Монгол улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан.
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм.
Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг үндэслэн БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газар болон БНТУ-ын Анкара, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хот дахь Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмж зардлыг салбарын яамд батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлхээр болжээ.



