Хоёрдугаар сарын 12-ны өдөр KFC-гийн салбараас "Найзууд" багц захиалж идсэн таван хүн хордлого авч бүгдээрээ ХӨСҮТ-д хүргэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал н.Тунсагаас тодруулахад "Хордлого авсан таван хүний талаарх мэдээллийг ЭМЯ, НМХГ-т хүргүүлсэн. Энэ талаар манайхаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Харин НМХГ-аас "Хан-Уул дүүргийн Зайсангийн KFC-д уг үйл явдал болсон бөгөөд цуг явсан таван хүн тус газрын "Найзууд" багцаас хордлого авсан. НМХГ тус салбарын бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид хүргүүлээд байна. Шинжилгээний хариу тав хоногийн дараа гарна. Одоогоор Зайсан дахь KFC-ийн салбарыг үйл ажиллагааг НМХГ-аас түр зогсоогоод байна" гэдэг мэдээлэл өглөө.
“КFC”-ээс хордлого авсан таван хүн нэг гэр бүлийнхэн байжээ. Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 10-наас эхлэн тус тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн зарим иргэд халуурах, бөөлжих, суулгах зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна.
KFC сүлжээ ресторан нь дэлхийн 120 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол дахь KFC сүлжээ ресторан нь 2013 оны тавдугаар сард нээгдэж, одоо нийт 11 салбар үйлчилж байгаа аж.



