Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1100 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 834 дуудлагыг шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байх ба шалтгаан нөхцлийг үзвэл онхолдох хэлбэрээр мотоцикльтой холбоотой ослын улмаас амь насаараа хохирсон байна. Мөн нийслэлд нэг хүний амь нас хохирч, 26 хүн гэмтэж бэртсэний найм нь бага насны хүүхэд байжээ. Үүний тав нь явган зорчигч, гурав нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор орон нутаг болон нийслэл хотод мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж, энэ төрлийн осол, хэрэг гарч байгаа тул холбогдох байгууллагуудтай хамтран улсын бүртгэлд ороогүй мотоцикльд улсын дугаар олгох, иргэдийг “А” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулах, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг орон нутгуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Мөн зам тээврийн ослын 16 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 33 осол нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэнийг ТЦА-нд шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 150 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
-
СХД-ийн нутаг хуучин товчооны замд Pruis маркийн автомашин нь явган зорчигч 58 настай А-г мөргөж амь насыг нь хохироосон,
-
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Богд уулын ар” гэх газар шороон замд улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль онхолдож, жолооч 53 настай Г-н амь нас хохирсон ноцтой хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагуудад шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 17 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 18,6 хувиар, гэмтсэн хүний тоо 18 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй боловч амь нас нь хохирсон хүний тоо 40 хувиар буурсан байна.



