Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу газрын нэгдмэл сангийн тайланд нийслэлийн нутаг дэвсгэр 470.4 мянган га талбайтай гэж бүртгэгдсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээнд Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай хэсэг болох 54 мянган га газар нутаг багтдаг талаар тэрбээр дурьдлаа.
Тус хилийн маргаантай хэсэгт Эрдэнэ сумаас 3,259 га Налайх дүүргээс 6,101 га газрыг иргэд аж ахуйн нэгжид олгожээ. Газар олгосон асуудлыг хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдсэний дараа зөрчлийг арилгахаар төлөвлөж байгаа хэлэв.
Дээрх маргааныг 1996 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу шийдвэрлүүлэх саналаа Налайх дүүргийн Засаг дарга дүүргийн ИТХ-д уламжилжээ.
Засаг даргын зөвлөлийн хурлаас дээрх тогтоолын дагуу асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналтай байгаагаа НИТХ-д уламжилж, холбогдох тогтоол шийдвэр гаргуулахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



