Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн болж, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командалын удирдлага болон цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо гэж Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас мэдээллээ.




