Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцыг олгох журмыг баталлаа. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулж, мэдээлэл хийлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Засгийн газрын хуралдаанаар төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталлаа.
Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудал судалсны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргалаа.
-
Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно.
-
Төлбөрийн чадвартай бол таван жилийн хугацаанд байгууллагатай тохирсны үндсэн дээр сар бүр төлбөр төлвөл тухайн байрыг худалдаж авах боломжтой болно" гэв
Энэ журам батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд өнөөдрийг хүртэлх түрээсийг оролцуулахгүйгээр шинэ гэрээ байгуулж, гэрээний дагуу үргэлжлэх юм байна. Энэхүү журам нь зөвхөн түрээсийн байранд амьдарч байгаа иргэдэд хамааралтай бөгөөд “Буянт Ухаа-1, 2” орон сууцанд 1512 айл амьдардаг юм байна.
Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд гадаадын зээл, тусламжаар барих асуудлыг судалж байгаа гэлээ. Мөн дэнжийн мянгад 1000 орчим айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих асуудлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.



