Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: "Засгийн газраас цалин нэмчихээд илүү цагийн мөнгийг ологохгүй байна гэх зөрүү ойлголт яваад байсан. Ийм зөрчил гарсан учраас засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж заслаа. Тус шийдвэрээр багш нар нэмэгдсэн цалин дээрээ илүү цагийн хөлсөө аваад явах боломж бүрдлээ. Оны эхнээс олгох ёстой байсан илүү цагийн хөлсийг нөхөж олгоно.
ЕБС-ийн багш жирэмсний чөлөө авсан болон долоо хоногоос дээш хугацаагаар чөлөө авсан үед орлож ажилласан багшид илүү цаг бодогддог. Боловсролын сайдын багцад байгаа хөрөнгөөс илүү цагийн хөлсийг шийднэ.
Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Цэцэрлэгийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулж болно.
Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй.
Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна.
Төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа" гэлээ.



