x

Айдас төрүүлсэн “АРД ТҮМЭНЧ”, дарамт болсон “ЭХ ОРОНЧ”

Эх орон гэдэг үг ХХ зууны эхээр монгол хэлэнд нэвтэрчээ. Энэ үгийг “Монголын нууц товчоо”, “Богдын лүндэн, тэрч байтугаа1921 оны Ардын намын анхны баримт бичгүүдээс олж харах нь юу л бол. 

Тал нутгийн морьтон баатруудын улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг дээдлэх санаа нь овог аймгийн тэргүүндээ үнэнч байх, Чингис хаандаа зүтгэх, хожмоо Манжийн хааны хишигт мөргөх гэхчлэнгийн ойлголтоор илэрч байсан бололтой. 

Энэхүү үнэнч байдал нь ёс суртахууны үнэт зүйл гэхээсээ илүүтэйгээр овог аймаг, амь насаа аварч үлдэх арга зам ажгуу. “Орондоо орох завгүй, Олзлолдон байлдаж” явсан он жилүүдэд хэн амиа аварсан нь, хэн отог омог, аймаг улсдаа сайн өмөг түшиг, авран амгаалагч олж чадсан нь зөвдөж явсаар ХХ зуунтай золгожээ. 

Харин энэ зуур хүн төрөлхтөн амиа авч үлдэхээс давсан “нэр төр” хэмээх эрх ашиг, отог овгоо хамгаалахаас хэтийдсэн үнэт зүйл болох “үзэл санаа”-тай болоод амжив. Амиа аврахын тулд нэр төрөө зарж, үзэл санаагаа сольдог байсан бол үзэл санаа, нэр төрөө амиараа хамгаалдаг болсон гэсэн үг. 

ХХ зуунд монголчууд үндэстэн улс байхад нэн хэрэгтэй эрх ашгийн нийтлэг гаргаж ирсэн нь “Эх орон” хэмээх хэллэг ойлголт юм. Орос хэлний “Родина”, “родина-мать”( англиар Homeland юм уу даа) гэдэг үгийн монгол хувилбар. 

Ийм үг, үзэл санаа нь жалга жалгандаа, бууц бууцаараа эрх ашигтай нүүдэлчдийн хувьд маш том дэвшил байлаа.Танайх сайхан өвөлжихөөс давсан, манай хэдэн мал тоо бүрэн онд мэнд орохоос хэтийдсэн нэг эрх ашиг чамд бас байна гэсэн үг л дээ. Амь амиа аргацаасан нүүдэлчдийн хувьд том дэвшил л дээ, уг нь. 

Улмаар “Хамт олон” гэдэг шинэ ойлголт, шинэ үг гарч ирлээ. Энэ нь тодорхой бүлгийн эрх ашгийг илэрхийлнэ.“Сумын орон нутаг, байгууллага, ажлын газрын нэр хүндийг хамгаалах”, “Социалист хөдөлмөрийн бригадын нэр төрийг өндөрт өргөх” гэхчлэнгийн хэллэг ойлголт бий болов. Нийтээрээ нэр төртэй байх нь чиний хувийн нэр хүндээс давсан эрх ашиг болно гэсэн үг. Зэрвэс харахад, тал нутгийн нүүдэлчид эрх ашгийн нийтлэгтэй болж байгаа дэвшилт үзэгдэл. 

Энгийн логикоор бол хүн жаргалтай амьдрах гэж төрдөг, харин жаргалтай амьдрахад сайхан гэр бүл хэрэгтэй, сайхан гэр бүл оршин тогтноход шударга засаглал, гарал үндэс ба шүтлэг уламжлалаараа гадуурхагдахгүй орчин хэрэгтэй. Энэ орчин бол эх орон. Хувь хүн аз жаргалаа бүтээх таатай орчин бол “Эх орон” бөгөөд хувийн аз жаргалын төлөө тэмцэл нь эх орны төлөө тэмцэл, эх орны төлөө үйлс нь эцсийн дүндээ хувийн аз жаргалынхаа төлөөх алхам болон уусч нэгддэг ийм л энгийн логиктой.

