ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас зохион байгуулж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон 2003 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна.
Аяны хүрээнд Уул уурхайн аврах ангиас хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, стандарт, шаардлага хангасан эрүүл, аюулгүй ажлын байрыг бүрдүүлэх, аливаа болзошгүй ослоос өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэ үеэр тус стандартыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, туршлага солилцох уулзалт, хурал зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.




