“Оюутолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажлын байрны тэгш бус байдлын талаар тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Дэлгэрхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ц.Дэлгэрхүү: 2017 оны зургадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд “Оюутолгой” компанийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээг АШУҮИС-ийн дэргэдэх Эрүүл мэнд, орчин судлалын институтээр хийлгэсэн. Тус байгууллагаас гаргасан тайланг үндэслэн “Оюутолгой” компани өөрсдийн ажилчдын хэвийн бусын үнэлгээг хассан. Үүний дараагаар манай гишүүдээс удаа дараа гомдол, өргөдөл ирсэн. Гомдлын дагуу судалсны эцэст Эрүүл мэнд, орчин судлалын институт нь хэвийн бус, хортой ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрхтэй байгууллага биш гэдгийг тогтоосон.
Бид “Оюутолгой” компанийг шийдвэрээ эргэн харахыг хүсч хүсэлт гаргасан ч, хүлээж аваагүй. Удирдлагуудын зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас уг асуудал үүссэн гэх тайлбарыг өгөөд байна. Харин үнэлгээ гаргасан байгууллага бидэнд “Бидний гаргасан үнэлгээ ажилчдын цалинг хасах үндэслэл болохгүй, харин ч хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах дүгнэлт болж очдог” гэсэн тайлбарыг хийсэн.
Тиймээс Оюутолгой компани Монгол Улсын хууль тогтоомжийг үл хайхран зардал хэмнэх ажлынхаа хүрээнд монгол ажилчдын хэвийн бус үнэлгээг хассан дүр зураг гараад байна. Энэ нөхцөл байдлыг бид сүүлийн зургаан сар компанийн удирдлагуудад мэдэгдсэн ч шийдэлд хүрч чадсангүй. Иймээс бидний зүгээс ээлжит арга хэмжээ болох хөдөлмөрийн хамтын маргаан гэх процесс үүсгэж эхэлсэн.
Энэ талаар СБД-ийн Засаг даргад өргөдөл өгсөн юм. Үүний дагуу хөдөлмөрийн зууч томилж, дараагаар нь хөдөлмөрийн арбитр томилсон боловч Оюу Толгой компани огт оролцоогүй. Харин ч СБД-ийн Засаг даргыг үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн гээд нийслэлийн захиргааны шүүхэд гомдол гаргаад байна. Иймэрхүү байдлаар бидний тэмцлийн арга хэмжээг няцаасаар байна. Монгол хүн хэвийн бус нөхцөлд ажиллан, тодорхой хэмжээгээр бие организм нь хордож, түүнийхээ нөхөн төлбөрийг илүү зардал гэж буцаан татаж байгааг эсэрүүцэж байна" гэв.
Оюутолгой компани хуурамч дүгнэлтээр ажилтнуудын цалинг хасч байгааг эсэргүүцэж байгаагаа тэд илэрхийлэн, СБД-ийн Иргэний анхан шатны шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргана гэлээ.