Гэтэл нүүдэлчид “эх оронжих” ба коммунизм байгуулах хоёр давхцав. Аль алин нь монголчуудын сонголт биш хувь заяаны тулгалт байлаа. Коммунизм нь “нийтийн сайн сайхан”-ны төлөө хувь хүнийг золиосолсон тогтоц байв. Монгол хүн хувийнхаа эрх ашгийг илүү өргөн утгаар илэрхийлэх бас түүнийгээ огоот үгүйсгэх хоёр давхцсан гэсэн үг.

 Ийнхүү амь амиа бодсон үзлээсээ салж эрх ашгийн нийтлэгтэй болох процесс нь хувь хүний эрх ашгийг үгүйсгэсэн коммунизм байгуулахтай давхцаад явчихлаа. 

Коммунист нийгмийн ёс суртахууны дүрмээр бол “хүн жаргах гэж төрөөгүй” бөгөөд социалист үзэл санаа, социалист эх орныг л сайхан байлгах гэж бий болсон нэг субьект ажгуу.  Энэ дүрмийн дагуу жаргах гэж төрөөгүй болохоо бататган, эх орныхоо төлөө амиа өргөгсдийн олон арван домог бүтээгдэв.  Малдаа явж байгаа осгож эндсэн хүнийг хүртэл “нийгмийн мал сүргийг хамгаалж яваад амиа алдсан баатар” болгон сурталчилна. 

Хэрвээ аминыхаа малыг, хувийн эд хөрөнгөө хамгаалсан бол “маанаг гайхал”, нийтийн дайсан болох учиртай. Жишээлэхэд, цасанд суусан машинаа гаргах гэж ухаж байгаад осгосон жолооч байлаа гэхэд улсын өмч болох машиныг аврах гэж амиа хайрлаагүй баатар болох юм. Тэрээр, зүгээр л машинаа цаснаас гаргаж аваад цааш явж, дулаан газар бараадан амиа аврах гэсэн байж таарахгүй.

Энэ дундаас “ард түмэн” хэмээх эзэн биегүй айхавтар юм гарч ирлээ. Энэ бол эрх баригчдаас ард түмнийг дарангуйлан барихад хэрэгтэй бороохой, айлгах мануухай  бөлгөө. Эрх баригчид ард түмнийг төлөөлж байгаа учраас тэднийг гомдоох нь ард түмнийг гомдоохтой агаар нэг  болоод явчихна. 

Ард түмэн бол би биш,чи ч биш, тэр ч биш, ерөөсөө хэн ч биш. Гэхдээ л энэ бороохойг гартаа атгасан нэгний өмнө би ч гөлөг, чи ч гөлөг, тэр ч гөлөг, хэн ч байсан гөлөг.

Ард түмэн өдөр болгон хувь хүнийг үгүйсгэж, хувийн эрх чөлөөг үгүйсгэж оршино. Ард түмэн барьцгүй, нэн итгэлгүй. “Ард түмний өмнө чи хэн юм бэ”, “Чи бол ард түмний дайсан” хэмээн хувь хүнээс ял асууж явсан нэгэн өөрөө “Ард түмний дайсан” болоод ял асуулгах энүүхэнд. 

Дарангуйлан захирагчид өөрсдийгээ “Ард түмний эцэг” хэмээн нэрлэж байлаа. Ард түмний эцэг нар өөрт нь дайсагнасны төлөө бус харин ард түмнийг нь гомдоосны төлөө яргалж, алж хороосон билээ.

 Нүүдэлчин монголчуудын оршихуйн үнэт зүйл ийнхүү нэг хязгаараас үсрэн нөгөө хязгаарт гарлаа. Тэдэнд хувийнхаас, гэр бүлийнхээс, хот айлынхаас өөр эрх ашиг байгаагүй бол хувийн ч, гэр бүлийн ч, хот айлын ч эрх ашиггүй тийм ёс сурталд огцом шилжив.

