Манай улсын 50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын төрийн өмчит Тяньжинь фүүдс компанид олгох асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн /2019.03.27/ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалаар ахлуулсан ажлын хэсгээс НИТХ-д чиглэл өгсний дагуу Хотын дарга С.Амарсайхан өөрийн нэр дээр тус асуудлыг оруулж хэлэлцүүлжээ.
Ингэхдээ нийслэлээс 50 га газраа 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэн Таньжинь фүүдс компанид олгоно гэсэн байна. Харин Таньжинь фүүдс компани энэхүү 50 га газарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хүлэмж байгуулж ажиллахаар төлөвлөж байжээ.
БНХАУ-ын 96.4 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдах энэхүү хүлэмжид хятадууд орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалан, нийслэлийн хүн амыг хангах, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой бөгөөд тус компани хүлэмжийнхээ ажилд монгол ажилчид авна гэдгээ ч илэрхийлж байсан гэв.
Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Таньжин хот хооронд 10 ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэ бөгөөд бусад есөн ажил нь юу болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
-50 ГА ГАЗАР МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮЛЭМЖИЙН 90 ХУВЬТАЙ ТЭНЦЭНЭ-
Хүлэмжийн ажлыг аль эртнээс хоёр улс хоорондоо харилцан ярилцаж байжээ.
50 га газар нь Монгол улсын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр хүлэмжийн аж, ахуйн 90 хувьд нь хятадууд үйл ажиллагаа явуулбал дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгч, аж, ахуй нэгжүүдийг татан унагах эрсдэлтэй учраас уг асуудал НИТХ-ын тэргүүлэгчдээр дэмжигдээгүй байна.
Таньжинь фүүдс компани манай улсад хүлэмжийн аж, ахуй эрхэлж улмаар бүтээгдэхүүнээ Монголд борлуулахаас гадна гадны зах зээлд зарах ажлыг хийж эхэлбэл манай дотоодын аж, ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учрахаас эхлээд үүд хаалгаа барихад хүргэнэ. Нөгөөтэйгүүр, нарийн ногооны үнэ ханшийг хятадууд тогтооно гэсэн үг.
Хэдийгээр уг асуудлыг дэмжихгүй, буцаасан ч НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь ноцтой асуудал. Хэрвээ дэмжигдсэн бол бид хүлэмжийн аж, ахуйн зах зээлээ БНХАУ-д бүрэн алдах байсан гэдгийг хэлэх хүмүүс байна.
Үүнийг хэн лоббидож НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх хүртэл өндөрт явуулав гэдэг нь анхаарал татаж байна. Олон нийтийн цахим сүлжээний зарим хэрэглэгчид “Увс хүнс” компани нь НИТХ-д Таньжинь фүүдс компанийн асуудлыг хэлэлцүүлэхээр давуу байдал бий болгосон байж магадгүй гэх хардлагатай байна.
medee.mn



