Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн сард тохиосон билээ. Ойн хүрээнд Британийн Элчин сайдын яамнаас олон арга хэмжээ зохион байгуулсны хаалт болгож GREAT компанит ажил Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний аялал боллоо. Хоёр улсын төрийн далбаагаар чимэглэсэн галт тэрэг энэ сарын 19-нөөс 23-ны хооронд тус чиглэлд аялах юм.
Хоёр улс найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд нийгэм эдийн засаг, соёл боловсрол, аж үйлдвэр зэрэг олон салбарт амжилттай хамтран ажиллаж байна.
Энэ жил Их Британийн Ерөнхий сайд Монгол дахь худалдааны элчийг томилохын зэрэгцээ Их Британийн экспортын болон санхүүжилтийн байгууллага Монгол руу бараа экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдэд хоёр талын зээлийг нэмэгдүүлсэн зэрэг арга хэмжээг авчээ. 1963 онд хоёр улс харилцан тохиролцож элчийн сайдын яамаа нээсэн нь манай улсын хувьд барууны улстай харилцаа тогтоосон анхны тохиолдол болсон юм.
Британийн Элчин сайдын яамнаас технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээг зохион байгуулан явуулсан ба мөн Дархан, Эрдэнэт хотуудад боловсролын өдөрлөг, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах арга хэмжээ, Сэлэнгэ аймагт Британи үүлдрийн мал аж ахуй эрхлэгчидтэй уулзах зэрэг ажлуудыг ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.




