x

Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач!

"Сайн байна уу, аниа? Бид нийгмийн даатгалаас явж байна" гэсээр хоёр хүүхэн хаалгаар орж ирлээ.

-Та амралтанд явах уу?

-Үгүй. Юун амралт билээ?

-Та саяхан тэтгэвэрт гарсан болохоор мэдэхгүй байх шиг байна. Хөгшчүүлийг нийгмийн даатгалаас үнэ төлбөргүй нийгмийн даатгалын амралтанд хэд хоног амруулдаг юм шүү дээ.

-Өө тэгъе. Ирэх зунаас тэгэж байгаад амаръя.

-Он дуусах гэж байна. Таны лимит одоо ингээд дуусна. Та өнөө маргаашгүй л амралтанд яв.

-Хар өвлөөр үү? Эгч нь дараа зунаас болъё.

-Энэ жилийн лимит чинь өнгөрөх нь байна. Тэгвэл та мөнгөө ав. Амарсан гээд л энэ маягт дээр бөглөөд гарын үсгээ зурчих.

-Өө юун сайн юм. Мөнгөө авчихъя. Хаана зурах юм? 150 мянган төгрөг үү?

-Үгүй ээ, танд 50 мянгыг өгнө. Тэртэй тэргүй зүгээр олдож байгаа мөнгө шүү.

-100 мянгыг нь хэн авах юм?

-Бид чинь бас хөөцөлдөж бариад л гэр орноор чинь ирээд зөндөө л ажиллаж байна шүү дээ.

-Ядахнаа таллаад хувааж болдоггүй юм уу?

-Бид цаанаа олуулаа. Дээр дарга нар байна. Та өөрөө л мэд. Эсвэл 50 мянгыг одоо авна, Эсвэл энэ эрх чинь хүчингүй болоод хоосон хоцроно.

-За за, зүгээр олдсон шар тосыг амаараа түлхээд яахав. Ирэх зун би амралтанд явж болох уу?

-Болно. Үнэгүй амрана, эсвэл ийм маягаар 50 мянгаа авч болно. Гэхдээ та өөрийн таньж мэддэг тэтгэвэрийн хөгшчүүлдээ энэ тухай оноос өмнө хэлээд хэдэн хүн олоод өгвөл шагналтай шүү.

Олон жилийн өмнө дунд сургуульд хамт сурч байсан “ангийн охин” саяхан надад ингэж ярьсан юм. Тэрээр таньдаг мэддэг болгондоо утасдан, аминдаа нэмэлт шагнал авчих санаатай зарлага хийжээ. Мөн худууддаа тус болгонд нь 50 мянган төгрөг олж өгсөн байна. Хэрэв “харилцагч” амралтанд явна гэвэл хоёр хоног Нийгмийн даатгалын даргын хувийн амралтанд жаргуулаад 150 мянгыг биччихдэг аж. Энэ талаар цааш сураглавал улс даяар ийм сүлжээ нэгэнт үүсээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм байна. Дээд дарга нь энэ цуглуулсан мөнгөнөөс татвар авна. Нэг үгэндээ айлаар хэсэх хүүхнүүд бол нормын ажилчид. Төлөвлөгөө давуулаад цалингаас гадуур орлого цуглуулна.

Хөгшчүүлд нийгмийн даатгалынхан сонсголын аппарат баахныг 35 мянган төгрөгөөр тараав. “Энэ аппаратын үнэ 700 мянган төгрөг. Гэвч нийгмийн даатгалаас хөгшчүүлээ харж үзээд ердөө 35 мянгаар өгч байгаа юм. Та үүнийг авчихаад бусад хөгшчүүдэд бас дуулгаарай. Олон хүн олоод ирвэл таныг үнэгүй амралтаар шагнана шүү”. Ийм маягаар монголын хөгшчүүдийг сонсгол сайн муу нь хамаагүй нэлээдийг нь аппараттай болгожээ. Хэргийн мөрөөр хөөвөл хямдаар бөөндсөн аппаратаа нийгмийн даатгал 20 дахин их үнээр үнэлэн тогтоожээ. Хурааж авсан 35 мянга ном ёсоороо дансанд орно. Харин 20 дахин өндөр үнээр үнэлсэн зөрөө даргын хармайнд. Мэдээж түгээлт хийсэн ажилтнууд норм давуулсан өндөр шагналтай. Хөдөлбөл хөлс шүү дээ.

