x

Б.Дөлгөөн: Сургалтын чанарт нөлөөлж байгаа хамгийн том асуудал сургууль байсан

“Эрдэмтэд, сэтгүүлчид” клубийн урилгаар эдийн засагч Б.Дөлгөөн ухаалаг бодлого гаргах загварчлалаар боловсролын асуудлыг тодорхойлсон аргачлалыг ярилаа. Тэрбээр Пакистаны ерөнхий боловсролын сургуулийн жишээн дээр ярьсан. Тэр нь Монголынхоос ялгаатай ч Харвардын эдийн засагчид боловсролын салбарын асуудлыг тодорхойлж, шийдэл санал болгосон нь сонирхолтой байв.

Б.Дөлгөөн 2018 онд Харвардад суралцаад ирсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Харвардад сурах болсон шалтгаанаа тэр ийнхүү тайлбарласан юм. “Маш олон хөгжлийн онолууд байдаг.

Байнга Америкаас ном захиж, сүүлд гарсан номуудыг нь уншаад, эдгээр олон онолуудын аль нь зөв, аль нь буруу, алийг нь барих эсвэл мартах ёстой гэсэн системтэй ойлголт надад байгаагүй. Тийм учраас дэлхийд хөгжлийн эдийн засгаар хамгийн сайн гэсэн хоёр хөтөлбөрт материалаа илгээж, нэгээс нь гайгүй тэтгэлэг авсан. Дэлхийд танигдсан эдийн засагчдын дор хоёр жил “нухлагдаад” сүүлийн жилдээ профессорын туслах хийж байгаад ирсэн” гэв.

Зочин маань яриагаа ийнхүү эхлэв:

Ухаалаг бодлого гаргах загварчлал гэдэг аргачлалаар боловсролын асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгосон. Энэ судалгааг Asim Kwaja гэж тоглоомын онолын багш маань өөрөө хийсэн. Түүний бэлтгэсэн слайдуудыг энд ашиглаж байгаа юм. Энд хамгийн түрүүнд ойлгох нэг зүйл нь юу гэхээр торхтой ус байна гэж бодъё. Торхон доторх моднууд нь хүчин зүйлүүд буюу жишээлбэл цахилгаан эрчим хүч, зам, уул уурхайн хөрөнгө оруулалт байлаа гэж төсөөл.

Жишээлбэл, 2012-2016 оны хооронд ойролцоогоор 3000 км зам барьсан. Эдийн засагчид өмнө нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд 3000 км зам барилаа гэхэд торхонд хийж байгаа ус нь тэр хэмжээгээр өснө гэсэн ойлголттой байсан. Одоо бол торхон дахь моднуудыг хөндлөн биш босоогоор нь харах болсон. Энэ цахилгаан, уул уурхайн хөрөнгө оруулалт, зам юм. Эрчим хүчээ нэмэгдүүлэхгүй бол хэчнээн зам барьсан ч эдийн засгийн өсөлт хамгийн их дутагдаж байгаа хүчин зүйлээрээ хязгаарлагддаг юм байна. Дахиад 500 км зам барьсан ч цахилгаан эрчим хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол эдийн засгийн өсөлт гацна гэж үзсэн.

Энэ ойлголттой яг адилхан байдлаар бид боловсролын салбар дахь хязгаарлагч хүчин зүйлийг авч үзсэн юм.

Сургууль доторх нөөц буюу төсөв, сурагчдын хамрагдах хувь, институцийн чадавх, хариуцлага, багш нарын мэдлэг чадвар, сурах бичиг, ширээ сандал гэх мэт нь сурлагын чанарт нөлөөлж байгаа эсэхийг судалсан. Сургуулийн тоог нэмэхээр сургалтын чанар дээшилнэ гэж бодож байгаа бол худлаа. Хамгийн их дутагдаж байгаа зүйл юу вэ. Тэр нь сурлагын чанарт нөлөөлнө гэж үзсэн. Asim Kwaja багш пакистан хүн. Тийм учраас Пакистаны боловсролын салбар дахь хязгаарлагч хүчин зүйл юу болохыг энэ загварчлалаар тодорхойлсон.

Хүний нөөц дотроо хязгаарлагч хүчин зүйл нь нийт оюутнуудын сургуульд хамрагдах байдал уу? Эсвэл сурлагын чанар байна уу? Эсвэл тэгш бус байдал уу? Энэ асуултуудад хариу хайсан. Пакистаны хувьд анхан шатны боловсролд хамрагдах байдал хурдтай өсч байна. Тийм учраас энэ асуудал биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

ТЭГШ БУС БАЙДАЛ СУРЛАГЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛДӨГ ҮҮ

Тэгш бус байдал сурлагын чанарт яаж нөлөөлж байгааг судалсан.

