Өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 23-ны орой ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хоригдоод байсан гавьяат хуульч Л.Бямбаа хорих байранд амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. ШШГЕГ-ын зүгээс уг хэргийг Л.Бямбаа нь өөрийнхөө хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн гэж мэдэгдээд байгаа. Түүнийг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан билээ.
Шүүхийн захиргааны байгууллагад 30 гаруй жил ажилласан гавьяат хуульч Л.Бямбаа нь тэтгэвэртээ гарснаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж, цагдан хоригдож байсан юм.
Цагдан хорих байранд шүүгч амь насаа алдсантай холбоотой өнөөдөр 11.00 цагаас Үндэсний мэдээллийн төвд хуульчдын төлөөлөл мэдээлэл хийхээр болсон байна. Мөн энэ асуудлаар “Иргэний шударга шүүх” ТББ-аас ҮАБЗ-д шаардлага хүргүүлэхээр 11.30 цагаас хоёр дахь хэвлэлийн хурлыг зарлалаа.