Нийгмийн даатгалын хөрөнгө бол иргэдийн татвараар буй болсон баялаг. Одоо тооцоогоор тэдэнд дөрвөн ихнаяд төгрөг байх ёстой. Хоёр ихнаядыг нь Засгийн газар “зээлж аваад” дашийншог. Нөгөө хагасыг дарга нь энд тэндэхийн банкинд ээлжилж тавин хүүг нь хусч суудаг. Ийм опперацийн дүнд зарим банк хямралдаад эргэж өгөхөөсөө өнгөрсөн. Та бүхэнд энэ “бизнес” аль зэрэг таалагдаж байна??? Сүлжээнд орсон энэ ажиллагаа олон тэрбум төгрөгийн өртөгтэй. Үйлчлүүлэгчээ хам хэрэгтэн болгочиж байгаа учраас гомдол гарах магадлал багатай, энэ хэрээрээ эрсдэлгүй луйвар.

Сүлжээнд оролцож буй бүх хүн болох удирдагч, мэнэжэр, зохион байгуулагч, түгээгчид, үйлдэгчид, үйлчлүүлэгчид бүгд операцийн үр дүнд гэдэс цатгалан, сэтгэл хангалуун гардаг болохоор буянтай “бизнес”! Монголд олон арванмянган тэтгэвэрийнхэн бий. Цаана нь талийгаачид бүр олон. Далайцтай хөдөлж болох их ундрага. Төрийн шудрага ажилтнуудаа гүтгэсэн бол тэнгэр намайг ниргэж, хуулийн хурц хараа тас цавчиг. Хулгай дээрэм нүүрэлсэн хөөрхий эх орон мину!

Гэрэлт шар наран дор ил задгай хийж буй энэ тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэрлэсэн байж таараа. Асуудлыг шалгахаар дээш дээш нь өргөн мэдүүлжээ. Татгалзсан хариу авав. Нэгд удахгүй сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрт ерөнхий мэнэжэр нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг! Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч!

Монгол улсын үндсэн хуулийн 29-р зүйлд УИХ-ын гишүүний эрх үүргийг заасан байгаа. Үүнд: “2. Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална. 3. Улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын их хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын их хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”. Ингэж заасан байна. Энэ бол ардчилсан төрийн хаана ч байдаг жишиг механизм. Иргэний зориг намынхан анх парламентад орж ирүүтээ л гишүүний халдашгүй эрх гээчийг цуцлана гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж байв. Болохгүй л дээ, ард түмнээс сонгогдож тэдний төлөөлж буй хүн өөрөө ямар нэг байдлаар хамгаалагдахгүй бол сонгогч түмнээ яаж төлөөлөх болж байна? Тэд үүнийг ойлгоод дахиж тэгэж хөтөлбөрдөхөө больсон. 

Гэвч халдашгүй байдал гэдэг маань нарийндаа юу вэ? Юун түрүүн гишүүн хууль тогтоох явцдаа гаргасан санал, хэлсэн үгийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Энэ нь хэн нэгнийг доромжлох гүтгэх зэргээр танхимаас гадуур үйлдэх ёс бус үйлдэлд огт хамаагүй. Халдашгүй байдал гэдэгт мөн бие махбод, гэр орон, албан тасалгаа, унаа тэрэг нь хамаарна. Энэ бол төрийн зүгээс халдахгүй гэж байгаа болохоос авгай нь ганжиндах, гэрт нь хулгай орох, машины толийг нь хагалахтай огт хамаагүй. Үүнийг иргэний журмаар бусдын нэгэн адил шүүх цагдаагаар явж шийдүүлэх ёстой болохоос гудамжинд өөрөө шалчиганаж байж тавиулчихаад халдашгүй эрх гэж өвчигнөх нь ёстойгай л байна!

Гэмт хэрэгт холбогдох тухай асуудал байна. 1991 онд Үндсэн хуулийг боловсруулж байхад Чимид гуай энэхүү 29-р зүйлийн 3-р заалтыг ингэж тайлбарлаж байв: Гэмт хэрэг нь тодорхой болбол гишүүнийг бусад иргэдийн нэгэн адил сэжигтнээр татах ба шаардлагатай гэж үзвэл тусгаарлах арга хэмжээ авах нь прокурорын бие даасан шийдвэр байх ёстой. Гэмт хэрэг нь батлагдсан гэж үзвэл прокурор хэнээс ч асуулгүйгээр яллагдагчаар татах эрхтэй. Шүүх гэм буруутайг тогтоосны дараа л УИХ уг гишүүнийг эгүүлэн татах асуудлыг авч хэлэлцэнэ. Гишүүнийг шүүхээр орохоос өмнө тусгаарлан хорьсон тохиолдолд түүнийг хуралд нь тусгай харгалзагч авчирч суулгаад эргүүлээд тусгаарласан газарт нь харуул хамгаалалттайгаар аваачиж хорино.