Тэгш бус байдлыг гаргахдаа тухайн сурагчийн гэр бүлийн орлого ямар байгааг харна. Сурагчдын дундаж хөрөнгийн индекс гээд индексжүүлж авч үзсэн. Энэ графикаас харвал хувийн сургуулиудын сурагчдын ар гэрийн орлого улсын сургуульд сурдаг сурагчдынхаас өндөр байгаа юм. Энэ байдал нь сурлагын чанарт нөлөөлж байна уу? Тухайн сургуулийн сурагчдын эцэг, эхийн хэдэн хувь нь дунд сургуулийн боловсролтой вэ гээд үзэхээр энэ хоёрын ялгаа нэг их зөрүүтэй бус.

-Тухайн өрх юунд илүү хөрөнгө оруулж байгааг асуусан юм билээ. Яагаад эцэг, эхчүүд сургалтын төлбөр төлж байна вэ?

-Зарим улсад эрэгтэй хүүхдийнхээ хувийн сургуулийн төлбөрийг төлдөг. Эмэгтэй хүүхдийнхийг бол төлдөггүй. Пакистаны энэ мужийн хувьд эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгасан юм байгаагүй. Ээж нь бичиг үсэгтэй байна уу гэдэг чухал. Тухайн хүүхдийн оюун ухааны чадварыг эцэг, эхчүүд нь өөрсдөө үнэлдэг. Ялангуяа ээж нар “Манай энэ арай гайгүй толгой сайтай хүүхэд” гээд гайгүй гэж үнэлсэн хүүхдээ хувийн сургуульд сургадаг юм байна. Ийм хэдэн хүчин зүйл улсын аль эсвэл хувийн сургуулийг сонгох уу гэдгийг тодорхойлоод байгаа юм.

Орлогын хувьд ангилж үзэхээр бүх бүлгийнхэн улсынхад ч хувийн сургуульд ч сурч байна. Ядуу хүмүүс нь ч ямар нэг байдлаар мөнгө олоод, хүүхдээ хувийн сургуульд сургасан байна. Орлогын түвшин, хүйс гээд хэд хэдэн хүчин зүйлээр авч үзэхэд тэгш бус байдал боловсролын чанарт айхавтар нөлөөлөөгүй байна.

"ХУВИЙН БОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ЧАНАРЫН ЯЛГАА"

Хувийн болон улсын сургуулийн сургалтын чанарыг харьцуулахдаа 10 настай хүүхдүүдийн дунд нэг оронтой тоонд нэмэх, хасах үйлдлээр шалгалт авсан. 29 хувь нь нэмж, хасч чаддаг. 43 хувь нь чаддаггүй. Сургалтын чанар муу байгаа нь Пакистаны энэхүү муж тосгоны хувьд асуудал байна. Сургалтын чанар яагаад муу байна вэ? Үүнийг тайлбарлах хэрэгтэй болсон. Сургалтын чанарт өрхийн хүчин зүйлүүд нөлөөлж байна уу, тухайн тосгоны хүчин зүйлүүд нөлөөлж байна уу. Эсвэл сургуулийн хүчин зүйлүүд байна уу? Энэ бүхнийг судалж үзэхэд хамгийн том асуудал нь сургууль байсан.

-Сургуулиудын байршил нь сургалтын чанарт нөлөөлж байна уу?

-Сургуулийн байршил нөлөөлөхгүй гэсэн үр дүн гарсан. Аав, ээжийнх нь унших, бичих чадвар хүүхдийн оноонд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Энэ нь тийм өндөр нөлөө алга гэж үзсэн байна. Сургууль алслагдсан эсэх нь эрэгтэй хүүхдүүдэд нөлөөлдөггүй юм байна. Эмэгтэй хүүхдүүдэд нөлөөлж байна гэж үзсэн. Сургууль гэрээс нь холдох тусмаа эмэгтэй хүүхдүүдийн сургуульд хамрагдалт 11-16 хувиар буурч байна гэж дүгнэсэн.

