Өнгөрсөн жил Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж “UBIKE” төслийг амжилттай туршсан билээ. Төслийн хүрээнд хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж ажилласан юм. Тус төсөл нийслэлчүүдээс сайн үнэлгээ авч байсан бол ирэх сарын 1-нээс "Ubike" дугуй түрээсийн үйлчилгээг дахин эхлүүлэхээр болжээ.
Энэ талаар тугуй түрээслэх төслийг санаачилсан Г.Дашням "20 зогсоолд 200 гаруй дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тавдугаар сараас тоог нь нэмнэ. Өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд дугуй эвдэх, эд ангийг нь хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жилээс иргэд соёлтой үйлчлүүлнэ гэдэгт найдаж байна. Үнэ ханшид нь өөрчлөлт ороогүй. Яг анхныхаараа байгаа" гэжээ.
Сануулахад, Дугуйг нэг цаг түрээслэхэд 1000 төгрөг. Хоёр цаг бол 1500 төгрөг. Харин зориулалтын зогсоолд бус орон сууц, эсвэл ажлын байрныхаа гадаа дугуйгаа тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлнө. Унадаг дугуйг хулгайд алдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулсан байгаа аж.