Чимид гуай үүнийг Энэтхэгийн парламентаар жишээ авч, тусгаарлах арга хэмжээнд орсон хэд хэдэн гишүүн буутай цагдаагаар харгалзуулан парламентийн танхимд гавтай орж ирэн суудалдаа суугаад чуулганы ажиллагаанд оролцон саналаа бүрэн эрхтэйгээр өгдөг. Хурал дуусангуут хуяг гишүүнийг шорон руу, эсвэл гэрийн хорио руу нь туун авч явна.

Ардчисан тогтолцоо өөрийгөө хамгаалах хүчтэй байдгийн жишээг хоёр жилийн өмнө Чехийн хуулийн байгууллага харуулсан. Чехийн Засгийн газар хуралдаж байтал гаднаас зэвсэглэсэн цагдаа нар гэнэт орж ирэн прокурорын зөвшөөрлийг үзүүлж танхимын гишүүдийг хуйгаар нь баривчлан байх газар нь аваачиж хорьсон. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах хүчгүй бол энэ нь үхлээ хүлээж буй сул дорой хүнд өвчтөн гэсэн үг. Конгрессийн ордон, Кремль, Японы парламент рүү дайрвал шууд л буудаад унагачихдаг болохоос танхайчуудыг ардын баатар болгодоггүй. Ийм л хуультай байдаг.

Үндсэн хуулийн энэ логик буруугаар хэрэгждэг болсноос өдгөө Монголын парламент нь гэмт хэрэгтнүүдийн хорогдох газар болж хувирч байна. Гэмт хэрэгт холбогдон шоронд сууж байгаад “чөлөөгөөр” гарч ирсэн нэгэн нэр дэвшин өрсөлдөж байхдаа гишүүн болох гэж буйгаа “энэ цагдаа нар чинь зүгээр байлгахгүй байна шүү дээ” гэж улаан цагаангүй сонинд ярилцлага өгч байсан ба үнэхээр ч сонгуульд ялж төрийн эрх барилцаж л байсан. 

Монгол улс 1990 онд нэг удаа пропоциональ системээр анхны парламент буюу Улсын бага хурлыг бүрдүүлж байв. Түүнээс хойш дандаа абсолют мажоритар системээр сонгууль явуулдаг байлаа. Дэлхийд ийм орон ердөө тавхан байдаг ба Монголоос бусад нь хүний түүхэнд анхлан сонгууль өгч байсан англо саксоны улс байдаг юм. Абсолют мажоритар систем нь гишүүн болгонд жижиг жалга дов өмчлүүлдэг ба үүнээсээ болоод нэгдсэн бодлого явдаггүй, ялсан намын дэвшүүлсэн хөтөлбөр хэрэгжихэд төвөг болдог, сахилга бат хариуцлага хөсөр хаягдан, улс төрийн бодлогын хамтын зарчим алдагдаж бие даасан популистууд улс орныг тал тал тийш нь чирдэг хортой.

Иймээс дэлхийн ихэнх оронд пропорциональ, эсвэл пропорциональ – мажориторыг хольсон холимог системийг авч хэрэглэдэг. 2012 оноос Монголд холимог систем хэрэглэх болсон ба энэ удаа ч мөн ийм журмаар сонгуулиа явуулах гэж байна. Пропорциональ гэдэг нь иргэд аль нэг улстөрийн намын төлөө саналаа өгөх ба түүндээ таарсан суудал олж авдаг. Суудалд чухам хэн суухыг нам шийддэг аж. 

Чухам энэ “нам шийднэ” гэдэгт л лоосуу байна. Пропорциональ сонгууль явуулдаг ихэнх оронд нам нэрс гарган нийт сонгогчидоор хэнийг гэдгээ шийдүүлдэг. Зарим газар намын авсан суудалд хэн суухыг улс даяар намын хэмжээнд шалгаруулалт явуулна. Энэ нь төрийн сонгуулийн өмнөхөн тусдаа ил тод болдог аж. Гэтэл манай 2012 оны “туршлагыг” харж байхад хэдэн нөхдүүд фракц гэгчийг төлөөлж хаалгаа бараг лацдаж ломбодож байгаад хуйвалдааны нэрс гарган тогтоод дараа нь заралсан. Хуйвалдаан ч юу байхав даа, бөөн наймаа.

