээнд удаа дараалан хамруулах, шинжилгээг хүртээмжтэй болгож өргөн хүрээнд шинжилгээг хийх, халдвартай болон сэжигтэй хүмүүсийг удаан хугацаагаар хяналттай тусгаарлах, тусгай нислэгээс бусад ямар ч тохиолдолд хилээр орж гарах хөдөлгөөнийг байнга хориглох, байнгын хөл хорионд байхаас өөр аргагүй болно.

Эдгээрийг хэрэгжүүлэхгүй бол манай улс олон тооны иргэдээ тахлын голомт болсон гадаадын орнуудаас байнга авчирч буй өндөр эрсдэлтэй өнөөгийн нөхцөл байдалд  нууц үе удаантай, маш халдвартай энэхүү коронавирус манай улсад маш хурдан хугацаанд өргөн тархах аюул улам бүр өндөрсөж байна.

Мэдээж коронавирусийн эсрэг эхний хамгаалалт бол манай улсад одоо хэрэгжүүлж буй хөл хорио, тандалт шинжилгээ, тусгаарлалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд мөнөөсөө мөн.

Гэхдээ энэхүү хамгаалалт сэтлэгдвэл бидний дараагийн хамгаалалт болох эмчилгээ, сувилгаа зэрэг хохирлыг бууруулах дараагийн арга хэмжээнүүд бэлэн байх шаардлагатай. Энэхүү дараагийн хамгаалалтын гол цөм бол бидний алтан гарт эмч, сувилагч нар тэдэнд биднийг аврахад шаардлагатай өөрсдийгөө хамгаалах эмнэлгийн хамгаалалтын маск, хувцас хэрэглэлүүд, та бидний эмчилгээнд хэрэгтэй амьсгалын аппаратууд зэрэг эмчилгээний төхөөрөмжүүд болно.

Эцэст нь хэлэхэд эдгээр бүх тоо, үзүүлэлтүүдийн цаана та бидний хайртай хүмүүсийн амь нас буй гэдгийг мартаж болохгүй бөгөөд аюул учирлаа гэхэд эмч, сувилагч нар маань хэнийг нь үхүүлэх, хэнийг нь аврах сонголт хийх нөхцөл битгий хүрээсэй хэмээн бичиж байна.

АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин “Төлөвлөгөөгөө бэлтгэлгүй бүтэлгүйтэх нь бүтэлгүйтэхээр төлөвлөн бэлтгэж буй гэсэн үг юм” гэж хэлсэн байдаг.

З.Оргилхүү /@orgilkhuu/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 8 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 15 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 24 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 18 цаг 48 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 18 цаг 54 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 20 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top