Хишигтэн цэрэг ХЭВТҮҮЛ
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
9 дүгээр бүлэг. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
Чингис хаан “надад... бүгд түмэн хүн болгож өгтүгэй. Ноёдын хөвүүн хийгээд сул (чөлөөт) хүний хөвүүдийн дотороос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай! ...Энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя. Бидний дэргэд дотно явж, суралцья гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай! Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай! Бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё” гэж зарлиг болов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. (224, 225, 226) Хэвтүүл шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг товшин цавчиж хаятугай. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. ...Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү? (229)
Монголын төрийг “ШӨНӨ” нөмөрчээ
Муу муухай, хулгай дээрэм гэрэл гэгээгүй газар л гаардаг. Шөнө оройн цагаар муу явдалт хүний хөл хурдасч, хуруу гар уртасдаг гэлцдэг. Монголын төрд шөнө иржээ.
Төрийн алба зарах сэдэлтэй 60 тэрбумын гэх бүлэг, тэдний үр могой болсон ЖДҮ сангаас хулгайлагч нөхөд Монголын төрийг хулгайч дээрмчдийн оромж болголоо. “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэдэгчилэн 60 тэрбумаар төр хулгайлж 65-уулаа их хуралд суусан МАНгасууд хулгайлах мөнгөө булаацалдан өөр хоорондоо муудалцахдаа ялсан нь баатар гэдэг зарчмаар өөрсдийн хувийн шударга ёсоо хуулийн дээр зарлаж, сүүлийн хэдэн сард ард түмний нэрээр, Засгийн газрын мөнгөөр сандал суудлын төлөө жагсаал, цуглаан хэрхэн хийж болдгийг харууллаа. Өнгөрсөн өдрүүдэд ямар олон гэмт хэрэг ил болов?
Нэг нэгнийхээ үйлдсэн гэмт хэргийг УИХ-ын танхимд хууль тогтоогчид нүүр нүүрээ харан суунгаа, барин тавин ярьж, хажууд нь өөрсдөө байсан гэх шахуу баталж, бараг л шүүхэд гэрчилнэ гээд ам тангараг өгөв. УИХ, Засгийн газарт хамгийн өндөр хариуцлагатай ажил хийдэг хүмүүс “намын бага хурал” нэрээр цуглаж хуралдаад тэдний нам нь 60 тэрбумаар төр наймаалцаж, хууль бусаар улсын толгойд гарч, авлигаар зайдлан сууснаа хүлээн зөвшөөрөлцөв. МАНАН бүлэглэл, 60 тэрбумынхантай тэмцэнэ хэмээн иргэдээ уухайлж, нэхүүлдсэн УИХ-ын гишүүн ардын баатрууд маань нэхэж авсан албан тушаал, ханцуй дотороо солилцсон эд хөрөнгөндөө нүд нь сохорч, ам нь үдэгдээгүй байгаа гэх хүлээлт иргэд бидний сэтгэл болон Сүхийн талбайд байсаар.
Ядаж явахад яр гэгчээр үнэн мөнийг тогтоож, асуудлыг мухарлана гэсэн “ШОДОРГО” гишүүд маань иргэдийнхээ өмнүүр ороод, дээгүүрээ хуваагаад ЖДҮ гэх шуналын халдварыг хүртчихэж. Ичсэн хүн хүн ална гэгчээр ЖДҮ хулгайлчихсан гишүүн дарга нар маань мөнгө олж байвал улсаа зарсан ч яахав хэмээн ШХАБ руу шарваганаад эхэллээ.
Одоогоос яг 100 жилийн өмнө баяд, ноёд Монгол Улсын өөртөө засах эрхийг өмнөд хөршид худалдан устгах тэр үед ард түмэн ийм нэгэн дуу дуулан уурсаж байв:
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан ноёд гуай
Тэвэр тэвэр мөнгөөр
Төрөө зарсан түшмэл гуай
Мөнгөний төлөө нүдээ ухаад, ухаанаа харанхуйлчихсан ноёд, эрх ямбатнуудын муу муухайг тэвчихээ байгаад арга ядан дуулж, боссон ард түмэн Ардын засаг байгуулж, авлигачид ноёдоо төрийн толгойноос авч хаясан түүх 100 жилтэй золгох гэж байна. Гэтэл ЖДҮДС-гаас хулгайлсан сүрэг хулгайчдынхаа барьцаанд орсон УИХ, ЗГ өнөөдөр “хувьсгал хийхэд хууль хэрэггүй”, “шодорго ёс, сэтгэл зүрх байхад байхад хуулиар яахав” хэмээн хүчирхийлж, номгүй газрын чөтгөр, хуульгүй газрын хулгайчид нь ШХАБ-д элсэх нэрээр улсаа зарахаар улайран сурталдах боллоо. Монголын төрийг шөнийн харанхуй нөмөрч байна.
