ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амиа алджээ. Тус ангид хоригдож байсан иргэн А 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гэнэтийн байдлаар нас баржээ. Эх сурвалжийн мэдээлснээр 36 настай иргэн А-г онц ноцтой хэрэгт сэжиглэн шалгаж байсан бөгөөд түүнийг нас барсны дараа биед нь үзлэг хийхэд ил харагдах шарх олоогүй байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгааныг "өвчний улмаас нас барсан" гэж дүгнэсэн боловч задлан шинжилгээний хариу гарсны дараа үхлийн шалтгааныг эцэслэн тогтоох юм байна.
Одоогоос сар гаруйн өмнө гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа тус хорих ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг амиа хорлосон гэдэг дүгнэлтийг хуулийнхан урьдчилсан байдлаар хэлсэн боловч ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргээс болж ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хариуцлага хүлээж, ажлаа өгөөд удаагүй байхад дахин нэг хүн учир битүүлгээр нас барлаа.
Хорих ангид гүйцэтгэх ажиллагаа явуулж, хэргийн холбогдогчдыг эрүүдэн шүүсэн асуудлаар нийгэмд дуулиан дэгдээгээд байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж төрийн тусгай хамгаалалттай газар, өөрийнх нь харьяа байгууллага дотор сарын дотор хоёр ч хүний амь үрэгдчихээд байхад юу хэлэх нь сонин байна.




Сэтгэгдэл (2)