БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Монгол, Хятад хоёр орны уран зураачдын тосон будгийн зургийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээгджээ. Тус үзэсгэлэн Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдож буйгаараа онцлог юм.
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, хоёр орны зураачдад талархал дэвшүүлж үг хэлэхдээ "Хятадын эртний сэтгэгч Лаоз, бусдыг таньсан бол ухаалаг хүн, өөрийгөө таньж буй бол гэгээрсэн хүн гэсэн байдаг. Урлагийн хэл бол бусдыг болон өөрийгөө танихыг шаардсан хамгийн нарийн мэдрэмж хэрэгтэй зам юм. Тийм учраас урлаг соёлынхон улс орнуудын харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдолтой байдаг. Үүний нэг жишээ нь өнөөдрийн энэ үзэсгэлэн юм" гэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нар оролцсон байна. Үзэсгэлэнд хоёр орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээл тавигдсан байлаа. Монгол Улсаас 10 зураач Бээжин хотод хүрэлцэн очиж уг арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэд Хятадын Уран зураачдын нийгэмлэг, галерейтэй танилцаж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.