Баримт сөхвөл: Өнгөрсөн 2017 оны намар 2018 оны төсвийг хэлэлцэж байх үеэр тухайн үед шинээр томилогдсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хорооны хуралдааны үеэр “ЖДҮХС-гийн нэртэй, гишүүн бүрт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн 72 тэрбумын асуудал байна. Үүнийгээ болиод төрийн албан хаагчдад тараах мөнгөний асуудлаа шийдчихье” гэхэд “Намын бүлэг дээр тохирсон . Нам дээр асуудлаа шийдье” гээд алга болсон. 2018 оны төсөвт түүнийгээ суулгаж, олноороо ЖДҮ дэмжих сангаас 950 сая төгрөгөөр дундажлан хулгайлжээ. Хамгийн сонирхолтой нь гишүүн бүрт биш. Харин тухайн үеийн Засгийн газрыг дэмжиж, хамгаалсан гишүүддээ хуваарилан авлигаджээ.
ЖДҮДС-ийн зээлд хамрагдахаар хүсэлт өгч төсөл нь шалгарсан жирийн иргэдийн 360 гаруй аж ахуйн нэгжид санхүүжилт байхгүй гэх үндэслэлээр өгөөгүй атлаа Засгийн газар, УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамаарал бүхий 120 гаруй аж ахуйн нэгжид “мэдээлэлд ойр” гэх нэрийн дор мөнгө шийдүүлэн авсан байна. Энэ үйлдэл бол санхүүгийн луйвар төдийгүй, найман жил хүртэл хорих ялтай албан тушаалын гэмт хэрэг мөн. Хамгийн аюултай нь эртнээс төлөвлөж, хууль, журмыг нь өөрчилж, зохион байгуулалттайгаар ийм олноороо, сүрэглэн оролцсон, түүнд нь намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, улсын ерөнхий аудитор, прокурор гээд эрх мэдэлтэй, нөлөөтэй хамтрагч, хамжигчидтай ийм гэмт хэрэг өмнө нь Монголд гарч байгаагүй билээ.
Монгол Улсын Ерөнхий прокурорын хэлсэн үгийг саная: “Энэ гэмт хэргийн ашгийг хүртсэн хүмүүс чуулганы танхимд сууж байхад та нарын заавраар гарын үсэг зурж ажилласан хүмүүс нь Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Энэ шударга ёс уу. Шударга ёс ярьж байгаа бол энэ танхимаасаа эхлэх ёстой”
60 тэрбумын хуйвалдаан шиг бузар үзэгдэл дахин монголын төрд гарч болохгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Ийм зүйл бодитой болсон учраас энэ хүнд хариуцлага тооцох ёстой” гээд өмнөх намын даргаа энэ үндэслэлээр албан тушаалаас нь буулгачихлаа. Худал хэлэх эрхгүй байх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Энэ үнээн. Би хажууд нь хараад сууж байсан” гээд хэлчихлээ. Өнөөдөр хамгийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд МАН-ын бага хурал гэх нэрээр цуглаж суугаад “Энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Манай нам санхүүгийн ийм схем зурж УИХ-д 65 суудал авсан нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Нам дотроо байгаа хүмүүс нь барин тавин хэлээд байхад түүнийг нь гүйцэлдүүлсэн, хэрэгжүүлсэн хүмүүс ар араасаа хууль, шүүхийн байгууллагад очих ёстой.
60 тэрбумынханы үр могой нь ЖДҮ хулгайчид мөн. Тиймээс УИХ-ын 60 тэрбумын луйвар, Засгийн газрын ЖДҮ хулгай бол ялгаж салгах аргагүй авлигын мөнгөний хоёр тал, улсаа зарах ШХАБ урвагчдын орогнож буй оромж билээ.
Монголын төрийг “ХАРАНХУЙ ШӨНӨ” нөмөрчээ!
Хулгай харанхуй ноёлсон шөнийн цагт хууль сахиулж, хулгайч урвагчийг хэвтүүлэх үүрэг ХЭВТҮҮЛД бий.
Хулгайч нь нүүрээ цайлгаж, төр сандайлах бус дээлээ нөмөрч, хуулийн өмнө хэвтдэг улсад л ирээдүй бий. Тиймээс Чингисийн ИХ ЗАСАГ лугаа хуулиа хамгаалж, түүхийн ХЭВТҮҮЛ лугай хулгайчдаа дарах цаг болжээ!
Хар бараан хүч нөмөрч, хулгай, тонуулд өртсөн улс гэрээ цэвэрлэж хулгайчдыг хуулийн өмнө аваачиж хариуцлага нэхэн хэвтүүлэх цаг иргэн та бидний хувьд нэгэнтээ иржээ. Монгол хүн та толгой дээрээ гаргасан хулгайчдаа буулган хуулийн өмнө хэвтүүлэх энэ цагийн ХЭВТҮҮЛ билээ.
ХЭВТҮҮЛ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЦГЭЭЕ!

ХЭВТҮҮЛ ХӨДӨЛГӨӨН - Эрүүл ухаан, хуулийн засаглалыг хамгаалах хүсэлтэй иргэд бидний сайн дурын нэгдэл



