13 настай охиныг "Очир" төвд хөнөөсөн Б.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Уг гомдлыг өнөөдөр тус шүүх хэлэлцэж, өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдлээ.
Шүүгч "Б.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар хорих ял оноосон нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна" гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн хэрэг хянан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Иймд БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөлөх М.Амарболдын өмгөөлөгчийн гомдол, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах Б.Жавхлангийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүгдэгч Б.Жавхлангийн ар гэрээс гэм хорын хохирол 600,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лхагвасүрэнд төлсөн байна.
Давж заалдах шатны шүүх Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй" гэлээ.
Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь чанга дэглэмтэй ангид хорих ял эдлүүлэх шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.