Монгол хүн амьд явахын тулд “Ард түмэн” гуайгаас маш болгоомжилж, болж өгвөл гарт нь өртчихөлгүй, уурыг нь хүргэчихгүй байх хэрэгтэй болов. Улмаар,өөрөө жаргах, элбэг хангалуун амьдрах, гэр бүлээ жаргаахыг чухалд боддоггүй, харин ч тэрийгээ “ард түмэн”-д зориулахад бэлэн “Эх оронч” болсноо нотолж амьдрах учиртай. 

Яг ийм нөхцөлд нүүдэлчдийн аргацаан өнгөрөөх төрөлхи араншин сэргэсэн юм. Тэд“Ард түмнээс урвалгүй” бас “эх оронч” ч бололгүйгээр амьд үлдэхийг хичээсэн байна. Яг л цас зудыг цагаан баавгай шиг тундрын амьтан болчихолгүй, бас осгоод үхчихэлгүй даваад гардаг шигээ.

Ингэж явсаар 1990-ээд онтой золгожээ. Хүн өөрийнхөөрөө амьдрах, өөрийн эрх ашигтай байх боломж нээгдэв.

Шинэ Үндсэн хуулиараа , хувь хүний эрх ашгийг нэн тэргүүнд тавихаа тунхаглав. Ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх, эрх чөлөө, шударга ѐс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж...” гэсэн өгүүлбэр бол чи ард түмэнд “түймай” гэж хэлэх эрх юм. Үндэсний эв нэгдэл дөрөвдүгээрт, шударга ёс гуравдугаарт, эрх чөлөө хоёрдугаарт, хүний (хувь хүний шүү) эрх нэгдүгээрт байгаа биз? Чиний эрх зөрчигдөж байгаа бол Үндэсний эв нэгдэл биш, чиний эрхийг зөрчиж байгаа бол шударга ёс биш, таны эрхийг боож байгаа бол эрх чөлөө биш гэсэн үг.

 Түүнчлэн, чи бол Үндэсний эв нэгдлийн золиос биш, шударга ёс тогтоохын төлөө үрэгдэх учиртай элемэнт ч биш гэсэн үг.

Гэхдээ, эргэцүүлээд уншвал, чиний эрхийн баталгаа нь эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл гэсэн үг. Энэ утгаараа чи өөрийн эрх ашгийг авч үлдэхийн тулд эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг тогтоолцож, үндэснийхээ эв нэгдлийг хамгаалахад тулна гэсэн логик. Өөрөөр хэлбэл жинхэнэ утгаараа эх оронч байх боломж ч гэж уншиж болно.

Социализмынхаас ялгаатай нь эх орныхоо төлөө, нийтийн сайн сайхны төлөө зүтгэх үүрэг чинь таны хувийнхаа эрх ашиг, эрх чөлөөг хамгаалах шалтгаанаас урган гарч байгааг тод тунхаглаж. Чи нэгдлийн малын төлөө үхэх үүрэгтэн бус, харин аминыхаа сүргийг амь өрсөн хамгаалах эрхтэй гэсэн үг. Мөн улсын өмчийг амиараа хамгаалахгүй хаявал таныг хэн ч буруутгахгүй гэсэн үг. 

Гэхдээ энэ үг сайхан сонсдох мөртлөө, дагаж амьдрахад амаргүй аж. Монголчууд социализмыг сайхан аргалаад өнгөрөөсөн юм шиг атлаа гүн зузаан шархтай үлджээ. Хачирхалтай мөнөөх “аргацаан туулах” менежмэнтээсээ салж өгдөггүй. “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр нэг харамч эр зочноо архиар дайлангаа “Ингээд байхад л намайг харамч гээд байгаа юм даа” гэж суудаг шиг юм болов.Хувь хүнийг ард түмний гараас чөлөөлөөд, “эх оронч”болох хариуцлагаас мултлаад байхад л “ард түмэн” гэдэг үгнээс цочиж, “Эх оронч” гэж өөрийгээ нэрлэсэн этгээдээс гөлөгнөх аж. 

