“KFC” сүлжээ ресторанд гарсан хордлогын шалтгааныг мэргэжлийн хяналтын байгууллага эцэслэж албан ёсоор мэдээлэл өгөөгүй байхад хүмүүс ахиад хордсон мэдээлэл гарсан. Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны өдөр “KFC” 25 дугаар эмийн сан салбараар үйлчлүүлсэн долоон настай хүүхэд хордлого өгч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар хүүгийн аав “Асуудалгүй болсон хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн. Миний буруу. Миний биеийн байдал гайгүй. Харин хүүхдэд л дэмий юм боллоо. Орой 19:00 цагийн үед үйлчлүүлээд хоёр цагийн дараа дотор нь муухайраад бөөлжөөд, гэдэс нь өвдөж эхэлсэн. 103-т дуудлага өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй тул ХӨСҮТ-д өөрийн унаагаар яаралтай очсон” гэжээ. Энэ талаар ХӨСҮТ-ээс тодруулахад “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “ХӨСҮТ-ээс хоолны хордлого үүссэн бол нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Одоогийн байдлаар хоолны хордлогод орсон гэсэн дуудлага ирээгүй байна. Удахгүй тодруулаад хариу өгнө” гэсэн юм.
Энэ мэдээлэл цахим ертөнцөд тархахтай зэрэгцээд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “KFC” Зайсан салбарын шинжилгээний хариуны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодруулга өгч эхэлсэн юм. Тэрбээр, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарсан. Хоолны хордлого юунаас болсныг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хоол хүнсээр дамжих халдварт өвчин болохыг тогтоосон. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “KFC”-гийн сүлжээ хоолны газрын бүх салбарт шалгалт явуулсан. Ингэхдээ хэд хэдэн зөрчил дутагдал илрүүлж, арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, зарим салбарт ашиглаж буй ундааны концентрацын хугацаа нь дууссан байсан. Нийт 410 хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстойгоос есөн хүн нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан. Дээрх гарсан зөрчлүүдийг нь үндэслэж салбаруудад дөрвөн сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан” гэжээ.
Мөн тэрбээр “Зайсан дахь “KFC”-ийн үйл ажиллагааг прокурорын тогтоолоор бүхэлд нь зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтуудыг үндэслээд нийтдээ тухайн салбар дээр 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан. Үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохиролд эм, эмнэлгийн зардалд 49 сая 407 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авч ажилласан" хэмээн мэдэгдсэн юм.
Харин цахим ертөнцөд тавигдсан зарим эх сурвалжийн мэдээллээр “Тахианаас нь авсан лабораторийн шинжилгээний хариу аймшигтай, нүдэндээ итгэмээргүй байсан гэж шинжилгээг авсан лабораторийн хүн хэлсэн. Нийтэд ил гаргая гэхээр “Таван богд”-ынхон хэдэн дарга нарт нь мөнгө өгөөд дарсан гэсэн...Ямар их даавар, хорт бодисууд байсан гээч. Хүүхдүүд битгий хэл томчууд ч хэдхэн жилийн дараа аймшигтай өвчнөөр өвдөхөөр байна. Мэргэжлийн хяналтын лабораторийн шинжээчид дарга нараасаа айгаад шинжилгээний үнэн дүнг зөрүүтэй мэдэгдсэн” гэсэн байлаа.
"Ардчилал таймс" сонин



