Өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн “Ар-Үзүүр” гэдэг газар таван зорчигчтой суудлын автомашин хатуу хучилттай авто замын хажуу руу онхолдсоны улмаас нэг хүн амиа алджээ.
Ослын тухай дуудлагыг хоёрдугаар сарын 25-ны 01:05 цагт хүлээн авсан байна. Ослын талаар тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Соната-6” загварын автомашин онхолджээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашинтай ажиллаж, иргэн Б /29 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/, Ү /28 настай, эрэгтэй/, А /25 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргүүлсэн байна.
Харин иргэн Г /24 настай, эрэгтэй/ амиа алдсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



