Бүгд найрамдах Польш улсын Торун хотноо гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ зохион байгуулагдсан билээ.
Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан 85 настай тамирчин Ц.Раднаад өнөөдөр Кёкүшюзан Д.Батбаяр 2 өрөө байр бэлэглэлээ.
Кёкүшюзан Д.Батбаяр түүнийг “Сакура” олон улсын сургууль дээрээ уулзалт зохион байгуулж, 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.
Уулзалтын үеэр Ц.Раднаа сурагчидтай ойрын зайн гүйлт хийж, тэдэнд сурлагын өндөр амжилтыг хүсэн дэлхий дахинд эх орноо мандуулсан алдартай хүн болоорой гэж ерөөв.
Үүний дараа тус сургуулийн ойролцоо баригдаж байгаа “Ханбогд ресиденс” хороололд очиж, Кёкүшюзан Д.Батбаяр дэлхийн аварга Ц.Раднаад хоёр өрөө байрны батламж гардуулан өглөө.

Тэрбээр энэ үеэр “Үнэхээр их баяртай байна. Барилгачдын сэтгэл шингэсэн энэ сайхан бэлгийг аваад талархаж байна. Өнөөдрийн миний энэ хичээл зүтгэл бол архи, тамхи хэрэглэхгүй байж, спорттой байнга холбоотой явсны ач юм. Би Зайсангийн шатаар байнга өгсөж, Туул голын эргээр байнга алхаж явна. Энэ нь миний урт наслахын нууц байх. Залуучууддаа хандаж хэлэхэд эрүүл чийрэг байгаарай. Заавал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэртээ байх үедээ ч ямар нэгэн зүйл хийгээрэй. Эрүүл урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэв.
Өдгөө 85 настай тамирчин Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон юм. Мөн тус тэмцээнд 81 настай тамирчин Т.Цэрэндолгор нь шидэлтийн таван төрлөөр 1 алт, 4 мөнгөн медаль хүртсэн билээ.




Сэтгэгдэл (4)