Бүгд Найрамдах Сингапур улсад амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулсан “Mon Heritage” төслийн ээлжит өдөрлөг өнгөрсөн сарын сарын 31-нд буюу өчигдөр болжээ.
Хилийн чанадад өсөн торниж буй монгол хүүхдүүдийг эх орныхоо соёл уламжлал, түүхийг танин мэдэх, угсаа, уламжлалаа дээдлэн хүндлэх хүсэл эрмэлзлэлтэй болгох зорилгоор Сингапур улсын Ли Куан Югийн Төрийн удирдлагын их сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Х.Саруул нар уг төслийг санаачилсан байна. Уг санаачлагыг Монгол улсаас Сингапур улсад суугаа Элчин сайдын яам дэмжин оролцжээ.
Төслийн хүрээнд “Mon Hub” өргөө буюу монгол орчин бүрдүүлсэн өргөөнд монгол төдийгүй гадаад хүүхдүүдэд монгол соёл уламжлал, түүхийг хөгжөөнт тоглоомын аргаар танилцуулсан байна.
Монголын түүх соёл, уламжлалыг сурталчлахыг Элчин сайдын яамнаас үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдэд “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-өөр Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байсан аж.