Өнөөгийн манай “фракц” гэж юу юм бэ? 150 мянган гишүүнийх нь хэд нь аль фракцид хамаарч байгаа юм? Фракц гэгч нь намын хамт олны үзэл бодлын зөрөөний илрэл үү, эсвэл цөөн хэсэг луйварчдын хулгай дээрэм хийх зорилготой бүлэглэл үү? Үүнийг та өөрөөсөө нэг асуугаад тунгаа даа. Лав л 2012 онд АН-ын нэрс ба дугаарлалт чансааг Портуун, Энхболд, Алтанхуяг, Амаржаргал, Эрдэнэбат, Сайханбилэг, Баярцогт, Эрдэнэ гэсэн фракцчид хэлцэж байгаад л шууд тодорхойлчихсон юмдаг. “Би одоо орлоо, дараа чи ороорой” гэдгээ ч урьдчилаад тохирчихсон гэж сонссон шүү.

150 мянган гишүүнтэй үндэсний нам шүү дээ. Ядахнаа 230 гишүүнтэй ҮЗХ-ээрээ ил тод хэлэлцээд нэр дэвшүүлээд нууцаар санал хурааж байж жагсаалт гаргаж ирсэн бол арай л шудрага болмоор. ГЗ, УТЗ гэх мэтийн хуучны Улс төрийн товчооны хуулбар нийт намыг төлөөлж чадах уу? Бүлэглэсэн луйварчид ярьсныгаа 150 мянган хүний өмнөөс “намын шийдвэр” гэж донгосох эрхтэй юу? Чухам ийм “нам шийднэ” – д л луйварчид, дээрэмчид, авилгачид, хулгайч нар наймаагаар орж ирж халдашгүй эрхтэй дархлагдсан хулгайч болно, энэ нь цаашлах тусмаа улам “хуульчлагдана”. Бурхан минь, биднийгээ дээрэмчдээс салгаж авраач!!!

Б.Баабар /2016.1.10/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гепатит А-ийн эсрэг вакцин хүүхдийг хамгаалж байна 1 цаг 37 мин Төрийн тусгай чиг үүрэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна 1 цаг 39 мин Иргэд, парламентын гүүр болсон хууль тогтоомж сурталчлах төв Орхонд нээлтээ хийлээ 1 цаг 39 мин Өсвөрийн тамирчдаас анх удаа үндэсний хэмжээний суурь судалгаа авч байна 1 цаг 40 мин Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний туршилтыг гурван бүсэд хэрэгжүүлжээ 1 цаг 41 мин Монголын лигийн аварга Зүүн Азийн супер лигт өрсөлдөнө 1 цаг 42 мин Гурван байршилд зам хэсэгчлэн хааж, шугам сүлжээний ажил хийнэ 1 цаг 43 мин Цар тахалтай тэмцэх олон улсын хэлэлцээрийг ДЭМБ-ын гишүүн орнууд дэмжлээ 1 цаг 45 мин Финланд Оросын царцаасан хөрөнгийн орлогоор Украинд зэвсэг нийлүүлнэ 1 цаг 46 мин Монголын марафончид Токио-2025 дэлхийн аваргад хүч үзнэ 1 цаг 47 мин Хиймэл оюуны эринд хүний хөгжлийг дэмжих хүртээмжтэй бодлогын чухлыг онцлов 1 цаг 48 мин Энэтхэгийн төлөөлөгчид газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцав 1 цаг 48 мин Байгаль орчны шинжилгээний лабораториудыг нэгтгэж, бүсчилсэн төвүүдийг байгуулахаар боллоо 1 цаг 50 мин Дорнод аймагт хийгдэж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудын дийлэнх нь үргэлжилж, хоёр нь царцжээ 1 цаг 50 мин Ц.Отгондалай пауэрлифтингийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо 1 цаг 52 мин Чили литийн хоёр дахь том ордоос олборлолт хийхээр “Rio Tinto”-той хамтарна 1 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарч байна 1 цаг 53 мин Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэлт 4.5 тэрбум төгрөгт хүрэв 1 цаг 54 мин Л.Оюун-Эрдэнэ ба МАН 2 цаг 5 мин Р.Энхчулуун: Зөвхөн халамж биш, боломж олгох бодлого хэрэгтэй байна 3 цаг 34 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top