Авто тээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, "Таксийн үйлчилгээний ерөнхий шаардлага" стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа тухай өмнө мэдээлсэн.
Шалгалтын хүрээнд авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцсон юм байна.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасны дагуу нэг аж ахуйн нэгжид 1,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн зургаан иргэнд 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан тухай өчигдөр Нийслэлийн тээврийн газраас мэдээлсэн.
Гэвч энэ мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруйд Зам тээврийн хөгжлийн яамнаас иргэнд торгууль оногдуулах ажиллагааг зогсоожээ. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой Засгийн газар хуульд заасан арга хэмжээ авахаас татгалзсан гэсэн үг. Ингэхдээ “Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу” гэсэн байна. Уг мэдээлэл цацагдсаны дараа олон нийтийн дунд гарсан эсэргүүцэл, шүүмжлэлээс болсон биз. Тэгвэл 2017 онд Зөрчлийн тухай хуулийн баталж байх үед тус яам юу хийж байсан хэрэг вэ? Ингэхэд хуулийг хэрэгжүүлэх, үгүйг нэг яамны сайд шийддэг үү?
Б.ЗАЯА



