Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замыг өнөөдөр нээлээ. “Оюу толгой” ХХК-иас 46 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан тус замыг Өмнөговь аймгийн 2018 оны “Шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар шалгаруулсан байна.
Өнгөрөгч арванхоёрдугаар сард ЗТХЯ-наас Ханбогд-Оюутолгой чиглэлийн замтай танилцаж, замын ажил, тэр дундаа тэмдэг тэмдэглэгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна хэмээн сайшааж, Улсын комисс хүлээн авсан юм. Хоёр жил гаруй үргэлжилсэн замын ажлын гүйцэтгэгчээр үндэсний 26 компани ажилласнаас “Арж зам”, “Анандын зам”, “Заг инженеринг”, “КАСМС” компаниуд голлон гүйцэтгэжээ. Удаа дараа үерлэн, барилгын ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн ч хүн хүч, техникийн хүртээмжийг нэмэгдүүлж, хугацаанд нь, чанартай гүйцэтгэж чадсан хэмэн орон нутгийнхан ам сайтай байна.
Замын ажлын ид ачааллын үед төслийн талбайд өдөрт 550 гаруй ажилчин, 170 гаруй машин механизм ажиллаж, 2800 м хүртэл асфальт бетон дэвссэн нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт болжээ.