Тухайн хүүхэд улсын сургуульд явж байна уу, хувийн сургуульд явж байгаа эсэх нь сургалтын чанарт хамгийн өндөр нөлөөлж байсан. Хувийн сургуульд сурч байгаа хүүхэд улсын сургуульд сурч байгаа хүүхдээс 1,5-2,5 жилийн өмнө явж байна. Улсын сургуулийн тавдугаар ангийн сурагчийн математик, англи хэл, эх хэлний хичээлийн дундаж түвшин хувийн сургуулийн гуравдугаар ангийн хүүхдийн түвшинд хүрэхгүй байв. Үүнээс бид сургалтын чанар хязгаарлагч хүчин зүйл юм байна. Чанар дотроо сургууль нь улсынх уу хувийнх уу гэдгээс хамаарч байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Анги дүүргэлтийн хувьд багш, сурагчдын харьцаа 27 юм байна. Пакистаны судалгаанд хамрагдсан муж, тосгоны хувьд хувийн сургуулийн багш нар улсын сургуулийн багш нартай харьцуулахад хэд дахин туршлага муутай, сургалт бага авдаг гэсэн дүн гарчээ. Хувийн сургуулиудын багш нарын 39 хувь нь гурваас дээш жил багшилсан, нэгээс бага жилийн хугацаанд багшилсан нь 21 хувь байв. Улсын сургуулийн багш нарын 88 хувь нь гурваас дээш жил багшилжээ. Улсын сургуулийн багш нар нь хувийн сургуулийн багш нараас өндөр цалин авдаг юм байна. Багш нарын эргэлтийг судалсан. Улсын сургуульд 24 хувь нь өөрчлөгддөг.

Хувийн сургуульд 71 хувь нь өөрчлөгдөж байна. Улсын сургуулийн багш нарын 80 хувь нь байнгын гэрээтэй. Хувийн сургуулийн багш нарын 60-70 хувь нь гэрээгүй ажилладаг юм байна. Багшийнх нь тестэн дээр авсан оноо бас бий. Улсын сургуулийн багш нар жигд стандарт оноо авсан бол хувийн сургуулийн багш нар бага цалинтай байх тусмаа бага оноо авч байсан. Цалин нь өндөрсөх тусам оноо нь өндөрсөв.

Энд багшийн оноо, сурагчдынх нь оноог харьцуулж үзсэн. Тэгэхээр улсын сургуулийн багш, хувийн сургуулийн багшийн авч байгаа мэдлэгийн ялгаа өндөр байна. Хувийн сургуульд ажиллаж байгаа багшийн оноо 700 хэрнээ сурагч нь 560-570 оноо авч байна. Улсын сургуулийн багш 1100 оноо авсан ч сурагч нь өндөр оноо авч чадаагүй. Багшийн чадвар хүүхдийн чадвартай уялдаатай гэсэн таамаглалыг энэ дүгнэлт үгүйсгэсэн. Эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжийн байдлыг бас судалсан. Сэтгэл ханамжид нэг их зөрүү ажиглагдаагүй.

“АРИУН ГУРВАЛЖИН”

Эдийн засагчдын эцсийн дүгнэлт нь боловсролын салбарт хамгийн тулгамдсан асуудал сургалтын чанар юм байна. Улсын сургууль, хувийн сургуулийн сургалтын чанар ялгаатай байна. Улсын сургуулиудын урамшуулал сайн биш юм байна. Яагаад улсын сургууль асуудалтай байна вэ гэж судлахад сургуулийн захирал нь багшаа халж чаддаггүйтэй холбоотой байв. Гэрээ хийсэн бол бараг насан туршдаа ажилладаг.

Гэрээний нөхцөлөөс хамаараад улсын сургуулийн багш нарын хүчин чармайлт хувийн сургуулийн багш нарын хүчин чармайлтаас ялгаатай байсан. Улсын сургуулийн багшийн хувьд нэгэнт тогтвортой ажиллах гэрээ хийсэн учраас хэчнээн чадвартай, туршлагатай, өндөр цалинтай байсан ч сургалтын чанар муу байв. Хувийн сургуулийн багшийн хувьд сайн зааж, захирлаас оноо авахгүй л бол ажлаас халагдах эрсдэлтэй. Тийм учраас хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог.

Эндээс би ямар дүгнэлт хийж байна гэхээр манай улсын сургуулийн багш нарын цалин бага учраас сургалтын чанар муу байна гэж байгаа бол судлах хэрэгтэй. Сургалтын чанар юунаас хамаараад байна. Хот, хөдөө ямар ялгаатай юм. Улсынх, хувийнх гэдгээс хэдэн хувь хамаарч байна. Тухайн хүүхдийн аав, ээжийн орлого, хүйсээс хамаарч байгаа эсэхийг судалж байж хязгаарлагч хүчин зүйлийг олох юм. Хязгаарлагч хүчин зүйл олоогүй нөхцөлд бид 700 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн ч нэмэргүй.

Боловсролын реформ хийх гэж байгаа бол эдгээр хүчин зүйлсийг хараад, зах зээлийнх нь уялдаа холбоог тооцож байж шалтгааныг тодорхойлно. Энд ганцхан хүчин зүйл бус хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж магадгүй. Бид “Ариун гурвал” гэж нэрлэдэг арга бий. Зөв бодлого гэж юуг хэлэх вэ? Үүнээс болж багштайгаа маргасан удаатай. Эдийн засагчид шийдвэр гаргаж байгаа улстөрчид хамгийн зөв бодлогыг санал болголоо. Улс төрийн шалтгаанаар түүнийг нь авч хэрэглээгүй. Энэ бол эдийн засагчдын буруу биш гэхэд багш маань “Нэгдүгээр шийдэл 98 хувьтай, шийдэл хоёр нь 75 хувьтай, шийдэл гурав нь 23 хувь нөлөөлөхөөр байг.

