Засгийн газрын ээлжит хуралдаанаар Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах тогтоол баталжээ. Хуралдаанаар баталсан шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Хэнтий аймгийн Дадал сум буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөшөө, дурсгалын цогцолбор байгуулж байгаа билээ. Уг цогцолборыг түшиглэн Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах бөгөөд энэ нь эх түүхээ олон улсад сурталчлан таниулах, аялал жуучлалыг хөгжүүлэх томоохон боломжтой аж.
Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Үндэсний урлагийн их театр байгуулах, Байгалийн түүхийн музейг шинээр байгуулах ажлын баг байгуулах захирамж гаргажээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: “Үндэсний хэмжээний томоохон музей, театр байгуулах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг. Энэхүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, урлаг, соёлоо хөгжүүлэх үүднээс дээрх захирамжийг гаргаж буй юм. Ажлын баг театр барих газар, зураг төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээг судлан, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм” гэлээ.



