Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлын асуудлаар 2016 онд ажлын хэсэг байгуулан Байнгын хорооны хэлэлцүүлэг, хурлыг удаа дараа зохион байгуулж, Туул голыг бохирдуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлон Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, нийслэлд үүрэг өгч ажиллаж байгаа билээ.
Үүний үр дүнд Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг БОАЖ-ын сайдын тушаал гарч цуцлуулаад байна.
Өчигдөр /2019-04-08/-ийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Идэр энтернэйшнл” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоохыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгаж “Зүүнбаян Рэфайнери” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоохыг даалгасан байна.






