Шинийн 4-ний өдөр буюу энэ сарын 8-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт "чоно орж ирлээ" гэсэн дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай очсон байна. Уг "чоно"-ыг барьсны дараа МУИС-ийн Биологийн тэнхимээр чоно мөн эсэхийг тодорхойлуулсан аж.
Гэвч тус тэнхимийнхэн өнгө зүсээрээ чонотой төстэй уг "араатанг" толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн нохой болохыг тогтоосон байна.
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга: "Энэ явцад Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн зүгээс 2018 оны есдүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсаны дагуу манай байгууллагад хандсан юм. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн сая хүлээлгэн өглөө. Энэ дашрамд энгийн иргэд ялгахад бэрх нөхцөлд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дуудлага өгсөн иргэн, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн цагдаагийн албан хаагчдад талархал илэрхийлье. Ижил төрлийн дуудлага бүрд шуурхай ажиллаж амьтан хамгааллын ажлыг явуулж байх болно" гэжээ.