Эх орончдийг төрүүлсэн ХХ зууны суртлаар бол тэд (Эх орончид) их төлөв ард түмний төлөө үхсэн хүмүүс байх. Тэр үеийнхэн дайны хэдэн баатраас өөр амьд эх оронч хараагүй өсчээ. Дайны баатрууд ч гэсэн үхэлтэй улаан нүүрээрээ тулж үзсэн хүмүүс байв.

Гэтэл ардчиллын дараагаар амьд эх орончид олноороо төрөв. Эрх чөлөөний үзэл санаа нь ёс суртахуунжиж амжаагүй нүүдэлчид өөрсөндөө эрхэм дээд нэр цол өгөх нь түгээмэл боллоо. Уг нь “Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах нэрийг өөрөө олдог” гэж хэлэлцсээр ирсэн юм. Гэтэл дуурьсах нэрийг өөрөө бодож олох юмуу, зохиодог болов.

Нохойнд нэг удаа уруулсан хүн нохой хуцах чимээнээр огло үсэрдэг. Яг түүн шиг дарангуйлагч тогтоцын үзэл суртлын нохойнд зуулгаж бойжсон үндэстэн мөн ч цочимтгай, үсрэмтгий болж үлддэг юм байна. Эх оронч гэж өөрийгээ нэрлэсэн хүн, ард түмний өмнөөс ярьж байгаа этгээд “айлгахгүй ч гэсэн аягүй” гэгчээр хуучин айдсыг нь сэргээж, номхруулах бөлгөө.

Яг үүн дээр тоглолт хийдэг бүлэглэл гарч ирлээ. Эх орон, ард түмний нэрийг барьж сайхан гөлөгнүүлж, хэргээ бүтээгээд арилна. Улс төр, эдийн засгийн салбарт “эх оронч”, “Ард түмний талын хүн” гэсэн алдрыг өөртөө зүүсэн “самозванец”(Энэ үгийг монголчилж бардаггүй. Эзэн нь байв ч нэршил нь арай гараагүй байх шиг) нар олноороо төрлөө. Тэд хуучин нийгмийн айдсын үлдэгдэл дээр амжилттай тоглолт хийж, алдар хүнд, ашгийн орлогын өндөрлөгт гарсаар ирж.

Сайн муу нь хамаагүй энэ бол факт, судалгааны сонирхолтой кэйс юм. Нөгөө талаасаа,нүүдэлчний онцлогтой социализм байгуулж яваад, тэрийгээ болиод жам ёсны хотшил, иргэншлийн замд орсон монголчуудын зайлшгүй даван туулах учиртай байсан даваа гүвээ ч байж мэднэ.

Өнөөдөр монголчууд Ардчилсан хувьсгал эхлүүлснийхээ 30 жилийн ойг тэмдэглэж байна. Үнэн хэрэгтээ, энэ үйл явц 1984 оны намраас эхтэй. Зөвлөлтүүд өөрийн гараар бэлтгэн Монголд суулгасан удирдагчаа  тэр жил татан авч, сольсноос бүх юм эхэлсэн. Улмаар араас нь М.С.Горбачев “Өөрчлөн байгуулалт”-аа тунхаглагласан нь Ардчилсан хувьсгалын угтал болсон билээ.

  Харин үүнээс хойшхи гучаад жил бол монголчууд эрх ашгийн зөв дараалалтай болох, үндэстэн болж бодитойгоор ижилсэн нэгдэх гэж үзсэн, оролдсон, зүгширсэн, сургамж авсан, гайхширсан, өөрөөсөө ичсэн, бас найдлага төрсөн он жилүүд бөлгөө. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 12 цаг 30 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 12 цаг 35 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 12 цаг 43 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 12 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 50 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 13 цаг 18 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 13 цаг 54 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 15 цаг 1 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 15 цаг 4 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 15 цаг 12 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 20 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 20 цаг 54 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 20 цаг 57 мин Хэлгүй бол төргүй 21 цаг 58 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 22 цаг 9 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 22 цаг 15 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 22 цаг 19 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 22 цаг 30 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top