Хэрэв чи үнэхээр мундаг эдийн засагч бол шийдэл нэг нь улс төрийн дэмжлэг авахааргүй бол шийдэл хоёрыг санал болгох ёстой. Зөвхөн эдийн засгийн асуудлыг бодохоос гадна хоёр гурван гаргалгаа гаргаад, улс төрийн дэмжлэг авах шийдлийг санал болгох ёстой гэсэн юм. Миний хамрагдсан хөтөлбөрөөр Дэлхийн банк, хөгжлийн агентлагуудад ажилладаг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм.

Хөгжлийн агентлагуудад өмнө нь докторын зэрэг хамгаалсан хүмүүс ажиллаж, практикт очихоороо маш олон төслүүдийг хэрэгжүүлж чадаагүй унагасан. Гурав дахь хүчин зүйл буюу тухайн засаг захиргаа, төрийн чадавхыг тооцох ёстой байжээ. Тэдний хийж чадахаар зүйлийг санал болгох учиртай. Тооцооллын хувьд зөв, улс төрийн дэмжлэг авч чадах, тухайн салбарын хариуцсан яам агентлаг, байгууллага хэрэгжүүлж чадахуйц шийдлийг “Ариун гурвалжин” гэж бид нэрлэсэн юм.

Багш маань Пакистаны боловсролын орчинг судлаад, ямар санал гаргасан гэхээр нэгэнт тухайн мужийнхан улсын сургуулийн багш нартай хийдэг гэрээг улс төрийн шалтгаанаар өөрчлөх боломжгүй юм байна. Уг нь хамгийн зөв арга нь багш нартай хийж байгаа улсын сургуулийн гэрээг өөрчлөөд, үр дүнгийн гэрээ хийхийг санал болгох байсан. Тийм боломжгүй учраас багш маань улсын болон хувийн сургуулиудын шалгалтын дүнг эцэг, эхчүүдэд өгч байх санал гаргасан.

Эцэг эхчүүд нь энэ мэдээллийг авснаараа захирлын зүгээс багш нарт шаардлага тавьж чаддаггүй юм бол эцэг, эхчүүдийн зүгээс шаардлага тавих нөхцөл бий болгох юм. Хувийн сургуулийн сурагчдаас улсын сургуулийнх хоёр жилээр хоцорч байхад эцэг эхчүүд адилхан сэтгэл ханамжтай байсан. Мэдээлэлгүй учраас тийм байсан. Улсын сургууль, хувийн сургуулийн сурагчдын сургалтын чанарын мэдээллийг харьцуулах боломжтой үед эцэг эхчүүд багш нарт шаардлага тавьж шахаж эхэлнэ.

Улсын сургуульд өгч байгаа мөнгийг хувийн сургуульд шилжүүлье гэсэн санаа бас байсан. Илүү их зардлаар бага чанартай сурагч бэлтгэж байгаа улсын сургуульд өгч байгаа хөрөнгө оруулалтыг хувийн сургуульд өгчихвөл хамаагүй өндөр сурлагатай хүүхдүүд гарч ирэх нь. Гэхдээ улс төрийн хувьд ийм шийдвэр гаргах боломжгүй. Хоёрдугаарт, гэрээг нь өөрчлөх шийдэл гаргаж болохгүй үед дээрх шийдлийг санал болгосон юм.

Смарт бодлого гаргах загварчлалаар эхлээд хүн эмчилж байгаатай яг адилхан оношилгоо хийнэ. Юунаас шалтгаалж байгааг нь тодорхойлоод, шийдлийг нь олох ёстой. Шийдлийг нь олохдоо “Ариун гурвал”-ыг заавал харна. Шийдэл гаргаж, бодлогоо хэрэгжүүлээд, үр дүнгээ дахиад авч үзнэ. Нэг ёсондоо бид торхон дахь хязгаарлагч хүчийн зүйлийг олж, амжилттай өөрчлөлт хийлээ гэхэд дараагийн хязгаарлагч хүчин зүйл нь гарч ирнэ шүү дээ. Үүнийгээ смарт бодлого гаргах загварчлал гээд байгаа юм. Сая боловсролын жишээн дээр ярилаа. Энэ аргачлалыг эрүүл мэндийн салбарт ч хэрэглэж болно.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 14 цаг 2 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 14 цаг 6 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top